Солонгосын дайны 70 жилийн ойг тэмдэглэх хүрээнд Орос, Хятадын албаныхныг Хойд Солонгост урьсан байна. Урилгын дагуу ОХУ-ын батлан хамгаалахын сайд Сергей Шойгу, Хятадын Коммунист намын Улс төрийн товчооны гишүүн Ли Хунжун тэргүүтэй дипломат төлөөлөгчид Пёньянд айлчилжээ. Тэд маргааш болох Хойд Солонгосын "Ялалтын өдөр"-ийн арга хэмжээнд оролцох юм.
Оросын Батлан хамгаалах яам болон Пёньяны хэвлэл мэдээллийн хэрэгслээр, Шойгуг Хойд Солонгосын батлан хамгаалахын сайд Кан Сун Нам, ОХУ-ын Элчин сайд Александр Мацегора нар нисэх онгоцны буудалд угтан авч байгаа дүр зургийг нийтэлжээ.
Солонгосын дайнд оролцогч талууд 1953 оны долдугаар сарын 27-нд гал зогсоох гэрээ байгуулсан өдрийг Пёньян "Ялалтын өдөр" болгон тэмдэглэдэг ч энхийн гэрээ байгуулаагүй тул дайн дуусаагүй гэж үздэг. 70 жилийн ойг тэмдэглэх хүрээнд Хойд Солонгос нь сүүлийн үеийн зэвсэглэл, цэргийн сүр хүчээ гайхуулсан томоохон парад зохион байгуулна гэж ажиглагчид харж байна. Парадад 15 мянга хүртэл тооны цэрэг оролцож, цөмийн хүчин чадалтай зэвсэглэлүүдээ харуулна гэж Сөүл дэх Хойд Солонгосын судалгааны их сургуулийн профессор Ян Мү Жин тайлбарлав.
Энэхүү арга хэмжээгээр Солонгосын дайнд Пёньяныг дэмжин тулалдсан Орос, Хятадын гавъяаг онцлон харуулах боломж гэж үзэж байгаа аж. Сүүлийн долоо хоногуудад хиймэл дагуулаас авсан зургуудаас харвал, Ким Ил Суны талбайд хүмүүс "70" гэсэн тоо болон бусад уриа лоозон барин дадлага хийж байгааг харсан гэж Цөмийн зэвсгийг дэлгэрүүлэхгүй байх судалгааны Жеймс Мартин төвийн судлаач Дэйв Шмерлер хэлэв.
ЭХ СУРВАЛЖ: REUTERS
Холбоотой мэдээ