Замын-Үүд-Улаанбаатар чиглэлийн галт тэргээр зорчиж байсан хүмүүсийг борооны улмаас далан сэтэрч, шилжүүлсэн талаар иргэд цахим хуудастаа бичиж байна. Тодруулбал, шөнөжин орсон бороонд Агуйт Наран-Элгэн хоёрын дунд буюу замын 599 дүгээр км-т төмөр замын далан сэтэрч, галт тэрэг зорчих боломжгүй болжээ. Үүсээд байгаа нөхцөл байдал дээр төмөр замынхан шуурхай ажиллаж, сэтэрсэн даланг нөхөх ажлыг хийж гүйцэтгэж байгаа аж.
Нийт 900 орчим зорчигчийг эвдэрсэн хэсэгт автобусаар зөөвөрлөж, өөр галт тэргэнд суулгаж эхэлжээ. Одоо сүүлийн зорчигчдыг авчраад вагон хөдөлнө гэдгийг мөн албаныхан мэдэгджээ.
Зорчигчдын дунд яаралтай хагалгаанд орох нэг, гадагшаа нислэгтэй гурав, бусад яаралтай ажилтай гурван хүнийг хотруу яаралтай хүргэх ажлыг мөн зохион байгуулсан байна. Хувийн болон бусад унаагаар явах хүмүүсийн галт тэрэгний зардлын зөрүүг өгөх аж.
Улаанбаатар төмөр зам ХНН-ээс гаргасан мэдэгдэлд, Говьсүмбэр, Төв аймгийн нутгаар орсон хүчтэй аадар борооны улмаас 2023 оны долдугаар сарын 25-ны 23:30 цагт Агуйт-Наран-Элгэн хоорондын замын 559-р км-ийн нэгдүгээр зуутад төмөр замын ул шороо үерийн усанд угаагдсан тул тус хэсгийн галт тэрэгний хөдөлгөөнийг түр хязгаарлаж, замыг сэргээн засах ажлыг эхлүүлээд байна.
Улаанбаатар-Сайншанд чиглэлийн зорчигчийн 286-р галт тэрэг, Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн зорчигчийн 44-р галт тэрэгний болон Сайншанд-Улаанбаатар чиглэлийн 285-р галт тэрэг, Замын-Үүд–Улаанбаатарын чиглэлийн 275-р галт тэрэгний хөдөлгөөнийг Агуйт, Наран-Элгэн зөрлөг дээр зогсоож, зорчигчдыг шилжүүлэн суулгаж, үргэлжлүүлэн аялуулах ажлыг шуурхай зохион байгуулж байна гэжээ.
Холбоотой мэдээ