ШЕЗ: УИХ-ын гишүүдтэй холбоотой нүүрсний хэрэг шүүхэд шилжиж ирээгүй

Хуучирсан мэдээ: 2023.07.26-нд нийтлэгдсэн

ШЕЗ: УИХ-ын гишүүдтэй холбоотой нүүрсний хэрэг шүүхэд шилжиж ирээгүй

ШЕЗ: УИХ-ын гишүүдтэй холбоотой нүүрсний хэрэг шүүхэд шилжиж ирээгүй

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс өнөөдөр /2023.07.26/ шүүхийн 2023 оны эхний хагас жилийн шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээг танилцууллаа.


Шүүх байгууллага нь энэ оны хагас жилийн хугацаанд авлигын 153 хүнд холбогдох 61 хэргийг хянан шийдвэрлэжээ. Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн хүнд оногдуулсан ялын хүрээнд нийт нэг тэрбум 102 сая 544 мянган төгрөгийг улсын төсөвт оруулахаар шүүхээр шийдвэрлэсэн байна.

Авлигын гэмт хэргээр ял шийтгүүлэгчдийн 52.9 хувь нь төрийн албан хаагч, 71.9 хувь нь 31-50 настай иргэн байна. Дээрх гэмт хэрэгт ял шийтгүүлэгчдийн хоёр хүн тутмын нэг нь төрийн албан хаагч аж.

Нийслэлийн прокурорын газраас нүүрсний гэх тодотголтой хэргийг танилцуулбал, 63 хүнд холбогдох 8 хэрэг анхан шатны шүүхэд иржээ. Үүнээс 33 хүнд холбогдох таван хэргийг анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн, 30 хүнд холбогдох гурван хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байна.

Нүүрсний хэрэгт холбогдуулан 37 хүнд таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. Давхардсан тоогоор 6 хүнд тодорхой үйл ажиллагаа явуулах, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх, 26 хүнд хязгаарлалт тогтоох, 16 хүнд цагдан хорих арга хэмжээ авчээ.

Давж заалдах шатны шүүхэд 10 хүнд холбогдох 2 хэрэг ирснээс 5 хүнд холбогдох 1 хэргийг шийдвэрлэж 5 хүнд холбогдох 1 хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байна.

Нүүрсний хэргийг шүүхэд шийдвэрлэгдсэн байдлаар нь:

-Өмнөговь аймгийн Ханбогд сум дундын шүүхэд нүүрсний гэх гурван хэргийг шүүхээр шийдвэрлэсэн.

-Сонгинохайрхан дүүргийн анхан шатны шүүхэд нэг хэрэг,

-Баянгол дүүргийн анхан шатны шүүхэд нэг  хэрэг буюу нийт таван хэрэг шүүхээр шийдвэрлэгдсэн. Энэ хэрэгт төрийн өндөр албан тушаалтанд холбогдуулан шийдсэн хэрэг байхгүй аж. Оногдуулсан ял шийтгэлийн хувьд дийлэнхэд нь торгох ял оногдуулж нийтийн албанд томилогдох эрхийг хасах ял оногдуулсан.

“АВЛИГА ХОРООЛОЛ”-ТОЙ ХОЛБООТОЙ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЭЛ ШҮҮХЭД БАЙХГҮЙ

Сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-УИХ-ын нэр бүхий гишүүдтэй холбоотой хэрэг шүүхийн шатанд ирсэн үү?

-УИХ-ын нэр бүхий гишүүдтэй холбоотой хэрэг шүүхэд ирээгүй, эцэслэн шийдээгүй. Шүүхийн өмнөх шатанд явж буй мэдээллийг ШЕЗ-өөс өгөх боломжгүй.

-“Авлига хороолол”-ын газартай холбоотой хэрэг шүүхийн шатанд ирсэн үү?

-“Авлига хороолол” баригдаж буй гэх асуудалд шүүхийн байгууллага тухайн барилгын зөвшөөрөл, газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон мэтээр зохион байгуулалттайгаар олон нийтийн сүлжээгээр шүүхийн үйл ажиллагаанд хөндлөнгөөр оролцох үйл ажиллагаа явагдсан. Тус мэдээлэл гарсан даруйд шүүхийн шийдвэрийн тоймыг мэдээлсэн. Тус гүтгэлгийн шинжтэй үйл ажиллагаа зогсоогүй байгаа учраас шат шатандаа ямар байгууллага олгосон талаар мэдээлье.

Нэг зүйлийг тодотгож хэлэхэд Монгол Улсын шүүх нь иргэн хуулийн этгээдэд газар эзэмших, ашиглах, барилга байгууламж барих олгох хуулийн эрх хэмжээ байхгүй. Энэ нь шат шатны төрийн захиргааны байгууллагын эрх хэмжээнд хамаарна.

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт харьяалагдах авлига хорооллын газар байгаа. “Э… ХХК”-д НЗД-ын А/1111 дугаар захирамжаар зориулалт нь үйлчилгээ, усан парк спорт цогцолбор барих зөвшөөрөл олгосон. Мөн уг захирамжид өөрчлөлт оруулж, хүчингүй болгох захирамжийг НЗД-ын А/1155 захирамжаар хүчингүй болгож шийдвэрлэсэн. Энэ захирамжийг эс зөвшөөрч нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Усан парк болгох захирамжийг хүчингүй болгох захирамжийг шүүх шийдсэнээс биш ямар нэгэн байдлаар хуулийн этгээдэд газар олгосон асуудал байхгүй.

2018 оны Нийслэлийн Засаг даргын А/111 захирамжаар олгосон зориулалт нь усан парк, үйлчилгээний газар олголт нь хэвээр үлдсэн гэсэн үг. Анхан шатны шүүхийн шийдвэр гарсны дараа хариуцагч буюу Нийслэлийн Засаг дарга давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаагүй учир тус шийдвэр хүчин төгөлдөр болсон. Дараа нь Нийслэлийн Засаг даргын 2020 оны нэгдүгээр сарын 11-ний өдрийн А/117 дугаар захирамжаар тус газрын зөвшөөрлийг худалдаа үйлчилгээ, орон сууц, цогцолборын зориулалтаар өөрчилж шийдвэрлэсэн. Харин барилга байгууламж барих зөвшөөрлийг Барилга хот байгуулалтын яамнаас 2022 оны долдугаар сарын 7-ны өдөр өгсөн.

-Т.Бадамжунайн хэргийн талаар мэдээлэл өгөөч?

-Яллагдагчийн өмгөөлөгч яллагдагчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх хүсэлтийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны долдугаар сарын 7-ны өдөр ирүүлснийг хүлээн авч хянан хэлэлцээд өмгөөлөгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн. Яллагдагчийг зайлшгүй цагдан хорих үндэслэл буюу энэ хэргийг бусад хүмүүст нөлөөлөх болон мөрдөн байцаалтад саад учруулах зэрэг нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзэн эрүүл мэндийн шалтгаанаар хилээр гарахыг хязгаарласан. Т.Бадамжунайн хэрэг мөрдөн байцаалтын шатанд байгаа хэрэг.

-“Найман ишигний” хэргийн талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Хэвлэл мэдээллээр гарсан “найман ишигний” гэх хэрэгт олон тооны мал бүлэглэн хулгайлсан буюу хэргийн оролцогч нар нийтдээ 56 бог мал хулгайлсан шүүхийн шатанд тогтоогдсон. Энд ямар нэгэн 8 ишигтэй холбогдуулж зөвхөн ял шийтгэл оногдуулсан асуудал байхгүй. Давж заалдах шатны шүүх хурал ирэх сарын 2-ны өдөр товлогдсон. Хэвлэлийнхэнд нээлттэй.

-Ч.Маралмаад нь энэ сарын 24-ны өдрөөс зорчих эрхийн хязгаарлах үйлчилж байгаа.

-Ц.Хулангийн хэрэг нь төрийн нууцтай холбоотой учраас хуулиараа мэдээлэл өгөх боломжгүй. Шүүх хавтаст хэргийн хүрээнд шийдсэн.

Шүүхийн хагас жилийн тайланг эндээс харна уу.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж