Хятадын өсч буй од гэгдэж байсан Гадаад хэргийн сайд Цин Ган олны нүднээс алга болсноос хойш нэг сарын дараа дээд дипломат Ван Иг тус албанд буцаан томилох шийдвэр гаргалаа. Хятадын дарга Ши Жиньпиний итгэлт хүн гэгддэг Цин Ганыг үүрэгт ажлаа хүлээн авснаас хойш хагас жилийн дараа огцруулав. Өмнө нь АНУ-д суух Элчин сайдаар ажиллаж байсан, 57 настай Цин Ган өнгөрсөн арванхоёрдугаар сард Хятадын гадаад хэргийн сайдаар томилогдсон.
Гэвч тэрбээр зургадугаар сарын 25-ны өдөр Бээжинд айлчилж буй гадаадын дипломатуудтай уулзсанаас хойш олны өмнө гараагүй юм. Хятадын Гадаад хэргийн яамнаас түүнийг эрүүл мэндийн шалтгаанаар ажлаасаа гарсан гэж мэдэгдсэн ч тодорхой мэдээлэл өгөөгүй байна.
Энэ нь Вашингтон стратегийн гол өрсөлдөгчтэйгээ тогтвортой харилцаа тогтоохын тулд хуучин танилтайгаа харьцана гэсэн үг. Ван Игийн хувьд хурц ухаантай, заримдаа Хятадын байр суурийг түрэмгийлэн хамгаалдаг гэдгээрээ алдартай бөгөөд олон жилийн турш АНУ-Хятадын харилцаанд чухал байр суурь эзэлсээр ирсэн. Гэвч Ван И сүүлийн 10 жилийн ихэнх хугацаанд хашсан албан тушаалдаа эргэн ирсэн нь хоёр улсын харилцааны зөрчлийг өөрчлөх эсвэл Ши Жиньпин даргын засгийн газрын үйл ажиллагааны тодорхой бус байдлын талаарх санаа зовнилыг арилгах магадлал бага гэж үзэж байна.
Хятадын улс төрийн системд дээд дипломат нь Гадаад хэргийн сайд биш, харин Хятадын Коммунист Намын гадаад харилцааны комиссын захирал байдаг тул Ван И энэ үүргийг үргэлжлүүлэн гүйцэтгэх болно.
Вашингтоны Стратегийн болон олон улсын судалгааны төвийн Хятад улсын мэргэжилтэн Жуде Бланшетт хэлэхдээ, Ван И тус улсын гадаад бодлогын хоёр дээд албан тушаалыг давхар хаших болсон нь АНУ-ын харилцаанд хүнд суртлын давхаргыг арилгана гэж үзэж байна. Коммунист намын 24 хүний бүрэлдэхүүнтэй эрх баригч Улс төрийн товчооны гишүүний хувьд Ван И өмнөхөөсөө илүү Хятадын дээд удирдагчидтай ойр харьцдаг дипломат болсон.
ЭХ СУРВАЛЖ: REUTERS
Холбоотой мэдээ