Сэлбэ голын урсацыг S Outlet боож байгаа VS боогоогүй

Хуучирсан мэдээ: 2023.07.26-нд нийтлэгдсэн

Сэлбэ голын урсацыг S Outlet боож байгаа VS боогоогүй

Сэлбэ голын урсацыг боогдуулж,  S Outlet дэлгүүрийг барьснаас үерээс хамгаалах далан сэтэрч, олон арван барилга усанд автаж, иргэд, аж ахуй нэгж эд хөрөнгөөрөө хохирсон тул тус барилгыг буулгана гэж Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар мэдэгдээд буй.

Харин S Outlet дэлгүүрийг  S sign ХХК эзэмшдэг бөгөөд төр өөрөө бүх зөвшөөрлөө олгочихоод буулгана гэх нь буруу. Сэлбэ гол руу шахаж барилгаа барьсан компани нь манайх биш далангийн цаад талд барилга барьсан компаниуд гэж S Outlet дэлгүүрийн менежер Ч.Мөнхтөр тайлбар хийгээд буй.  Иймд талуудын байр суурийг энэ долоо хоногийн "VS" буландаа онцолж байна.


Д.СУМЪЯАБАЗАР:
Улаанбаатар хотын захирагч

-S Outlet  Сэлбэ голыг 6 метр хүрэхтэй үгүйтэй болтол нь шахсан байгаа. Түүнээс болж,  Сэлбэ гол даланг хальж, давсан асуудал үүссэн. Тэндээс үүдээд Сүхбаатар дүүргийн Таванбогд, цаашлаад Хүүхдийн парк, наашлаад Баянгол зочид буудал руу ус хальж орж ирэхээр байгаа.

Энэнд хууль хяналтын байгууллагатай нийлж, цэг тавих ёстой гэж үзэж байгаа.

Хариуцлага ч тооцно. Гол дотор 50 метрийн бүс дотор барилга барихыг хориглодог. Тийм учраас буулгана. Хууль байгаа л юм бол буулгаж л таараа шүү дээ.  50 метр дотор барилга барьж болохгүй гэхэд  шахаж оруулж ирээд барилга бариулсан хүмүүсээс нөхөн олговрыг авъя л даа. Барилга барих зөвшөөрөл өгсөн, барилга барьсан хоёроос нөхөн олговор авъя л даа. Тэд нар яахаараа хуулийн дээр гишгэлж бид нарын дээр сандайлж суух ёстой юм. Яахаараа тэд нарын өмнөөс бид нар иргэдийнхээ өмнө хавчигдаад сууж байх ёстой юм.

Энэ цаг үед засахгүй бол цаашдаа дийлэхгүй шүү.  Хэрвээ би нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, Засаг дарга байсан бол мэдэхгүй.  Би ингэж ажиллаж чадахгүй байх гэж бодож байна. УИХ-д гурван удаа сонгогдсон, Засгийн газрын гишүүн хийж байсан юм, бас нэг улс төрд яваа хүний хувьд эд нартай үзээд байх арга замыг мэдээд байгаа учраас айгаад зугатаагаад байх зүйл байхгүй. Иргэдийн хүсч байгаа зүйл юу байна, тэр хүртэл явна.

Ч.МӨНХТӨР:
S Outlet дэлгүүрийн менежер

-Энэ барилга 2015 онд баригдсан. Тэрнээс хойш түрээсэлж байгаад 2019 онд эзэмшигчээс нь худалдаж авсан. Газрын зөвшөөрөл, барилгын зөвшөөрөл, кадастр зураг хуулийн дагуу байсан. Хуулийн дагуу байсан учраас худалдан авсан. Бүх бичиг баримтыг төр засгаас, нийслэлээс гаргаад өгчихсөн. Бид хууль зөрчсөн зүйл байхгүй.

Сэлбэ голын гольдрол хаасан гэдгийг ойлгохгүй байна. Газрын зөвшөөрөл олгогдсоны дагуу л барьсан. Өмнө нь энд хэдэн гэр хорооллын айл, төмрийн зах байсан гэж ярьдаг юм билээ. Зурган дээр бол тодорхой л харагдаж байна лээ ш дээ. Харин ч эсрэгээрээ голын нөгөө талд баригдсан барилга илт Сэлбэ гол руу түрээд баригдсан байна лээ.

Үе үеийн хотын дарга нарын зөвшөөрлөөр газрын эзэмшил нь сунгагдаад, зөвшөөрөл нь олгогдоод явж байсан хуулийн дагуу газар дээр баригдсан барилгыг нураана гэхээр сонин л санагдаж байна. Төр өөрийнхөө хийсэн ажлыг үгүйсгээд байгаа юм биш үү. Өөрсдөө хуулийн дагуу зөвшөөрлөө олгочихоод үер болонгуут бид нарыг хотыг живүүлчихсэн юм шиг дайраад, нэг компанийг нэр цохон цоллоод дайраад байгаа нь буруу шүү дээ, бизнесийн байгууллагын нэр хүндэд сөргөөр нөлөөлж байгаа. Бид маш их хохирол амссан. Дэлгүүрээ ажиллууллаа ч үйлчлүүлэгч байхгүй, төр засаг нь дайраад байхаар ард түмэн ч гэсэн буруу ойлголттой болоод бидэнд сөргөөр хандаад байна.

Бид ийм үер болно гэж эрсдлийг тооцоолоогүй.  Бид байтугай улс ч тооцоолоогүй. Байгалийн давагдашгүй гамшгийг улс тооцоолоогүй бэлтгэлгүй байсан байж нэг байгууллагыг нэр дурдаад нураана гээд байгаад бид гомдолтой байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
3
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж