“S Outlet” дэлгүүрийн В1 давхарт үерийн ус орсны улмаас нэг тэрбум төгрөгийн бараа материалаар хохирчээ. Энэ талаар тус дэлгүүрийн менежер Ч.Мөнхтөрөөс дараах тодруулгыг хүргэж байна.
-Үерийн улмаас нийт хэчнээн төгрөгийн хохирол амссан бэ?
-Үнэлгээний компаниар тооцоо хийлгэж байна. Урьдчилсан байдлаар 800 сая гаруй төгрөгийн хохирол учирсан. Мөн барилгын бүтэц, сэргээн босголтод их хэмжээний хөрөнгө зарцуулахаар болж байна. Ойролцоогоор нэг тэрбум орчим төгрөгийн хохирол амсч байна.
-Эдгээр бараа материалыг ариутгалд оруулаад худалдаалах боломжтой юу?
-Боломжгүй. Үерийн ус маш их хэмжээний бохирдолтой. Тиймээс бохирдолтой усанд норсон учраас дахин ашиглах ямар ч боломжгүй. Цаашдаа янз бүрийн халдварт өвчин тараах эрсдэлтэй. Тиймээс эхнээс нь устгалд оруулаад байна. Энэ хавиар байгаа нь үлдчихээд байна.
-Хотын удирдлагуудын зүгээс тус дэлгүүрийг нураах талаар мэдээлж байгаа. Барилгын зөвшөөрлийн талаар юуг хэлэх вэ?
-Энэ барилга 2015 онд баригдсан. Тэрнээс хойш түрээсэлж байгаад 2019 онд иргэнээс худалдаж авсан. Мэдээж бүх бичиг баримт, газрын зөвшөөрөл, барилгын зөвшөөрөл кадастр зураг хуулийн дагуу байсан. Урьд өмнө нь ийм их хэмжээний үер болж байгаагүй учраас үеийн талаар мэдээлэлгүй байсан. Бүх бичиг баримтыг төр засгаас гаргаад өгчихсөн. Бид хууль зөрчсөн зүйл байхгүй.
-Иргэд, олон нийтийн зүгээс сэлбэ голын голдирлыг хаасанд бухимдаад байгаа шүү дээ?
-Голын голдирлыг хаасан гэдгийг сайн ойлгохгүй байна. Гэтэл яг зургаараа хийгдсэн. Бид нар энийг баригүй. Далан хаасан гэдгийг бүр мэдэхгүй. Өмнө энд хэдэн айл, төмрийн зах байсан гэж ярьдаг юм билээ. Бид өөрсдөө бариагүй болохоор сайн мэдэхгүй байна. Харин эсрэгээрээ голын нөгөө талын барилгууд ил түрээд орчихсон нь зураг дээрээ байсныг та бүхэн хараад үзээрэй. Дарга нарын хурлын шийдвэр гарсан гэсэн. Гэхдээ бидэнд шийдвэр нь ирээгүй байна. Гэхдээ яаж ч бодсон газрын зөвшөөрөлтэй, үе үеийн хотын дарга нарын үед сунгагдаад явж байсан газрыг нураана гэхээр сонин санагдаж байна. Төр өөрийнхөө хийсэн ажлыг үгүйсгэж байна. Хуулийн дагуу өөрсдөө олгочхоод гамшиг болохоор бидэн рүү дайрууд хотыг живүүлчихсэн юм шиг хандаж болохгүй. Бидний хувьд үнэхээр сонин санагдаж байна. Бизнесийн нэр хүндэд ч мөн сөргөөр нөлөөлж байна. Бид эрсдэлээ тооцоолоогүй байсан. Бид байтугай улс ч тооцоолоогүй байсан биз. Манайхаас цаашаа далангийн хэсэг задраад байрууд руу орсон. Байгалийн давагдашгүй гамшгийг улс тооцоолоогүй бэлтгэлгүй байсан байж нэг байгууллагыг нэр дурдаад нураана гээд байгаад бид гомдолтой байна.
Холбоотой мэдээ