Тод, хурц өнгөнөөс эхлээд завсрын зөөлхөн өнгө гээд бүх л өнгө гэрийн дотоод интерьер дизайнд том нөлөө үзүүлдэг. Тавилгуудынхаа өнгөний зохицлыг зөв гаргах нь өрөөг болон гэрийн уур амьсгалыг хэчнээн туxтай болгодог нь гайхмаар.
Гэрийн дотоод засал, бүрдүүлж буй уур амьсгал болон өрөөний хэмжээ зэрэг нь тавилгын өнгө сонголтод нөлөөлөх гол хүчин зүйлс. Гэвч дотоод засал болгонд тохирсон маш олон өнгөний сонголтууд бий болсон нь хүмүүсийг сонголтоо зөв хийхэд улам л хүндрэлтэй болгож байна.
Хэрхэн тавилгынхаа өнгийг сонгох вэ?
Өнгөний сонголтоо зөв хийх нь өрөөг зайтай цэлгэр харагдуулах, дулаахан тохилог мэдрэмж өгөх гэх мэт нэн чухал үүрэг гүйцэтгэдэг. Өнгөний зохицлыг ойлгосон байхад хэтэрхий олон өнгө сонгоод замбараагүй харагдана гэж санаа зовох шаардлагагүй.
Тавилгынхаа өнгийг зөв сонгохын тулд дараах зүйлсийг анхаарах нь зүйтэй.
- Тохижуулах талбайн хэмжээ болон хэлбэр
- Тухайн өрөөний стиль
- Таны бүрдүүлэхийг хүсэж буй уур амьсгал, өнгө төрх
- Нарны гэрлийн тусгалын хэмжээ
- Өрөөний бусад бэлэн тавилга болон чимэглэлийн өнгө
Өнгө бол өрөөний уур амьсгал, тухайн өрөөнөөс авах мэдрэмжийг өөрчлөх хэмжээний чухал зүйл. Тиймээс тавилгынхаа өнгийг сонгохдоо өөрийнхөө дуртай, уйдахааргүй өнгөнүүдийг зохицлынх нь дагуу сонгох нь зөв эхлэл юм. Мөн өнгө сонголт нь өрөөг цэлгэр зайтай харагдуулах зэрэгт нөлөөлдөг тул тавилгынхаа байршил болон зайг бодолцон өнгө сонголтоо хийх хэрэгтэй.
Өнгөний сэтгэл зүй: Өнгө орон зайд хэрхэн нөлөөлдөг вэ?
Улаан өнгө
Улаан бол хүчирхэг өнгө. Ихэнхдээ хүсэл тэмүүлэл болон хурц тод байдлыг илтгэдэг. Эртний соёл иргэншлийн үеэс эхлэн ихэс дээдэс, дээд язгууртнууд улаан өнгийг голлох өнгөөр сонгон хэрэглэдэг байсан. Мөн улаан өнгө нь харилцан яриаг өдөөх хандлагатай байдаг тул том өрөө болон бусад нийтийн орчны буйдан болон зөөлөн сандалд улаан өнгийг ихэвчлэн сонгодог.
Шар өнгө
Шар өнгө бол дэлхий даяараа эерэг байдал болон аз жаргалыг бэлгэддэг. Энэ бол нарны өнгө, итгэл найдвар, шинэ эхлэлийн өнгө ажээ. Мөн шар өнгө нь дулаахан, хөнгөхөн болон уриалсан уур амьсгал оруулдаг байна. Түүнчлэн шар өнгийн тавилга нь бүүдгэр орчинд өнгө нэмж илүү цэлгэр том харагдуулдаг.
Цэнхэр өнгө
Цэнхэр өнгө бол тайвшруулмаар өнгө. Орчныг илүү тухтай амар тайван болгодог. Тиймээс ихэвчлэн зочны өрөөний буйдан, унтлагын өрөөний зонхилох өнгө болдог. Мөн яахын аргагүй хамгийн их эрэлттэй, алдартай дотоод заслын өнгөнүүдийн нэг юм. Учир нь хөх өнгийн тавилга нь маш олон өнгөтэй зохицдог.
Хар өнгө нь хүч чадал болон дэгжин байдлыг илтгэдэг. Хар өнгө ямар ч өрөөнд багахан хэмжээний дэгжин хээнцэр байдлыг нэмж өрөөний дизайныг гүйцээж өгдөг. Хар өнгийн тавилгыг цайвар өнгийн ханатай хослуулбал маш хээнцэр орчин үеийн шийдлийг бүрдүүлж болно. Мөн хар өнгө нь орчин үеийн болон классик аль ч дизайнтай өрөөнд тохирно
Цагаан өнгө
Цагаан өнгө нь ихэнхдээ цэвэр цэмцгэр байдлыг илтгэхээс гадна тайван уур амьсгалыг бүрдүүлдэг байна. Зочны өрөөний том гол тавилгууд, унтлагын өрөөний ор, орны хажуудах ширээ зэрэгт бас олон сонгогддог. Цагаан өнгө нь хэзээ ч хуучирч моодноос гардаггүйгээс гадна бүхий л өнгөтэй уусаад гоё зохицол үүсгэдэг байна.
Саарал
Саарал бол орчныг илүү гүн гүнзгий харагдуулж өгдөг өнгө юм. Мөн түүнчлэн тод өнгийн тавилгатай хослуулбал тод өнгийг зөөлрүүлж уусгаж өгдөг байна. Саарал өнгийг ихэвчлэн орчин үеийн загвар, шийдэлтэй өрөөнд сонгох нь түгээмэл байдаг.
Холбоотой мэдээ