Шведийг НАТО-д элсүүлэхэд тавьсан хоригоо Турк улс зогсоосноор Умард Атлантын цэргийн эвслийн гишүүний тоо дахин нэгээр нэмэгдлээ. Туркийг дагаад Унгар улс ч шийдвэрээ өөрчилсөн нь Литва улсад болсон НАТО-гийн чуулга уулзалт амжилттай болсныг илтгэв. Швед нь 2022 оны тавдугаар сард Финландын хамтаар НАТО-д элсэх хүсэлтээ гаргасан юм. Финланд улсын гишүүнчлэл 2023 оны дөрөвдүгээр сард батлагдсан.
Швед нь 1994 онд НАТО-гийн Энх тайвны төлөөх түншлэл хөтөлбөрт нэгдсэнээс хойш дэлхийн хамгийн хүчирхэг цэргийн эвслийн албан ёсны гишүүн биш ч сүүлийн 30 шахам жил маш ойрын харилцаатай явж ирсэн. Үүгээр ч зогсохгүй НАТО-гийн цэргийн ажиллагаануудад хувь нэмрээ оруулж иржээ. Европын холбооны гишүүн бөгөөд тус холбооны аюулгүй байдал, батлан хамгаалах нэгдсэн бодлогод хувь нэмрээ оруулагчийн хувьд НАТО-гийн холбоотнуудын дийлэнх олонхитой нягт хамтран ажиллаж ирсэн.
Швед, Финланд нь НАТО-д элссэнээр эвсэлд үл нэгдэх уламжлалт бодлогоо өөрчилсөн түүхэн үйл явдал болсон юм. Үүнд ОХУ-аас өнгөрсөн 2022 оны хоёрдугаар сард хөрш Украинд довтолсон нь гол нөлөөг үзүүлжээ. Энэ нь ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин эвслийн эв нэгдлийг сулруулах, Оросын хил рүү НАТО-г цаашид өргөжүүлэхээс сэргийлэх гэсэн хоёр стратегийн зорилтоо биелүүлж чадаагүйн нотолгоо юм. Дээрх хоёр орон НАТО-д нэгдсэнээр холбоотнуудын бүс нутгийг Оросын түрэмгийллээс хамгаалахад дорвитой ахиц гарна гэж үзэж байна.
ТУРК ЯАГААД БОДЛОО ӨӨРЧЛӨВ
Сүүлийн хэдэн жилийн турш Туркийн НАТО-той харилцах харилцаа нь төвөгтэй, хурцадмал байдалтай явж ирсэн. Турк улсаас Шведийн гишүүнчлэлд хориг тавьснаа Курдын ажилчдын намыг дэмжсэн Стокгольмын бодлогоос шалтгаалсан хэмээн тайлбарлаж байсны дээр исламын Коран судрыг шатаасан эсэргүүцлийн ажиллагааг хориглоогүйд дургүйцжээ. Турк улс нь олон жилийн турш засгийн газрын эсрэг бослого үймээн дэгдээсэн курдын дайчдыг дэмжсэнд Шведийг буруутгадаг бөгөөд НАТО ч үүнийг хууль ёсны аюулгүй байдлын асуудал гэж үзэж байв.
Гэхдээ Туркийн байр суурийг өөрчилсөн хамгийн том түлхүүр нь АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден "F-16" байлдааны онгоцыг Анкарад нийлүүлэх гэрээнд ахиц гаргахаар ятгасан аж. Үүнээс бусад гэрээ хэлэлцээрүүд ч Шведийн НАТО-д элсүүлэх яриа хэлцлийг хөнгөвчилсөн нь тодорхой.
ХОЙД ЕВРОПЫН ТОЙРОГ
Ийнхүү Швед улс НАТО-д элссэнээр Хойд Европын бүх орон эвслийн гишүүн боллоо. НАТО-гийн энэ өргөжин тэлэлт нь үйл ажиллагааны болон цэргийн хувьд чухал ач холбогдолтой байхын зэрэгцээ улс төр, стратеги, батлан хамгаалах төлөвлөлтийн томоохон үр дагавартай. Хэдийгээр Финланд, Швед хоёр олон жилийн турш "цахим холбоотон" байсаар ирсэн ч албан ёсоор элссэнээр эвслийн практикт зарим өөрчлөлт гарч байна. Стратегийн хувьд энэ хоёр орон НАТО-гийн бусад холбоотнуудтайгаа хамтын хамгаалалтыг төлөвлөхөд чөлөөтэй ажиллах боломжтой боллоо. Финланд улс уудам газар нутгаар Оростой хиллэдэг бол Шведийн хувьд Балтийн тэнгисийн Готланд арал гэх мэт чухал газар нутгийг эзэмшдэг тул НАТО-д маш үнэ цэнэтэй юм. Энэ нь стратегийн харилцан үйлчлэл, зохицуулалтыг нэмэгдүүлнэ.
Финланд, Швед улсууд 2014 оноос хойш батлан хамгаалах салбарын хөрөнгө оруулалтаар Хойд Европын хөршүүдээсээ бага явж ирсэн. Тэгвэл Финландын батлан хамгаалах салбарт оруулсан хөрөнгө оруулалт НАТО-д элсэхээс өмнөхөн болон дараа нь мэдэгдэхүйц өссөн байна. Шведэд ч мөн адил батлан хамгаалахын зардлаа эвслийн квотод тохируулан нэмэх шаардлагатай болно.
Энэ бүх шалтгааны улмаас НАТО-г Шведийг элсүүлж, өргөжүүлэх нь томоохон алхам юм. Гэхдээ Вильнюсын дээд хэмжээний уулзалтаас хүлээж буй гол үр дүн нь Украины гишүүнчлэлийн асуудал хэрхэн шийдэгдэх тухай байна. Гэхдээ ОХУ-аас Украинд дайн хийж байгаа нөхцөлд Киевийн НАТО-д элсэх асуудал тийм ч амархан шийдэгдэхгүй бололтой.
Холбоотой мэдээ