Украинаас хэд хэдэн нисгэгчгүй онгоцоор өчигдөр өглөө дайралт хийж, Москва хотноо барилгуудыг онож гэмтээсэн талаар өмнө нь мэдээлсэн. Тэгвэл Украины талаас Оросын батлан хамгаалах яамны ойролцоох Кибер хүчний төв байр зэрэг хэд хэдэн барилгыг онилон дроноор дайралт хийсэн байна. Дайралтын улмаас хүн гэмтэж бэртээгүй боловч Москва хотын баруун өмнөд хэсэгт байрлах 19-р зууны үеийн хуарангийн дээвэр дээр нисгэгчгүй онгоц унажээ. Энэхүү барилга нь Оросын армийн штабын үүрэг гүйцэтгэдэг боловч сүүлийн жилүүдэд олон тооны хакерын халдлага үйлдсэн тус улсын цэргийн тагнуулын албаны 26165-р ангийн үндсэн бааз гэдгээрээ илүү алдартай. Москва хотын захирагч Сергей Собянин хэлэхдээ, хэд хэдэн оффисын барилга ч мөн цохилтод өртсөн гэж мэдэгдсэн ч халдлага "ноцтой хохирол учруулаагүй" гэж мэдэгджээ.
Хожим нь онцгой байдлын албаны мэдээлснээр гурав дахь нисэгчгүй онгоц хотын захад орших оршуулгын газрын ойролцоо осолдсон байна. Энэ нь өнгөрсөн тавдугаар сард хоёр нисгэгчгүй онгоц Кремльд очсоноос хойшхи хамгийн олны анхаарлыг татсан халдлага байв. Эдгээрийг ОХУ-аас террорист халдлага хэмээн нэрлэх болсон.
ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн орлогч дарга Дмитрий Медведев мэдэгдэхдээ, "Москва хариу арга хэмжээ авч шинэ байршлууд, тэр тусмаа санаанд оромгүй, уламжлалт бус байнууд руу цохилт өгөх хэрэгтэй" гэжээ.
Үүнээс гадна өчигдөр шөнө 17 нисгэгчгүй онгоцоор Крым хойг руу дайралт хийсэн гэж Оросын Батлан хамгаалах яам мэдэгдэв. Дайралтын эсрэг ОХУ-аас агаарын довтолгооноос хамгаалах хэрэгслийг ашигласан гэж мэдэгдээд "хариу арга хэмжээ авахаа" амлажээ.
ЭХ СУРВАЛЖ: THE TELEGRAPH
Холбоотой мэдээ