Инженерүүд: Сэлбийн далан задрах эрсдэлтэйг 2 жилийн өмнө анхааруулсан

Хуучирсан мэдээ: 2023.07.25-нд нийтлэгдсэн

Инженерүүд: Сэлбийн далан задрах эрсдэлтэйг 2 жилийн өмнө анхааруулсан

Инженерүүд: Сэлбийн далан задрах эрсдэлтэйг 2 жилийн өмнө анхааруулсан

Улаанбаатар хотод өнгөрсөн Ням гаригт орсон борооны улмаас 200 гаруй барилга байгууламж усанд автаж, гэр цахилгааныг таслах зэрэг арга хэмжээ авахаас аргагүй болгосон. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулж, Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар өчигдөр /2023.07.24/ үерийн даланг хааж барьсан барилга, байгууламжийг цаашид хэрхэх талаар  усны салбарын инженерүүд, эрдэмтэн, судлаачид, их, дээд сургуулийн багш нартай зөвлөлдөх санал солилцсон юм. Энэ асуудалтай холбогдуулж, дараах хүмүүсээс байр суурийг нь тодрууллаа. 


Инженер Ш.Ганзориг:

-Барилга хот байгуулалтын яамны захиалгаар хоёр жилийн өмнө Улаанбаатар хот инженер бэлтгэх мастер төлөвлөгөөг гаргаж, өнгөрсөн зургадугаар сард Барилга хот байгуулалтын яамны сайдын зөвлөлөөр батлуулсан. Үерийн хамгаалалтын асуудал, зам талбайн борооны ус зайлуулах, хөрсний усны түвшин доошлуулах  чиглэлээр. Нэг асуудал нь газрын асуудал, эрсдэлтэй бүсэд 2800 обьект байна гэдэг тоо гарч ирсэн.

S Outlets  дэлгүүрийн хойд тал болон зүүн талыг хамгийн эрсдэлтэй гэдгийг бид нар тодорхойлж өгч байсан.

Далан задарч маш их хэмжээний үер орж  эрсдэл үүрсэн. Хүүхдийн парк мөн адил. S Outlets дэлгүүр үерийн хамгаалалт байх ёстой газар барилга барьснаас болж, үер түрж орж ирсэн гэдгийг мэргэжлийн хүмүүсийн хувьд хэлмээр байна.

Нөгөө асуудал нь, "Алтай" хотхоны урд "Шунхлай" компани голын гольдролын 50 хувьд нь  шатахуун түгээх станц барьчихсан. Үлдсэн 50 хувьд нь үерийн ус гарч чадахгүй байснаар үерийн усны түвшин дээшээ нэмэгдэж "Алтай" хотхон руу хальж орох эрсдэлийг бий болгосон.

Бидний мастер төлөвлөгөөгөөр үерийн эрчийг бууруулах эзлэхүүн хэрэгтэй байдаг. Үүнийг хаана бий болгох вэ гэхээр 300 гаруй метрийн гүнтэй усан сан байгуулах. Дараагаар нь зүүн талд нь 1.3 сая метр куб эзлэхүүн усыг хурааж авах усан сан бий болгох юм.

Ингэж эдгээр барилгууд руу ус нэвтрэх эрсдлийг бууруулах боломж байна. Ийм учраас өнөөдрийн энэ шийдлийг олох  цаг үе дээрээ байна гэдгийг үерийн уршиг болон манай судалгааны үр дүн хэлж байна. S Outlets-ийг буулгахгүй бол дахин эрсдэл бий боллно. Шинээр төлөвлөж үерийн хамгаалалтын байгууламж хийхийн тулд S Outlets барилгыг буулгаж, үерийн хамгаалалтыг хийхээс өөр арга байхгүй байна” гэх дүгнэлт хийсэн юм.

Мөн голын эхэнд цөөрмүүдийг байгуулах нэн шардлагатай. Улиастай голын эхэнд, Туул гол гэх мэт газруудад арга хэмжээ авах боломжтой. Тухайлбал,  Туул цогцолбор, үерийн усны эзлэхүүнийг хадгалах хэмжээнд үерийн уснаас хамгаалах байгууламж гэдгээр нь ашиглаж болох юм байна. Мөнгө санхүү эдийн засгийн талаас нь 5 их наяд төгрөг яригдаж буй. Энэ  ажлыг Улаанбаатар хотын төсвөөр хийх боломжгүй гэдгийг хэлж байлаа. Энэ  тал дээр бүх шатны гадаадын болон дотоодын хөрөнгө оруулалт болон өөр боломжуудыг ашиглаж байж энэ ажлыг хийхгүй бол Улаанбаатар хот ойрын 20 жилд  үерийн эрсдэлд өртөж болзошгүй.

ҮЕРИЙН ХАМГААЛАЛТЫН ҮНДСЭН АРГА ГАНЦ ДАЛАН БИШ, УСАН САН

Усны газрын дарга асан З.Батбаяр:

-Энэ уулзалтыг 40 жилийн өмнө хийх ёстой байсан. Усны тухай хуульд усны хамгаалалтын бүсийг 50 метр зааж өгсөн. Орон нутгийн захиргааны байгууллагын үндсэн үүрэг бол хууль биелүүлэх. Хууль зөрчсөн бол барилгыг буулгаж, зардлыг буруутай этгээдүүдээр төлүүлэх ёстой. Хуулийг хэрэгжүүлээч ээ.

2004 онд Усны тухай хууль батлагдсан ч огт хэрэгжихгүй байна. Тооцооллоор 2035 он гэхэд Улаанбаатар хотыг усаар хангаж чадахгүй болно 2040 он гэхэд улаанбаатарчуудын хоногийн усны хэрэглээ 1 сая шоо метр болно. Одоо байгаагаас гурав дахин нэмэгдэнэ гэсэн үг. Үерийн дараа ган болдог. Үүний гол гарц нь усан сан. Борооны ус хуримтлуулах усан сан байгуулъя. Төлөвлөлтийн үндэс ус. Хятадад 23 мянган усан сан, БНСУ-д 19 мянган усан сан байна. Усыг төлөвлөхгүйгээр хотыг хөгжүүлэх боломжгүй. Үерийн хамгаалалтын үндсэн арга ганц далан биш, усан сан.

 

 

 

ГОЛЫН ГОЛЬДРОЛ ТОХИРУУЛАХ УСАН САН БАРИХ ХЭРЭГТЭЙ

Усны барилгын зөвлөх инженер, доктор Ц.Сосорбарам:

Нэгдүгээрт, урсац тохируулгын усан сан нуурыг барьчихвал усны түвшинг тодорхойлж үерийн усыг өнгөрөөнө. Үүнийг л стандарт гэж хэлээд байгаа юм. Туул голын хувьд боомт нуур барьчихвал усны ургалыг тохируулаад өгнө. Хамгийн чухал нь голын гольдрол тохируулах усан сан барих хэрэгтэй.

Хоёрдугаарт далангаа сайжруулах нэн шаардлагатай байна. Хэрэглэсэн бохир усаа хаях, үерлэсэн усаа хаях зэрэг шийдлүүд хот болгонд байх ёстой. Ийм гарц гаргалгааг гаргахад тодорхой хэмжээний хөрөнгө мөнгө гаргах л шаардлагатай.

Улаанбаатар хот ямарч хот төлөвлөлтгүй, ойролцоогоор 500 мянган  хүн амтай болно гэж ЗХУ-ын үед хот төлөвлөлт хийгдэж байжээ. Гэтэл Монгол Улсын хувьд хүн амын суурьшлын хувьд огцом нэмэгдэж механик хөдөлгөөн хийгдсэн. Арав гаруй жилийн өмнө ган болж ойролцоогоор 23 сая орчим мал хорогдож, 40 мянган хүн ажилгүйдэлд өртсөж байв. Дараагийн нөлөөлсөн хүчин зүйл бол эрх баригчдын эрх ашгаас болж, газрын  наймаа цэцэглэн хөгжсөн. Улаанбаатар хот дахь хүн амын нягтаршлыг бууруулж, аймгууд руу тархаах шаардлагатай. Ер нь тэгээд далан сэтлээд барилга бариад байвал ямарч үр дүнд хүрэхгүй.

 

S OUTLETS ДЭЛГҮҮР, AQUA ХОРООЛЛЫН ГАЗРЫГ ЧӨЛӨӨЛНӨ

Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар:

Сэлбэ голыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах боломжтой. Мастер төлөвлөгөөгөө гаргачихсан. Мэргэжлийн хүмүүсийг богино, дунд, урт хугацаанд ажиллуулахаар төлөвлөж байна.

Сэлбэ, Дунд гол дагуу 29 байршилд газар чөлөөлөхөөс өөр аргагүй байдалд байна. Үүнд S Outlets дэлгүүр, Aqua хорооллын газрыг чөлөөлөх ёстой гэсэн дүгнэлтэд хүрлээ. Иймд эрх зүйн орчны хүрээнд арга хэмжээнүүдийг авна. Ялангуяа богино хугацаанд нь  ус цуглуулах, ус зайлуулах, гэх мэт ажлыг энэ чиглэлээр мэргэшсэн аж ахуй нэгжтэй хамтраад хотын ус цуглуулах хоолойны шийдлийг ойрын хугацаанд яаралтай гаргах төлөвлөгөөтэй байна гэсэн юм.

Мөн тэрбээр  "Бидний хувьд хот төлөвлөлт хийж сураагүй ард түмэн. 1950-иад оноос хот төлөвлөлтийн асуудлуул яригдсан. 65 оны дундаас орон сууцны бодлого хүчтэй явсан. Тэрнээс хойш Улаанбаатар хотын нэгдсэн төлөвлөлт алдагдсан гэж ярьж байлаа.

Сэлбэ голын дагуу байршилд байгаа даланг хүчитгэх ажил 50-60 хувьтай явж байгаа юм байна. Удахгүй Сэлбэ сэргэлт төслийг эхлэх ажээ. Нэг талаас иргэдийн ая тухтай байдал нөгөө талаас иргэдийн аюулгүй байдлыг хангасан далан байгууламж орчин үеийн шийдэл бүхий бүтээн байгуулалтыг хийхээр төлөвлөжээ. Ус зайлуулах хоолойны 20-30 хувийг шинэчилж байгаа бөгөөд дэд бүтцийн бүтээн байгуулалт хийхэд  эдийн засгийн хувьд хараат байгаа тухай  мэдээллээ.

Л.ЭНХТУУЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж