Украин дахь дайнд оролцох цэргийн тоог нэмэгдүүлэхийн тулд Кремлийн ерөнхийлөгч Владимир Путин Оросын цэргийн үүрэгтний насны хязгааруудыг таваар нэмж, 55 болголоо. Энэхүү шинэ хуулиар өндөр албан тушаалтнууд 55 нас хүртэл, энгийн болон түрүүчүүд 40 нас хүртлээ армийн нөөцөнд цэргийн үүрэгтнээр үлдэх юм. Харин дунд тушаалын офицеруудын хувьд 50 нас хүртлээ цэргийн үүрэгтэн байх болов.
Энэхүү өөрчлөлт нь 2024-2028 он хүртэл дөрвөн жилийн хугацаанд аажмаар хэрэгжих бөгөөд армийн өндөр албан тушаалтнууд эцэстээ 70 нас хүртлээ хуулийн дагуу алба хаах боломжтой болно гэсэн үг. ОХУ-ын хууль тогтоомжийн дагуу, өмнө нь цэргийн алба хаасан эсвэл одоо тус улсын нөөц хүчинд байгаа хэн бүхэн Москвагийн зарласан дайнд татагдах цэргийн үүрэгтнүүд юм.
ОХУ нь өнгөрсөн 2022 оны хоёрдугаар сард хөрш рүүгээ бүрэн хэмжээний довтолгоо хийсэн ч Украинд албан ёсоор дайн зарлахаас татгалзсан. Харин дотооддоо болон гадаадад энэхүү дайныг “цэргийн тусгай ажиллагаа” гэж удаа дараа дүрсэлсэн. ОХУ нь өнгөрсөн есдүгээр сард 300,000 цэргийн үүрэгтнийг “хэсэгчилсэн дайчлах” тушаал гаргаж, олон зуун мянган хүн тулалдаанд явуулахгүйн тулд Оросоос дүрвэхэд хүргэсэн.
Цэргийн үүрэгтний бүртгэлд хамрагдаагүй бол одоогоор 4 фунт стерлингтэй тэнцэх бага хэмжээний торгуультай байгаа ч шинэ хуулийн дагуу 250 фунт хүртэл өсөх гэнэ. Мөн оросууд оршин суугаа хаяг, холбоо барих дугаараа сольсон тухайгаа цэргийн албанд мэдэгдээгүй тохиолдолд торгууль төлдөг болжээ.
Түүнчлэн өнгөрсөн дөрөвдүгээр сард ОХУ нь цэргийн албанд дуудагдсан боловч ирээгүй хүмүүст хилийн хориг тавих хууль баталсан. Цэрэг татлагын материалыг хилийн цэргийн албаны нэгдсэн мэдээллийн санд бүртгэснээр зарлан дуудах бичиг ирсний дараа хууль ёсоор дүрвэх боломжгүй болгоно гэж засгийн газрын албаныхан мэдээлсэн. Уг систем удахгүй ашиглалтад орох гэнэ.
ЭХ СУРВАЛЖ: THE TELEGRAPH
Холбоотой мэдээ