НЭМЭЛТ:
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дөнгөж сая шийтгэх тогтоолоо танилцууллаа. Шүүхээс шүүгдэгч Ц.Хуланд Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 9.6 жилийн хорих ялаар, шүүгдэгч Б.Отгонбаатарыг Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтрах ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан гэмт хэрэгт хамжигчаар хамтран орлцсон гэм буруутайд тооцож 8 жилийн хорих ялыг тус, тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ. Шүүх бүрэлдэхүүн мөн шүүгдэгч Ц.Хулан, Б.Отгонбаатар нарыг тусгай албаны ажилтнуудаас 238 сая төгрөг авсан нь тогтоогдсон гэж үзэж, Ц.Хулангаас 159 сая төгрөг, Б.Отгонбаатараас 78 сая төгрөг гаргуулж, улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Хэргийг маш нууцын зэрэглэлтэйгээр ирүүлсэн тул шүүх хурал хаалттай болжээ.
Ц.Хулан, Б.Отгонбаатар нарыг гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажилласан гэм буруутай гэж үзэв
Яруу найрагч Ц.Хуланд ял онооно
Нийслэлийн Сүхбаатар, Баянзүрх, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх яруу найрагч Ц.Хулан, лам Б.Отгонбаатарт нарт холбогдох хэргийг гурван өдөр хэлэлцсэний эцэст гэм буруутай гэж үзсэн. Тодруулбал, гадаадын тусгай албатай хамтран ажилласан гэж буруутгаад буй. Тэгвэл шүүх хурлаар өнөөдөр /2023.07.25/ тэдэнд ял оноох асуудлыг хэлэлцэх юм.
Шүүх хурал өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гаригт эхэлсэн бөгөөд өчигдрийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Ц.Хулан, Б.Отгонбаатар нар эцсийн үгээ хэлснээр эрүүгийн хариуцлагын хурал завсарласан. Харин өнөөдөр шүүх бүрэлдэхүүн тэдэнд хэдэн жилийн ял оноох вэ гэдгийг зөвлөлдөж байгаа юм.
Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах газраас Эрүүгийн хуулийн 19.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Ц.Хулан, Б.Отгонбаатар нарыг өнгөрсөн нэгдүгээр сард яллагдагчаар татсан. Яллагдагчаар татсан хуулийн заалтад Эрүүгийн хуулийн 19.4 дүгээр зүйл. Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажилласан гэж буруутгаж буй. Эл зүйл заалтаар Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан; гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ.
Сануулахад, яруу найрагч Ц.Хуланг өнгөрсөн нэгдүгээр сарын 18-нд Тагнуулын байгууллагаас баривчилсан. Тэр цагаас хойш цагдан хоригдож буй.
Мөн тэрбээр өнгөрсөн гуравдугаар сарын сүүлээр хорих ангиас захидал бичсэн нь мэдээллийн хэрэгслээр цацагдсан. Захидалдаа "Эх орныхоо эрх ашгийн төлөө хэлсэн үг, хийсэн тэмцэл, уран бүтээлийг минь гуйвуулж хэлмэгдүүлж байна. Өвөрмонголд миний ном, бүтээл хэвлэгдэж бүр оюутан цагийн найз нөхөдтэй уулзаж уран бүтээл, ажил хэргээ ярилцаж байсныг минь гэмт хэрэг болгох гэж мушгин гуйвуулж байна. Миний бие хүнд өвчтэй, удаа дараа мөрдөн байцаалтын явцад ухаан алдаж, эмнэлэгт хэвтэхэд хүрч байгаа ч би эрхээ хамгаалж өлсгөлөн зарлан тэмцэх болно гэдгээ мэдэгдье. Авлигад живсэн Монголын улстөрчдөд эх орноо гэсэн сэтгэлтэй бүсгүйн амь хэрэгтэй бол би амиа өгөхөд ч бэлэн байна” гэж байв.
Холбоотой мэдээ