Харалган төртэй улсаас хариуцлага нэхэх цаг болсон

Хуучирсан мэдээ: 2023.07.25-нд нийтлэгдсэн

Харалган төртэй улсаас хариуцлага нэхэх цаг болсон

Харалган төртэй улсаас хариуцлага нэхэх цаг болсон

Байгалийн гамшиг хэлж ирдэггүй гэж өвөг дээдэс минь сургаж байсан бол орчин цагт хэлж  ирдэггүй юм аа гэхэд өөрсдөө түүнийг хүсч буруу зохион байгуулалт, газар олголт, бүтээн байгуулалт хийвэл хүртэх ёстойгоо хүртдэг болжээ. Нийслэл Улаанбаатар хотын иргэд болоод удирдлагууд бороо орох бүрд “үер битгий болоосой” хэмээн алга хавсарган залбирахаас өөр арга одоогоор алга. Гэсэн хэдий ч ойрын өдрүүдэд бороо хур татрах шинжгүй гэдгийг цаг агаарын урьдчилсан мэдээгээр анхааруулсаар байна. Хоёр хоногийн өмнө орсон борооны үеэр зам хөндлөн гарч явахдаа тогонд цохиулсан иргэний талаарх мэдээлэл олон нийтийг цочирдуулав.  Тийм учраас олны танил эрхэмүүд нэгдэж цахилгааны ил задгай утсыг аюулгүй болгож, засах талаар мэдээлэл өчигдөр тархсан.

Жишээ №1

Тухайлбал, дуучин Ану /Ч.Уранхолбоо/, хошин урлагийн залуу уран бүтээлчид цахим хуудсаараа мэдээлэл хийж эрсдэлтэй, ил задгай цахилгааны утаснуудыг засна гэв. Хүмүүс ч энэ санаачлагыг олноор дэмжиж, ойр орчиндоо байгаа эрсдэлтэй бүсүүдийг зургаар баталгаажуулан илгээжээ.  Энэ бол сайн мэдээ. Ялангуяа төр засгийн удирдлагуудад нэн таатай бас талархууштай мэдээ.

Сайхан сэтгэлийн үзүүрт шар тостой, нэг ч болов иргэнийг тог цахилгааны эрсдэлээс авран хамгаалах гэж байгаа тэнд буруу байхгүй. Хамгийн гол нь сайн үйлс, нийгмийн хариуцлагын хүрээнд гэх мэт уран цэцэн уриа лоозонд уусан шингэж асуудлын мөн чанар, уг чанар учир шалтгааныг олж харж түүнтэй нь тэмцдэггүй бидэнд асуудал байна.  Хэдхэн жилийн өмнө тоглох гэж гарсан бяцхан хүүхэд ил задгай, тогтой утаснаас бариад газар дээрээ амьсгал хураахад нийтээрээ нийгмээрээ гурван өдөр шуугилдсан. Түүнээс хойш эрчим хүчний аюулгүй ажиллагаа, иргэдийн амь нас эрүүл мэндийг хамгаалах чиглэлд ямар тогтолцооны өөрчлөлт бий болов. Юу ч өөрчлөгдөөгүй учраас урлаг соёлын одод нь хувийн мөнгөөрөө тогны ил задгай утсыг аюугүй болгож өгөх талаар яриад сууж байна. Хөрөнгө мөнгө, сэтгэл зүтгэл гаргаж  хийсэн тэдний өөрчлөлт хэр удаан хадгалагдах бол… Хугацаа хэлэх баталгаа байхгүй л дээ. Тог цахилгааны утсыг аюулгүй байгаа эсэхийг эргэж, тойрох, шалгаж, нягтлах тогтолцоо Монгол Улсад алга. Тийм ч учраас энд засаж сайжруулсан ч тэнд эвдэрч сүйрч байдаг. Угтаа бид асуудалтай биш асуудлын шалтгаантай тэмцдэг болмоор байна.

Нийгмийн хариуцлагын хүрээнд олны танилууд иргэдийн утга учиртай оролцоо, хуулийн мэдлэг мэдээллийг сайжруулахад анхаарч сайн засаглалтай нийгэм бүтээхийн төлөө төрд өөрийг нь төлөөлөх эрх бүхий этгээдүүдээс юуг, хэрхэн яаж шаардаж болох талаар нөлөөллийн ажил хиймээр байна.  Ил задгай цахилгааны утас энд тэндгүй байж байх нь хэвийн үзэгдэл биш цахилгааны утас  ил задгай байх талаар ямар ч ойлголтгүй нийгмийг бүтээхийн төлөө иргэдийн оролцоог нэмэгдүүлэхийн төлөө ажилламаар, дуугармаар, уриалмаар байна.

Жишээ №2

Хэдэн сарын өмнө гагнуурчид нэгдэж, нийслэлийн хэмжээнд хүүхдийн тоглоомын талбай, сургууль, цэцэрлэгийн талбайд хугарч, эвдэрсэн тоглоом хэрэгслийг сайн дураараа гагнаж өгсөн. Нэг дүүрэгт гурван хүнтэй, дөрвөн баг ажиллахаар төлөвлөж багадаа 100 гагнуурчин нэгдсэн талаар мэдээ, мэдээлэл цагцагдсан.  Тус аяныг санаачлагч Д.Машбат тухайн үед “Хүүхдүүд тоглоомын талбайд тоглож байгаад гэмтэх тохиолдол олон гарсан учраас дээрх ажлыг санаачилсан" гэж тайлбарлаж байв. Учир нь хэдхэн минут гаргаад л гагначих юмыг хайхрахгүй орхисноос хүүхдүүд гэмтдэг. Бүр насан туршийн хөгжлийн бэрхшээлтэй ч болдог. Тэгэхээр энэ эзэнгүйдээд орхигдоод байгаа асуудлыг шийдчихье” гэж бодсон хэмээн ярьсан. Гагнуурчид хүүхдийн тоглоомын талбайг засч янзалсны хүчинд аюултай газруудын байдал өөрчлөгдсөн. Гэхдээ бүгдийг нь засч, янзлах боломжгүй тул өнөөдөр Улаанбаатар хотод эвдэрсэн, хэмхэрсэн тоглоомын талбай олон л байна.

Хэдхэн жилийн өмнө хөл бөмбөгийн талбайд тоглож байсан хүүгийн толгойн тус газар нь хамгаалалтын төмөр нь салж  унаснаас мөн л газар дээрээ амиа алдсан. Хүүгийнхээ амьсгал хураасан газар сөхөрч суугаад уйлж байсан аавын сэтгэл эмтрэм дүр зургийг олон хүн тод санаж буй болов уу. Тэр үед бас л нийтээрээ, нийгмээрээ шуураад л өнгөрсөн. Гэтэл тэр цагаас хойш бас л юу ч өөрчлөгдсөнгүй… Сайн дураараа иргэд нэгдэж нийлж, хэн нэгний хийх ёстой, хариуцах ёстой ажлыг, ачааллыг нуруун дээрээ үүрсээр байна….

Жишээ №3

Гудамж талбай, цахим орчинд элэг нэгт ахан дүүсээсээ халуун сэтгэлээ сунгаж, халуун ам бүлээрээ, элэг бүтэн эрүүл жаргалтай амьдрахад нь хувь нэмрээ оруулахыг хүссэн, хандив өргөхийг хүссэн хүмүүс дэндүү олон болж.  Олны анхааралд хүрч чадсан нь хандив мөнгөө бүрдүүлээд харь орны зорьж эмчлүүлэхээр явж байгаа бол зарим нэг нь хатуу гэлээ ч хувь тавилантайгаа эвлэрч сууна. Яагаад бүхэл бүтэн туурга тусгаар улсын эрүүл мэндийн салбар элгээрээ хэвтэж, иргэд нь урьд хожид дуулдаагүй элдэв өвчин, хорт хавдарт дарлуулж, дарагдаж амьдрах ёстой гэж… Хэн нэгнийг гадаад руу эмчилгээнд явуулахын төлөө хандивт нэгдэх биш дараа дараагийн хэн нэгэн өвдөхөөс урьдчилан сэргийлдэг, өвдсөн бол эх орондоо эмчлүүлдэг эрүүл мэндийн салбартай болохсон. Утаанаас хамгаалах амны хаалт өгөх биш утааг гаргаж байгаа шалтгаан нөхцлийг арилгуулахын төлөө тэмцэж, нэгдэж, нягтрахсан.

Энд зөвхөн тог цахилгааны асуудал ярих биш тогтолцооны өөрчлөлтийг ярих цаг нь болсон. Татвар төлөгчдийн мөнгийг баруун, солгойгүй цацдаг төр, засгийн хийх ёстой ажлыг иргэд, аж, ахуйн нэгжээр хийлгэх нь сайны дохио лав биш. Гэтэл бид үүнийг нийгмийн хариуцлага гэх чамин үгээр далдалчихаад нийтээрээ нийгмээрээ халамжийн, хандивын аян хаа саагүй өрнүүлж байна. Тухайлбал, дэнж хотойтол дэлгэр сайхан наадаж, тэгш ойгоо тэмдэглэж байгаа сум, аймгийн удирдлагууд өлгийтэй нялхасаас  өтөл буурал хүртэл сум, аймгийн тодотголтой хэн бүхнээс хэд хэдэнтээ хандив цуглуулна. Түүнийг нь хариуцах хүмүүс өнөө хэдийгээ улалзтал, утасныхаа цэнэгийг барагдтал хандиваа нэхнэ. Үүний үр дүнд сая нэг нүхэн жорлонтой ч 100 жилийнхээ ойг  нүсэр тэмдэглэж, нүүр тахлаад өнгөрнө. Дараа жил очиход бахь байдгаараа л… Монголчууд  бид өөрийнх нь амьдралд хамгийн их хамааралтай асуудалд хамгийн бага оролцож, өөрт нь ямар ч хамааралгүй өрөөлийн амьдрал, оддын өгзөг, өмссөн зүүсэн, идсэн уусан, унтсан хэвтсэн, салсан нийлсэн …асуудалд хамгийн их анхаардагт асуудлын гол нь байна. Нийслэл Улаанбаатар хот зундаа “усанбаатар”, өвөлдөө “утаанбаатар” болж урсах уу, угаартах уу гэсэн хоёр сонголтын өмнө бид амь тэмцэж байна. “Урсдаггүй гол өмхийрч, тэмцдэггүй ард түмэн мөхдөг” гэдэг дээ. Харалган төртэй улсад хариуцлага нэхэхийг уриалах нь  жинхэнэ нийгмийн хариуцлага.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж