“Шүүр” ажиллагаа “шахаа” болж зүсээ хувилгав уу?

Хуучирсан мэдээ: 2023.07.25-нд нийтлэгдсэн

“Шүүр” ажиллагаа “шахаа” болж зүсээ хувилгав уу?

“Шүүр” ажиллагаа “шахаа” болж зүсээ хувилгав уу?

“Шүүр” ажиллагаагаар дамжуулж, өрсөлдөгч нараа зайлуулсан эрх баригчид үер ус гэж иргэдийг шуугих хооронд хоёр ч чухал томилгоог  амжуулсан.

Тодруулбал,  “Монголын төмөр зам” төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирлаар Б.Отгонсүхийг, “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Н.Будбаяр нарыг томилоод буй.

МАН Засгийн эрх барих бүрийдээ Б.Отгонсүхийг ямар нэг албан тушаалд томилж ирсэн бол Н.Будбаяр нэлээд хожуу төрд алба хашсан байдаг. Гэхдээ эндээс улс төрийн хүрээнийхний анхаарлыг хамгийн ихээр татаж байгаа хүн нь Б.Отгонсүх. Учир нь, Улаанбаатар хот дахь Гаалийн газрын даргаар томилогдох үеэс хэл ам дагуулж, Замын-Үүд дэх гаалийн газрын даргын ажлыг олигтой хийгээгүй гэх шүүмжлэлд өртөж явсан түүнд  “Монголын төмөр зам” компанийг даатгаж чаддаг ямар бөх зүрх вэ гэх асуулт юм.

Хэдийгээр Засгийн газрын хувьд энэхүү томилгоог хийдэггүй ч дээрх компанийн Төлөөлөн удирдах зөвлөлд нөлөөлж чадах хүн нь эрх баригч дунд бий.

Тиймээс Засгийн газрын “Шүүр” ажиллагаа “шахаа болж зүсээ хувилгалаа гэх шүүмжлэлийг гүтгэлэг гэж үзэхэд бэрх байгаа юм.

“Монголын төмөр зам” компани бол Монголын нүүрсний экспортыг өргөжүүлж чадах эсэхийг шийдвэрлэж чадах чухал стратегийн ач холбогдолтой компани гэж тодорхойлж болно. Нэг ёсны тус компанийн гүйцэтгэх ажлаас үндэсний төмөр замын сүлжээ өргөжих эсэх нь шийдэгдэх юм. Энэ ажлын хүрээнд Шивээхүрэн-Сэхээ боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын 7.1 км төмөр замын ажлыг өнгөрсөн тавдугаар сард эхлүүлж байсан, аравдугаар сард ашиглалтад оруулах ёстой. Уг боомтоор нүүрсний экспортын 48 хувийг гаргадаг гэж үздэг. Төрийн өмчийн бүтээн байгуулалтад “Монголын төмөр зам” компани 51 хувийн, хувийн хэвшлийн “Нарийн сухайт төмөр зам” ХХК 49 хувийн эзэмшлээр хамтарсан компани байгуулан оролцож, улмаар тус төмөр замыг 6 жил тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхэлсний дараагаар “Монголын төмөр зам” ТӨХК-д бүрэн шилжүүлэхээр төлөвлөсөн юм. Нарийн сухайтын нүүрсний бүлэг ордод үйл ажиллагаа явуулж буй “Өсөх зоос” зэрэг 5 компани хөрөнгө оруулалтад оролцож буй.

Шивээхүрэн” боомтын хил холболтын төмөр замаа эхэлж бариад, боомтоосоо дотоод руугаа тэлэн тавих онцлогтой бүтээн байгуулалтыг эхлүүлсэн байдаг. БНХАУ-ын Сэхээ төмөр замын өртөө нь хоёр улсын хилээс 2-3 км зайд байрладаг гээд онцлог зүйлүүд их бий.

“Монголын төмөр зам” компанийн барих экспортын төмөр зам дээрхээр хязгаарлагдахгүй, Бичигт-Зүүнхатавч дээр 7 км төмөр зам барина. Дотроо өргөн, нарийн царигтай аль аль нь баригдахаар төлөвлөгдсөн.

Боомтын төмөр замууд баригдахтай зэрэгцэн дотоодын төмөр зам барих ажлыг эхлүүлэхээр төлөвлөсөн. Тодруулбал, зүүн босоо төмөр замын тухайд, Бичигтээс Хөөт чиглэлд 100 км төмөр замыг энэ ондоо барих, харин баруун босоо төмөр замын тухайд, Шивээхүрэнгээс Шинэжинст рүү 300 км-ийг барих алсын төлөвлөгөө бий. Гэвч эдгээр бүтээн байгуулалтын учрыг олж, гацаалгүй үргэлжлүүлж чадах эсэх нь Б.Отгонсүхээс ихээхэн хамаарах болж буй.

Харин “Тавантолгой төмөр зам” компанийн гүйцэтгэх захирлаар томилогдсон Н.Будбаярын тухайд 2017-2019  онд Монгол Улсын Хөгжлийн банкны санхүү, нягтлан бодох бүртгэлийн хэлтсийн захирлаар ажиллаж байгаад 2023 оноос “Монголын төмөр зам” компанийн эдийн засгийн албаны дарга болж, таван сар болоод дээрх албанд томилогдсон байдаг.

Зарим хэвлэл Н.Будбаярыг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга П.Цэнгэлийн тавиул ч гэж бичээд буй. Учир нь тэд бизнесийн эрх ашгаар холбогдсон гэжээ. Нөгөө талдаа Ардын нам Засгийн эрх барьж байгаа цагт арын хаалга, татаас түлхээгүйгээр төрийн өмчит компанийн захирал болдог дүрэм байхгүй. Авъяас чадвар, ажил мэргэжлээрээ шигшигдэж албан тушаалд очлоо гэхэд хавчиж гадуурхсаар явуулдаг.

Харин Н.Будбаярын тухайд дээрх үндэслэл баттай бол П.Цэнгэлийн хүн гэж харагдаж байгаа юм.

Мөн Н.Будбаярын “Ард дизайн” ХХК нь Хэнтий аймгийн Бэрх тосгоны наадмыг талбайг 38 сая төгрөгөөр тохижуулсан гэх мэдээлэл нь бас анхаарал татаад буй.

Түүнчлэн наадмын өмнөхөн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан Дархан төмөрлөгийн үйлдвэр, Хөтөл цемент шохойн үйлдвэр төрийн өмчит компаниудад ажиллах үеэр Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга асан С.Мөнхчулуун хатм байлцсан нь анхаарал татсан. М.Энхболдын хүн гэдгээр нэлээн нүд үзүүрлэгдэж явсан тэрбээр түших хүнээ сольсон уу, “Эрдэнэс Монгол” нэгдлийн ТУЗ-ийн дэргэдэх Дотоод аудитын албаны ерөнхий аудитор гэх алба залгуулах болсон байдаг. Сонгон шалгаруулалтад ороод сонгогдсон юм уу, эсвэл Ардын намын гишүүн болохоор нь томилсон уу тодорхойгүй.

Уг нь Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалангийн олон нийтэд танилцуулснаар бол “төрийн өмчит компанид ажиллах хүмүүсийг сонгон шалгаруулалтаар тодруулж, сонгодог болсноор намын харъяалал, танил талаар хүмүүсийг ажилд томилдог буруу тогтолцоог хална” гэж сүр дуулиантай мэдэгдэж, “Эрдэнэс Монгол” компанид ажиллаж байсан хүмүүсийг халж, сонгон шалгаруулалт зарласан ч араас нь хийгдсэн томилгоонууд итгэл үнэмшил төрүүлсэнгүй, өнөөх л “цүнхчид”-ээ буцаагаад залсан дүр зураг бууж буй.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж