Нүүрсний хулгайн хэрэгт холбогдогчдод хариуцлага тооцохыг шаардсан иргэд оны өмнө 20 гаруй хоног төв талбайд жагссан. Жагсаалд гадаадад байгаа иргэд ч нэгдэж байв. Тус иргэдийн зүгээс нүүрсний хулгайчдад хариуцлага тооцох хүртэл тэмцлээ зогсоохгүй гэдгээ мэдэгдсэн. Тиймээс өөрсдийн цахим хуудастаа тогтмол сануулж, иргэдийг мартахгүй байхыг уриалж буй. Мөн он гарснаас хойш нүүрсний хулгайтай тэмцэгчид гурван удаагийн эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан. Гэвч одоогоор сонсгол болох хүртэл түр тус асуудлыг хойш тавиад байгаа. Харин жагсагчид асуудлыг мартахгүй төдийгүй одоо үүсээд байгаа хотын үерийн асуудалд ч хариуцлага тооцохыг шаардаж байна.
Тодруулбал, тэмцэгч Б.Бат-Очир /Монголоо/ өөрийн цахим хуудастаа "Хууль бус, стандарт хангаагүй барилга, зам бүтээн байгуулалтыг хүлээж авсан мэргэжлийн байгууллагын ажилчдад хариуцлага тооцох ёстой. Ус зайлуулах хоолой нь хүртэл өөрөөсөө усаа зайлуулаад байна.
Хариуцлагагүй, ажлаа мэддэггүй хүмүүст хариуцлага тооцох ёстой. Өнгөрсөн болон одоо цагт удирдлага хийж байгаа хотынхонд хуулийн дагуу хариуцлага тооц!" гэжээ.
Иргэд ч үүнийг дэмжиж байгаагаа илэрхийлж, хууль бусаар ажил явуулж, хариуцлагагүй үүрэг гүйцэтгэсэн хүмүүст холбогдох шийтгэлийг оноох нь зүйтэй гэсэн байна. Шударга бус үйлдлийн төлөө нүүрсний хулгай дээр нэгдсэн иргэд цаашид ч хууль бус асуудалтай тэмцэж, эсэргүүцлээ илэрхийлнэ гэдгээ мөн мэдэгджээ.