Найман ишигтэй холбоотой хэргээр ял эзэлж байгаа Хэнтий аймгийн иргэн Г, иргэн Т нарын том хүү болох Г.Төгөлдөр, сэтгүүлч Н.Өнөрцэцэг нар өнөөдөр /2023.07.24/ хэвлэлийн бага хурал хийлээ.
Уг хурлаар тэд "Хулгайд алдсан 56 малын хохирлыг төлж, хохирогч талууд ямар ч хохиролгүй болчихсон. Гэтэл Хэнтий аймгийн Цагдаагийн газар тус хэргийг хулгайн шинжтэй гэж үзэн шалгаж эхэлсэн. Харин Хэнтий аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн дарга н.Батдэлгэр хэргийн талаар мэдэхгүй, тодорхой мэдээлэлгүй байсан. Малаа алдсан гэх талууд хохиролгүй болчихсон байхад иргэн н.Гэрэлзаяаг 2.6 сар түүний нөхөр н.Төмөрт хоёр жилийн ял өгч байгаа нь шударга бус юм" гэдгийг ярьсан юм.
Мөн Эрүүгийн хуулийн 18.3 зүйл заалтаар Хэнтий аймгийн цагдаа, прокуророос 80 настай н.Даариймаа эмээгийн найман ишигний хэрэгт мөнгө угаах хэргээр хоёр жил шалгагдаад шүүх цагаатгасан.
Үүнд, Хэнтий аймгийн Сум дундын прокурор н.Баярмаа “80 настай эмээг яагаад цагаатгасан бэ. Энэ мөнгө угаах гэмт хэрэгтэн мөн” гэж эсэргүүцэл бичсэн тухай ярилаа.
Г.Төгөлдөр “Намайг хэвлэлийн хурал зарласнаас болоод ээж, аавыг минь дарамталсан. Эмээг шүүхээр цагаадсан байхад прокурор эсэргүүцэл бичсэн. Эмээгийн маань бие улам муудаж байна. Прокурор эсэргүүцэл бичсэн тухай эмээ минь мэдээд маш их айсан байдалтай байна. Ээж, аав маань сэтгэл санаагаар унасан байдалтай явсаар энэ хэрэг улам л хүнд болж байна. Дүүг маань эцэг эхтэй нь уулзуулж, эмээгийн минь сэтгэл санааг амраагаач" гэсэн юм.
Л.ЭНХТУУЛ
Холбоотой мэдээ