Оросын Украин дахь түрэмгийлэл олон улсын хэмжээнд Киевт дэмжлэг үзүүлэх давлагааг өдөөсөн. Үүнтэй ижил нөхцөл байдал Тайваньд үүсвэл Япон улс тусламж үзүүлэх болно гэж тус улсын Батлан хамгаалах яамны сайд мэдэгдэв. Гэхдээ Хятад улсаас Тайвань руу довтолсон нөхцөлд Япон улс хэрхэн, яаж тусламж үзүүлэх вэ гэдэг нь анхаарал татна. Хятад улс нь Тайванийн ардчилсан арлыг өөрийн нэг муж гэж үздэг бөгөөд эрт оройгүй эх газарт эргэн нэгтгэнэ, ингэхдээ цэргийн хүч ашиглахыг ч үгүйсгэхгүй гэдгээ удаа дараа мэдэгдсэн. Тэгвэл сүүлийн үед Тайвань, Хятадын хооронд зөрчил нэмэгдсээр байгаа нь олон улсын анхаарлыг татаж байна.
Япон улс нь Тайваньтай холбоотой гэнэтийн тохиолдолд хэрхэн хариу үйлдэл үзүүлэхээ тодорхойлохоос татгалзаж, стратегийн хувьд тодорхойгүй бодлого баримталж ирсэн. Гэвч Украины дайн нь Японы босгон дээр мөргөлдөөн гарч болзошгүйг сэрэмжлүүлсэн дохио байсан бөгөөд Тайванийн ирээдүй одоо Токиогийн анхаарлын төвд байна. “Хэрэв Оросын түрэмгийллийн эсрэг Украиныг дэмжиж байсан шиг дэлхийн өнцөг булан бүрд хүмүүс Тайванийг дэмжвэл бид ямар нэгэн дэмжлэг үзүүлэх боломжтой байх болно” гэж Японы батлан хамгаалахын сайд Ино Тоширо мэдэгджээ. Гэхдээ тэрбээр Японы засгийн газар ямар төрлийн дэмжлэг, тусламж үзүүлэхээ хараахан шийдээгүй байна гэв. “Энэ нь батлан хамгаалахын тоног төхөөрөмжийн дэмжлэг байх уу, эсвэл ложистикийн дэмжлэг байх уу гэдгийг би одоогоор мэдэхгүй байна" гэж Ино Тоширо хэлсэн бөгөөд үүний тулд япончуулын санаа бодлыг сонсох ёстой гэжээ.
Японы эрх баригчдын хувьд Оросын Украин дахь түрэмгийлэл, Хятадын Тайваньд үзүүлж буй дарамт нь хоорондоо паралель гэж харж байна. Тухайлбал, Японы ерөнхий сайд Фүмио Кишида өнгөрсөн жил дайн эхэлсний дараахан хэлсэн үгэндээ, "Өнөөдөр Украинд, маргааш Зүүн Азид дайн гарч болзошгүй" гэдгийг анхааруулсан.
Үүний зэрэгцээ Ши Жиньпиний үед Хятад улс эрчимтэйгээр цэргийн хүчээ нэмэгдүүлж байгаа нь түгшүүр төрүүлжээ. Үүний хариуд Токио хариу арга хэмжээ авахаар яарч байна. Улмаар Япон улс ирэх таван жилд цэргийн зардлаа 60 хувиар нэмэгдүүлэх, үүнд үндэсний батлан хамгаалах стратегиа эрс шинэчлэхээр төлөвлөж байна.
“Хятад улс цэргийн төсвөө нэмэгдүүлж, далайн бүс дэх хүчээ эрс нэмэгдүүлж байгаа нь аюул заналхийлэл гэж бид үзэж байна. Одоогоор бид ийм аюул заналхийллийг урьд өмнө нь харж байгаагүй" гэж Японы батлан хамгаалахын сайд онцолжээ. Гэвч Путины хөнөөлт түрэмгийллээс сургамж авч, Тайванийг хүчээр эзлэх гэсэн хятадуудын оролдлогоос урьдчилан сэргийлэхийн тулд Япон улс чадавхиа нэмэгдүүлэх ёстойг ойлгосон бөгөөд эхний ээлжинд хурцадмал байдлаас зайлсхийхийн тулд Бээжинтэй “бүтээлчтэй яриа хэлэлцээ”-нд анхаарлаа хандуулах ёстой гэж Ино Тоширо хэлэв. Өөрөөр хэлбэл, Тайванийг довтлох эсвэл Тайванийн эсрэг цэргийн аргаар түрэмгий алхам хийхэд хэцүү гэдгийг харуулах нь чухал гэдгийг тэрбээр онцолжээ.
Япон улс хамгийн баруун цэгтээ Тайванийн эргээс ердөө 70 миль зайд оршдог. Хэрэв Бээжин дайралт хийвэл АНУ-ын 54,000 орчим цэргийг байрлуулсан Окинава арлын өмнөд хэсгийн цэргийн баазаас ямар нэгэн хариу арга хэмжээ авах боломжтой. Япон өөрийн нутаг дэвсгэр, ард түмнийхээ эсрэг Хятадын хариу арга хэмжээ авах эрсдэлийг үнэлэхийн зэрэгцээ Окинавагаас дайралт хийх зөвшөөрлийг Вашингтонд өгөх эсэхээ сонгох хэрэгтэй болно. Түүнчлэн Япон ч мөн адил тэмцэлд идэвхтэй оролцох эсэхээ шийдэх ёстой. Мөн АНУ, Их Британи зэрэг чухал холбоотнуудтай батлан хамгаалахын салбарт хамтран ажиллахыг эрмэлзэж магадгүй. "Ямартай ч ийм хямрал тохиолдох юм бол статус квог хүчээр өөрчлөх оролдлогыг таслан зогсоохын тулд бид хамгийн их дэмжлэг үзүүлэхийг хүсч байна" гэж Ино Тоширо мэдэгджээ.
Орос, Хятад, Хойд Солонгос зэрэг бүс нутгийн хөршүүдийн зөрчил нэмэгдэж байгаа талаар дүгнэхдээ, "Дэлхийн аюулгүй байдлын орчин түүхэндээ хамгийн төвөгтэй болж байна" гэв. Японы улс төрийн удирдагчид стратегийн тодорхой бус бодлого баримталж байгаа ч өмнөд зүгт Тайвань руу сунан тогтсон арлуудад амьдардаг хүмүүс дайнд өртөх магадлал бий. Тухайлбал, Мияко бол оюу ус, шүрэн хадаар хүрээлэгдсэн аялал жуулчлалын диваажин хэдий ч Тайванаас 300 милийн зайд, хүн амгүй Сенкаку арлуудаас 100 гаруй далайн милийн зайд орших стратегийн байршил. Токио, Бээжин хоёрын хоорондох газар нутгийн маргаан улам гүнзгийрч байгаа нь арлыг цэргийн түшиц болгожээ.
Асуудлын гол нь Японы энх тайванч үндсэн хуулиар хязгаарлагдсан хэмжээ хязгаарыг батлан хамгаалахын хүчирхэг бодлого хэрхэн давж гарах нь анхаарал татаж байна. Дэлхийн хоёрдугаар дайны гашуун сургамжаас үүдэн Японы олон нийт томоохон зөрчил мөргөлдөөнд орох хүсэлгүй бөгөөд 70 гаруй жилийн турш энхийг сахих байр суурьтай явж ирсэн. Дайны дараа АНУ-аас баталсан үндсэн хуульд Япон улсын дайн хийх боломжийг хориглож, зөвхөн өөрийгөө хамгаалах зорилгоор армитай байхыг зөвшөөрдөг. Гэвч 2015 онд тухайн үеийн ерөнхий сайд Шинзо Абэгийн үед баталсан хуулиар ойрын холбоотон нь халдлагад өртсөн тохиолдолд Японд “хамтын өөрийгөө хамгаалах” хэлбэрээр цэргийн ажиллагаа явуулах боломжийг олгох болсон. Улмаар өнгөрсөн арванхоёрдугаар сард нийтлэгдсэн үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалахын шинэ стратегиас харвал Япон, Хятадын цэргийн хүч чадлын ялгаа ихсэх зэрэг хөгжиж буй геополитикийн бодит байдалд Токиогийн хандлага асар ихээр өөрчлөгдсөн нь ажиглагджээ. Япон улс алсын тусгалын далавчит болон хэт авианы пуужинд их хэмжээний хөрөнгө оруулалт хийж, Тайванийг хамгаалахад чухал арлын хэлхээ, Нансей бүсэд хүчээ нэмэгдүүлэхээр төлөвлөж байна.
НАТО-гийн стандартын дагуу батлан хамгаалах зардлаа 2027 он гэхэд ДНБ-ий хоёр хувьд хүрэх шинэ зорилт нь Япон улсын батлан хамгаалах салбарын жилийн төсвийг 57 тэрбум фунт стерлинд хүргэх бөгөөд энэ нь АНУ, Хятадын дараа орох өндөр үзүүлэлт. “2005 онд Японы батлан хамгаалахын төсөв болон Хятадын цэргийн төсөв бараг тэнцүү байсан бол одоо Бээжин Токиогоос 4-5 дахин их зардал гаргаж байна” гэж Токиогийн Кейо их сургуулийн профессор Кен Жимбо тайларлажээ.
Үүний зэрэгцээ 2008 оноос хойш өөрийн нутаг дэвсгэрийн эрхээ хэрэгжүүлэхийг хуулиар зөвшөөрсөн Японы эргээс 24 милийн зайд орших зэргэлдээх бүсэд Хятадын эргийн хамгаалалтын хөлөг онгоцууд ажиглагдах нь эрс нэмэгдсэн байна. Улмаар 2020 оноос хойш Хятадын 330 гаруй хөлөг онгоц тус бүсийг тойрон эргэлджээ.
ЭХ СУРВАЛЖ: THE TELEGRAPH
Холбоотой мэдээ