Сүүлийн 40 жилийн хугацаанд анх удаа АНУ-ын цөмийн хөдөлгүүрт шумбагч онгоц өнгөрсөн Мягмар гаригт Солонгосын хойгт зангуугаа хаясан нь Пёньян-Сөүлийн хурцадмал байдлыг нэмэгдүүлсэн. Тэгвэл цөмийн хөдөлгүүртэй хоёр дахь хөлөг онгоц өнөөдөр Өмнөд Солонгосын өмнөд хэсгийн цэргийн баазад иржээ.
“USS Annapolis” хөлөг онгоц Өмнөд Солонгосын өмнөд Чежү арал дахь тэнгисийн цэргийн баазад нэвтэрсэн гэж Сөүлийн албаныхан мэдэгдэв.
"АНУ-ын Аннаполис хөлөг онгоц хүрэлцэн ирснээр хоёр улсын тэнгисийн цэргийн хүчин нэгдсэн байр сууриа бэхжүүлж, эвслийн 70 жилийн ойг тохиолдуулан солилцооны үйл ажиллагаа явуулахаар төлөвлөж байна" гэж Өмнөд Солонгосын цэргийнхэн мэдэгджээ. Мөн энэ нь Хойд Солонгосын цөмийн заналхийллийг эсэргүүцэхийн тулд Сөүл, Вашингтоны зүгээс хойг дахь АНУ-ын стратегийн техникийг нэмэгдүүлэх хүчин чармайлтынх нь нэг гэж үзэж байна.
"USS Annapolis" хөлөг нь өмнө нь ирсэн "USS Kentucky"-ээс ялгаатай нь цөмийн зэвсэггүй бөгөөд усан онгоц болон шумбагч онгоцны эсрэг байлдааны чиглэлээр мэргэшсэн. Тус хөлөг өнгөрсөн есдүгээр сард Солонгосын хойгийн олон улсын усан хилд Өмнөд Солонгос, Японтой хамтран шумбагч онгоцны эсрэг гурван талт сургуулилалтад оролцсон.
Харин баллистик пуужин харвах шумбагч онгоц “USS Kentucky” өнгөрсөн Мягмар гаригт Өмнөд Солонгост боомтод ирсэн. Энэ нь 1980-аад оноос хойш АНУ-ын цөмийн зэвсэгтэй баллистик пуужингийн шумбагч хөлөг онгоц хойгт ирсэн анхны тохиолдол болсон. Энэ нь Хойд Солонгостой цөмийн дайн дэгдсэн тохиолдолд хариу арга хэмжээг зохицуулах АНУ, Өмнөд Солонгосын хооронд яриа хэлэлцээ эхэлсэн үетэй давхцсанаараа анхаарал татаж байна.
Хойд Солонгосын талаас АНУ-ын цөмийн хөдөлгүүрт хөлөг хойгт ирсний дараа Лхагва гаригт хоёр баллистик пуужин харвасан бол Бямба гаригт дахин хэд хэдэн далавчит пуужин харвасан.
ЭХ СУРВАЛЖ: REUTERS
Холбоотой мэдээ