МУИС-ийн хичээлийн байрны урдах замын ажлыг түр зогсоожээ

Хуучирсан мэдээ: 2023.07.24-нд нийтлэгдсэн

МУИС-ийн хичээлийн байрны урдах замын ажлыг түр зогсоожээ

МУИС-ийн хичээлийн байрны урдах замын ажлыг түр зогсоожээ

Улаанбаатар хотын төв хэсгээр дулааны шугам хоолойг засварлах ажил энэ оны тавдугаар сараас эхэлсэн. Энэ ажлын хүрээнд Хүнсний дөрөвдүгээр дэлгүүрийн уулзвараас Монгол Улсын Боловсролын их сургууль хүртэлх 1300 метр шугам хоолойг шинэчилж буй. Засварын ажлын дараа зам тавихдаа нүхтэй хавтанг ашиглаж байгаа нь олны шүүмжлэлд өртөв. Хотын энхэл донхол зам дээр нүхтэй зам нэмэгдэв. Учир нь сүүлийн үед хотын гудамжинд явган хүний зам, авто зогсоолын талбайг нүхтэй эко хавтангаар хийх болсон нь иргэдийн шүүмжлэлийг дагуулах болсон юм. Ийм нүхтэй хавтан дээр таягтай хүн, хүүхдийн тэрэг явахад хүндрэлтэйгээс гадна бүсгүйчүүд өсгийтэй гуталтай хотын гудамжаар алхаж чадахаа байлаа гэх гомдлыг хүртэл хэлж буй.

Замын инженерүүдийн зүгээс энэ эко хавтанг зам дагуух даланд ашиглах нь тохиромжтой гэдгийг хэлж байв.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас үүнийг стандартад нийцэхгүй гэж үзэн түр хугаацаанд тус ажлыг зогсоожээ. Тэдний зүгээс тодорхой шаардлага тавьж байгаа гэдэг хариултыг өгсөн юм.  Харин Эрчим хүчний яамны зүгээс шугам хоолой солих ажлыг анхны зураг төслийнхөө дагуу хийж гүйцэтгэнэ. Харин зам талбайг нийслэл хариуцна гэсэн тайлбарыг өгсөн юм.

Монгол Улсын их сургуулийн хичээлийн VI, V байрны урд явган хүний зам, авто зогсоолын замыг үерийн далангийн хавтангаар шинэчилж байгаад багш оюутнууд дүргүйцэж үзэл бодлоо илэрхийлж байлаа. МУИС-ын багш Н.Оюун-Эрдэнэ "Монгол Улсын их сургуулийн 20 мянга орчим оюутан биеийн тамирын хичээлд орохын тулд энэ замаар явдаг. Тэр орчимд зориулалтын бус замтайгаас болоод маш олон багш, оюутан хөл гараа гэмтээж байсан. Тэнд оюутан, багш нар машин тавьдаг тул зогсоолыг стандартын дагуу хийх шаардлагатай" гэв.

МУИС-ийн Олон улсын харилцааны хөтөлбөрийн гуравдугаар түвшний оюутан Н.Есөн-Эрдэнэ “Би энэ замаар өдөр бүр явдаг. Өдөрт хэдэн олон оюутан явж өнгөрдөг учраас бөглөрөл үүсдэг зам юм. Иймд МУИС-ийн хичээлийн IV, V байрны урдах замыг нүхтэй хавтангаар хийхийг эсэргүүцэж байна. Нүхтэй хавтангаар зам тавьснаар оюутнуудад явахад хүндрэлтэй болж илүү их бөглөрөл үүсэх магадлалтай” гэлээ.

Л.ЭНХТУУЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж