Болгар улсаас Украины армид 100 орчим хуягт тээвэрлэгч өгөхөөр болсон нь барууны талыг баримтлагч шинэ засгийн газар томилогдсоноор Болгарын гадаад бодлогод өөрчлөлт орсныг харуулж байна. Болгарын ерөнхийлөгч Румен Радевын томилсон өмнөх түр засгийн газрууд Украинд шууд зэвсэг нийлүүлэхээс татгалздаг байв.
Болгарын парламент дайн эхэлснээс хойш анх удаа Украинд цэргийн хүнд техникийн тусламж үзүүлэх асуудлыг Баасан гаригийн орой хэлэлцэж, 148 саналаар дэмжигджээ.
Парламентын шийдвэрийг танилцуулахдаа, "Энэхүү тоног төхөөрөмж нь Болгарын хэрэгцээнд шаардлагагүй болсон ч Оросын үндэслэлгүй түрэмгийллийн дараа тус улсын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хадгалахын төлөөх тэмцэлд Украинд ноцтой дэмжлэг болж чадна" гэж мэдэгджээ.
Зөвлөлтөд үйлдвэрлэсэн хуягт машинуудыг 1980-аад онд тэр үед ЗХУ-ын Варшавын гэрээний холбоотон байсан Болгарт нийлүүлсэн. Болгар улс 2004 онд НАТО-д элссэн бөгөөд ЗХУ-ын зохион бүтээсэн зэвсгийн нөөцөө хадгалсаар буйн дээр тэдгээрт зориулж сум үйлдвэрлэдэг олон үйлдвэрүүд бий.
Хэдийгээр өнгөрсөн оны сүүлчээр парламент Украинд цэргийн тусламж үзүүлэхийг зарчмын дагуу баталсан.
Гэхдээ цэргийн тусламжийн параметрийн талаарх шийдвэрийг гүйцэтгэх засаглалд үлдээсэн аж. Харин өнгөрсөн зургадугаар сард томилогдсон шинэ засгийн газар хуягт машинуудыг зэвсэг, сэлбэг хэрэгслийн хамт Украин руу илгээхээр батлав. “Украинчууд өөрсдийн төлөө төдийгүй бидний эрх чөлөөний төлөө тэмцэж байгаа учраас бид Украинд хуягт тээвэрлэгч өгөх ёстой” гэж либерал хууль тогтоогч Ивайло Мирчев хэлжээ. Гэвч энэхүү шийдвэр нь эсрэг санал өгсөн Социалист нам болон Сэргэлтийн намын Москваг дэмжигч үндсэрхэг үзэлтнүүдийн шүүмжлэлийг дагуулсан.
ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS
Холбоотой мэдээ