Өнгөрсөн амралтын өдөр болсон эрчим хүчний доголдол монголчууд эрчим хүчний хувьд бусдаас ямар хэмжээнд хараат байна вэ гэдгийг хэн хэндээ ойлгууллаа. Монгол Улс эрчим хүч үйлдвэрлэх нөөц хүчин чадлаа нэмэгдүүлэхэд анхаарч ирсэн нь үнэн боловч ажил хэрэг болж бодит үр дүн гарсан нь цөөхөн. Улсынхаа жинхэнэ эрх ашгаас ухарсан, уравсан улстөрчдийн балгаар, эх оронч тэмцэгчийн дүртэй ч эх орноосоо урвагчдын балгаар бид байрандаа үлдэж, бусад нь бараа нь харагдахгүй тасарч одсон.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эрчим хүчний салбарын төлөөлөлтэй өглөөний уулзалт хийхэд тус салбарын ирээдүй дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байгаа гэдгийг салбарынхан онцолсон юм. Тэгвэл Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн энэ сарын 9, 10-ны өдрүүдэд Улаанбаатр хотод зохион байгуулагдсан “Монголын Эдийн засгийн форум-2023” -д оролцохдоо гадаад болоод дотоодын хөрөнгө оруулагчдад эрчим хүчний салбарын бодит нөхцөл байдлыг танилцуулсан байна. Наадмын өмнөх хоёр өдөр чуулсан тус форумд гадаад, дотоодын 1700 орчим зочин төлөөлөгч оролцсон тоон мэдээ байгаа юм. Эрчим хүчний салбар тэр дундаа сэргээгдэх эрчим хүч, ногоон эрчим хүчний хөгжилд ихээхэн анхаарч, энэ чиглэлээр хөрөнгө оруулалт татах, хөрөнгө оруулах сонирхол өндөр байгаа юм. Тэгвэл Монгол Улсын эрчим хүчний салбарын өнөөгийн нөхцөл байдал болоод цаашид эрчим хүчний салбартаа сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг хэрхэн нэмэгдүүлэх, тулгамдаж байгаа асуудлын талаар дараах хариултыг өгсөн юм. Түүний хариултыг тоймлон хүргэе ээ.
ЧАДЛЫН ДУТАГДАЛ, ӨРИЙН ДАРАМТТАЙ ЭРЧИМ ХҮЧНИЙ СИСТЕМ
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн: “Монгол Улс ардчилсан хувьсгалд шилжснээс хойш 33 жил болж байна. Монгол улс эрчим хүчний салбар дахь сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх талаар зорилт тавин ажиллаж байна. Дэлхийн улс орнуудын эрчим хүчний хөгжлийг дагаад Монгол Улсын эрчим хүчний систем ч өөрчлөгдөх, шинэчлэгдэх учиртай. Дэлхий нийт маш хурдтай өөрчлөгдөж байна. 2035 он хүртэл Монгол Улсын эрчим хүчний хэрэглээ ямар түвшинд хүрэх талаар таамаг дэвшүүлж үзсэн.
Өнөөдрийн байдлаар нийт 1500 орчим Мвт-ын хүчин чадалтай эрчим хүчний системийн эх үүсвэр байгаа хэдий ч Монгол Улсын эрчим хүчний хэрэглээ нийлүүлэлтийн чадамжаасаа давчихсан. Тооцооллоор 2035 он гэхэд Монгол Улсын эрчим хүчний хэрэглээ 3 ГВТ- руу дөхөж одоогийн хэрэглээнээс хоёр дахин өсөх тооцоо гарсан.
Бидний хамгийн эхний зорилго бол эрчим хүчний нийт хэрэглээгээ дотоодоосоо бүрэн хангах зорилтыг Засгийн газар болоод Эрчим хүчний яамнаас тавиад байна. Тавьсан зорилтдоо хүрэхийн тулд 5-6 төсөл, хөтөлбөр хэрэгжүүлээд явж байна. Амжилттай дуусах болов уу гэж найдаж байна. Өөрөөр хэлбэл, 2035 он хүртэл эрчим хүчний хэрэглээгээ хангахдаа дан хатуу түлшээр биш аль болох ногоон эрчим хүч буюу сэргээгдэх эрч ашиглахын төлөө ажиллана.
Харамсалтай нь өнөөдрийн байдлаар монголын эрчим хүчний системд хоёр хүндрэл байна. Нэгдүгээрт, 1990 оноос хойш хуучин нийгмээс уламжлагдаж ирсэн нэг зүйл бол эрчим хүчний үнэ дээрээс тохируулгатай явж ирсэн. Гэтэл зардал нь зах зээлийнхээ ханшаар тооцогддог учраас эрчим хүчний салбарын өрийн тогтвортой байдлыг хангахад хүндрэлтэй болж ирсэн. Нэг ёсондоо эрчим хүчний салбар алдагдалтай ажилладаг. Хоёрдугаарт, эрчим хүчний системдээ сэргээгдэх эрчим хүчийг холбуулахад техникийн хүндрэлүүд үүсдэг. Монгол Улс нар салхины эрчим хүчний нөөц ихтэй. Мөн усан цахилгаан станц барих нөөц боломжтой боловч ихэнх голууд ОХУ-руу урсаж гардаг. Тийм учраас усан цахилгаан станцын чиглэлээр хэрэгжүүлж байгаа төслүүд тодорхой хэмжээний сорилт, бэрхшээлтэй тулгарч, эцэслэн шийдээгүй байна. Тиймээс хамгийн гол нь тохируулгын асуудалд анхаарах ёстой. Нар, салхины станцыг төвийн эрчим хүчний системд холбуулахад нар жаргаж, салхи зогсоход түүнтэй дүйцэх хэмжээний эрчим хүчийг хаа нэг газар нөөцлөх ёстой. Харамсалтай нь өнөөдрийн байдлаар эрчим хүч нөөцлөх чадамж алга.
ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ЦАРАЙЧИЛСАН ТӨР
Өмнө нь Монгол Улс ОХУ-аас 220 Квт-ын хоёр хос шугамаар цахилгаан эрчим хүчний тохируулгын зориулалтаар удирддаг байсан. Тэгвэл одоо үндсэн импортлогч болж байна. Тухайлбал, өнгөрсөн өвөл 345 Мвт хүргэж нэвтрүүлэх хүчин чадлынхаа хамгийн дээд хүчин чадалд тулгаж авсан. Рио Тинто компаний хамт олон болоод Оюутолгой компаний хамт олонд талархал илэрхийлье. Монгол Улс шаардлагатай бол Өвөрмонголын эрчим хүчний системээс ирэх өвөл болоод түүний дараагийн хоёр өвөл чадлын дутагдлыг импортлох бэлтгэл ажил хийж байна. Гэхдээ импортлох шаардлага үүсэхгүй ч байж мэднэ. Юмыг яаж мэдэх вэ эрсдлийг урьдчилан тооцож байгаа. Үүн дээр Оюутолгой төслийнхөн хамтарч ажиллаж байгааг дурдъя. Өвөрмонголын эрчим хүчний систем, Монголын эрчим хүчний систем, Оюутолгой ХХК ойлголцоод өнгөрсөн жилээс эхлээд энэ ажлыг хэлэлцэж байна. магадгүй өөрийн хугацаанд Оюутолгой ХХК ТУЗ-өөрөө энэ холболтыг хийх техникийн бололцоог хийх багахан хэмжээний хөрөнгө оруулалтыг шийдчих юм бол энэ асуудлууд шийдэгдээд явчих байх гэж бодож байна.
СЭРГЭХ ИРЭЭДҮЙГҮЙ СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧ
Дэлхийн бүхий л хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд сэргээгдэх эрчим хүч орсон нь үнэн. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын төвийн эрчим хүчний системд холбогдсон есөн эх үүсвэр бий. Зургаа нь нарны станц, гурав нь салхины цахилгаан станц. Нийт суурилагдсан хүчин чадал 286 орчим Мвт бий. Мөн Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль 2007 онд батлагдснаас хойш 47 орчим тусгай зөвшөөрөл хөрөнгө оруулагчдад олгосон байна. Одоо хүчинтэй байгаа нь дээр дурдсан 9 төслөөс гадна найман төсөл байна. Эдгээр найман төслийн суурилагдсан хүчин чадал нь 495 орчим Мвт байна.
Бид эдгээр станцуудыг дээр хэлсэн хоёр үндсэн шалтгааны улмаас холбож чадахгүй байна. Нэгдүгээрт, чадал нөөцөлж чадахгүй байгаа буюу техникийн хамгийн том асуудал, хоёрдугаарт өндөр өртөгтэй байгаад асуудлын гол нь бий. Тухайлбал, төвийн эрчим хүчинд нийлүүлэх гэрээг салхин цахилгаан станцуудын хувьд 9.5-9.6 цент, нарны цахилгаан станцууд 15-19 цент байхаар гэрээ байгуулсан. Ийм хүндрэлүүд байна.
ҮНЭНЭЭ ӨЧСӨН НЬ…
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард аж ахуйн нэгжүүдийн цахилгаан эрчим хүчний тарифыг 28 орчим хувиар нэмсэн. Энэ нэмэгдэл тодорхой хэмжээгээр хэрэглэгч нарт хүндрэл учруулж байна. Нуулгүй үнэнийг хэлэхэд дэлхий нийтээрээ цар тахал болоод дайны улмаас үнийн хөөрөгдөлд өртөж байна. Дэлхийн бүхий л төв банкууд инфляцтай тэмцэхийн тулд мөнгөний бодлогоо хатуурууллаа. Үүнээс үүдэн санхүүгийн зах зээл дээр эх үүсвэрийн дутагдалд орж байна. Магадгүй Монголын эрчим хүчний системийн хувьд 2023 оны үлдэж байгаа хагас, 2024, 2025 онд ямар нэгэн байдлаар санхүүгийн болоод техникийн тогтвортой байдлыг хадгалж үлдэх нь чухал байна. Үүний дараа дараагийн үйл ажиллаануудыг хэрэгжүүлэх сорилтын өмнө тулж ирээд байна. Би хөрөнгө оруулагчдад бодит байдлыг үнэнээр нь хэлье гэж бодож байгаа.
Эдийн засгийн форумд оролцохоор ирсэн хөрөнгө оруулагчдыг улс төр хийх гэж ирсэн гэж бодохгүй байна. Хөрөнгө оруулагчид бол ашгийн төлөө явдаг. Хөрөнгө оруулагчид буяны байгууллага биш. Тиймээс монголын төр салаа утгагүйгээр чадна, чадахгүй гэдгээ хэлэх ёстой. Монгол Улсын эрчим хүчний системийн өөрийнх нь өртөг 2022 оны төгсгөлд 243 төгрөг болсон. Өнгөрсөн жил цахилгааны үнийг нэмэгдүүлээд 213 төгрөг болгосон. Гэсэн хэдий ч 30 төгрөгийн алдагдалтай ажиллаж байна.
2023 оны гүйцэтгэлээр 200 орчим тэрбум төгрөгийн алдагдалтай гарах байх. Алдагдал үүсч байна гэдэг өр нэмэгдэнэ гэсэн үг. Монгол Улсын эрчим хүчний системд өрийн тогтвортой байдалд том асуудал үүссэн.
Хууль эрх зүйн орчин бол хангалттай бий.Одоо ганцхан улс төрийн зориг хэрэгтэй. Миний бие эрчим хүчний сайдаар томиллогдсоны дараа эрчим хүчний үнийг нэмэх гэж оролдсон. Олон нийтийн зүгээс багагүй эсэргүүцэлтэй тулсан. Иргэд, олон нийтэд бодит байдлыг ойлгуулаад явахаас өөр арга байхгүй гэв.
Эцэст нь, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн хэлснээр уг салбарт ойрын 10 жилд гялтайх, гялзах зүйл харагдахгүй гэдэг нь тодорхой болов. Хөрөнгө оруулагчдыг татах байтугай үргээх зүйл түүний ярианаас хэдэнтээ харагдав. Түүний үгэнд хөрөгө оруулагчид ашгийн төлөө ажилладаг болохоос буяны байгууллага биш гэсэн хатуу боловч үнэн үг ганц тусав. Эрчим хүчний сайдын хариултаас дүгнэхэд, Монгол Улсын эрчим хүчний систем тэр чигтээ техник, технологийн хөгжлөөс хоцорсон учраас шинэчлэл хийхэд хүндрэлтэй, жил бүр 150-200 орчим тэрбум төгрөгийн алдагдалтай ажилладаг, эрчим хүчний үнийг төрөөс тогтоодог учраас шударга өрсөлдөөн явагддаггүй гэдгийг хөрөнгө оруулагчид сайн ойлгож авсан байх.
Цаашлаад 2035 он хүртэл эрчим хүчний үнийг чөлөөлөх боломж хомс байгааг ч дурдсан. Түүнчлэн өнгөрсөн өвлийг арай чүү аргалаад өнгөрсөн Б.Чойжилсүрэнд ирэх өвлийг аргалах арга байгаа эсэхийг олон хүн сонирхож байсан. Тэгвэл Өвөрмонголоос чадлын дутагдлыг нөхөн арга саам олсон нь сайшаалтай ч бүхэл бүтэн Монгол Улсын эрчим хүчний сайд нь төр нь мөнгөгүй тул хувийн хэвшил, хөрөнгө оруулагч талаас хөрөнгийг нь шийдээд өгвөл гээд толгойгоо маажаад суух нь ичмээр бас эмгэнэлтэй.
Үнэхээр сайдын хэлснээр багахан хэмжээний санхүүжилт юм бол сав л хийвэл алгаа тосоод, арчаагаа алдаж хувийн хэвшлээс гуйж суухаар төр өөрийнхөө мөнгө, санхүүжилтээр эрчим хүчнийхээ асуудлыг шийдэх талаар ярьсан бол олон улсын хөрөнгө оруулагчдын өмнө нүүр бардам байх байлаа.
Түүнчлэн сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хэрэгжиж байгаа хэд хэдэн төсөл, хөтөлбөрийг хэрхэн гацааснаа ярихаар хэн энэ салбарт хөрөнгө оруулахыг бодох вэ дээ. Тухайлбал, анх хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахдаа үнэ өртөгийг нь зөвшөөрчихөөд сэргээгдэх эрчим хүч нийлүүлэх үнийн дүнгэээс одоо эргэж буцаж, нийлүүлэх өртөг үнэтэй байна хэмээн гэдийж байгаа нь энэ чиглэлээр хөрөнгө оруулахаар сонирхож буй хэнийг ч үлдэн хөөнө. Олон улсад монголчууд хэлсэн, ярьсандаа байдаггүй, замын голоос эргэж буцдаг учраас найдвартай түнш биш гэсэн яриа байдаг нь үнэн. Тэгвэл өнгөрснөөсөө суралцаж, алдаагаа давтахгүй байх талаар ярих биш өнгөрсөнтэйгөө зууралдаж, алдаагаа давтаж сууна. Ямартай ч эрчим хүчний сайд Б.Чожилсүрэн хөрөнгө оруулагчдад эрчим хүчний салбарын, системийн талаар бодит байдлыг ний нуугүй үнэнээр нь өчлөө. Үнэндээ хөрөнгө оруулагчид биднээр хэлүүлсэн хэлүүлээгүй бодит байдлын талаар биднээс ч илүүг мэдсэн, бас судалсан байгаа. Гагцхүү цаашид эрчим хүчний салбарт сэргээгдэх эрчим хүчний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр ямар хууль эрхзүйн орчин бүрдүүлж ажиллах нь асуулт бас анхаарлын тэмдэгтэй үлдлээ.
Холбоотой мэдээ