Цаг уур орчны шинжилгээний газар, Нийслэлийн Онцгой байдлын газраас өчигдөр /2023.07.23/ 15:00 цагаас эхэлж орсон борооны улмаас эрсдэл учирч болзошгүйг тогтмол анхааруулж буй. Гэвч түр зуурын ширүүн борооны дараа өчигдөр хоёрхон цагийн дотор нийслэлд олон авто зам эвдэрч, зорчих боломжгүй болсон нь иргэдийг бухимдлыг ихэд төрүүллээ.
Ус ихтэй, эвдэрсэн, нурсан замуудын цахилгааныг тасдаж, хотын удирдлагууд холбогдох албаныхан ажиллаж байгаа ч зарим замд хөдөлгөөн хязгаарласан хэвээр байна.
НОБГ-ын дарга А.Дашнямын хэлснээр “Онцгой байдлын алба хаагчид холбогдох албаныхны хамт 38 байршилд ус соруулж байна. Мөн 10 байршилд цахилгаан тасалсан. Хүний амь эрсэдсэн тохиолдол гараагүй.
Тэрэлж, Налайх хоорондын зам усанд автаж, дүүргийн онцгой комисс ажиллаж байгаа.
СӨХ-дод үерийн нөхцөл байдлаас сэргийлж, В1 давхрыг анхаарах, шуудайтай шороо бэлтгэх чиглэл өгсөн” гэсэн юм. Харин бусад замуудад гарсан эвдрэлийг шуурхай засварлаж ажиллаж байгаа бөгөөд чиглэлийн хөдөлгөөнийг бүрэн хаасан зам байхгүйг нийслэлээс мэдээлсэн.
Замын зорчих хэсэг эвдэрсэн Хан-Уул дүүргийн 22 дугаар хороо болон бусад газарт Нийслэлийн авто замын газар, НОБГ ажиллаж байгаа аж.
Зорчих боломжгүй эвдрэл үүссэн замуудын засварыг гүйцэтгэгч компани хийх юм. Иргэдийн хэлж байгаагаар Хотын дарга, холбогдох албаныхан эвдэрсэн зам дээр очиж мэргэжлийн инженер, ажилчдад чиглэл өгөхийн оронд үерийн эрсдэл үүссэн байршлуудад яаралтай арга хэмжээ авч, далан сэтэлсэн, төлөвлөлтгүй барилга, орон сууц барьсан аж ахуй нэгжүүдэд очиж чиглэл өгөхийг шаардав.
Эргэн сануулбал, долдугаар сарын 6-нд орсон түр зуурын борооны улмаас Сэлбэ голын ойролцоо оршин суудаг олон иргэн, аж ахуй нэгж эд хөрөнгөөр хохирсон.
Гэвч холбогдох албаныхан одоог хүртэл дорвитой арга хэмжээ авахгүй байгааг иргэд цахим хуудастаа шүүмжилж байна.
Холбоотой мэдээ