Монгол Улс эрчим хүчний хувьд ОХУ-аас хараат байсаар өдийг хүрсэн. Өнгөрсөн Бямба гаригт ОХУ-д цахилгаан дамжуулах агаарын шугам гэмтсэн тул цахилгаан тасарснаас үүдэж, Улаанбаатарын тэн хагас нь, Дархан, Сэлэнгэ, Орхон, Завхан аймгийн зарим сумд, Хэнтий аймаг гээд олон газар цахилгаан хязгаарлагдав. Цахилгаан хязгаарлагдсан байдал богино хугацаанд байсан боловч албаныхны зүгээс ОХУ-аас ямар нэгэн байдлаар мэдэгдэхгүйгээр цахилгаан хязгаарласан гэдгийг мэдэгдэж байв. Гэвч богино хугацаанд ажиллаж, бүх газруудыг цахилгаанд холбосон юм.
Мэдээж гэнэтийн осол аваар, гэмтлийг урьдчилан тооцоолж болохгүй ч ОХУ-ын зүгээс нэг л өдөр эрчим хүчний хязгаарлалт хийвэл улсынх нь тэн хагас нь цахилгаангүй болох тийм л эрсдэлтэй нөхцөлд бид амьдарч байгааг харав, үзэв. Ийм үйл явдал энэ удаад ч ганц удаа болоогүйг энд тодотгоё.
Нийслэлчүүд төдийгүй монголчуудад тулгамдаж буй асуудал бол эрчим хүчний хомсдол. Бид эрчим хүчний хомсдолыг бууруулах, дэд бүтцээ нэмэгдүүлэх талаар олон жил ярьж байгаа ч өнөөдөр ч бидний ярьдаг V цахилгаан станц зэрэг том төслүүд цаасан дээр хэрэгжсээр нэг л өдөр бид гал алдах эрсдэлтэй нөхцөлд байгааг эрчим хүчний салбарынхан хэлж, сануулж байгаа. Бид эрчим хүчний салбараа орхигдуулж, энэ салбарт томоохон бүтээн байгуулалт хийхгүй явж ирсний хариуд Эрчим хүчний сайд нь “аргална даа” гэж хэлээд сууж байх хэмжээний нөхцөлд ирснийг харуулж байна. Өнөөдрийн нийгэмд тог, цахилгаагүйгээр хөгжил дэвшил, хүний амь нь ч хамааралтай болсон ийм нөхцөлд нэгхэн цаг цахилгаан байвал юу болох вэ гэдгийг тооцоолоход ч хүндрэлтэй.
Жилээс жилд хүн амын тоо нэмэгдэж, сум, суурингаас эхлээд цахилгаангүй, цахилгаанаар ажилладаггүй юмгүй болсон, цаашид ч эрчим хүчний хэрэглээ улам л нэмэгдэж, тэлнэ.
Гэтэл бид өнөөдөр ч цаасан дээр ярьсан хэдэн цахилгаан станцын төслүүдээс өөрцгүй, өвлийн ид ачааллын үед гал алдчих шахам байсаар, аргалсаар хэр удаан тэсэх вэ.
Үндэсний их баяр наадмын дараахан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эрчим хүчний салбарынхантай уулзаж, салбарын тулгамдаж буй асуудал болоод ирэх өвлийг хэрхэн давах, нөхцөл байдал ямар байгаатай танилцсан. Тэр үеэр ч албаныхан гал алдах нөхцөлтэй, аргацаасан шийдвэрээр удаан тэсэхэд хүндрэлтэйг дуулгасан. Дээрээс нь улс даяар хур бороо ихтэй, үер бууснаас үүдэж, саяхан баруун аймгууд тоггүй болж, нийслэлд ч олон цагаар цахилгаан хязгаарлаж, энэ мэтээр тулгарч буй гамшигт ч бэлэн биш гэдгээ албаныхан хэлээд буй.
Эрчим хүчний хомсдол, асуудлаас гарах ганцхан гарц байгаа нь шинэ эх үүсвэр. Одоогоос 10 жилийн өмнө л V цахилгаан станц барих асуудал яригдаж байсан, өнөөдөр ч яригдсаар. Эрчим хүчний салбарын том төслүүд дандаа л цаасан дээр хэрэгжихээс амьдрал дээр ажил хэрэг болсон зүйлс нэг ч алга.
Монгол Улс эрчим хүчээ нэмэгдүүлэх, дотоодынхоо хэрэгцээг хангах зорилгоор ДЦС-5, Багануур, Бөөрөлжүүт, Эгийн голын цахилгаан станцын төслийг санаачилсан ч олон жил яригдсаар царцсан. Өдрөөс өдөрт эрэлт нь нэмэгдэж, нийлүүлэлт нь хүрэлцэхгүй байгаа эрчим хүчний хэрэглээг хангахын тулд царцсан цахилгаан станцуудыг төслүүдээ зоригтойгоор хөрөнгө оруулж, бүтээн байгуулахаас өөр гарц үгүй, Монголд.
- Дулааны V цахилгаан станц барих төслийг анх 2011 онд эхлүүлж байв. Төрийн шийдвэрээр 2017 онд ашиглалтад оруулах ёстой байсан ч сүүлийн найман жил цаасан дээр бичигдснээс өөр бүтээн байгуулалт өрнөөгүй.
- Монголын эрчим хүчний системд эргэлт авчрах учиртай Эгийн голын усан цахилгаан станцын төсөл нь 30 жилийн настай. Анх 1991 онд энэ тухай шийдвэр гарч байсан. Үүний дараагаар 1992-1995 онд Швейцарь, Итали, Монголын компаниудын хийсэн ТЭЗҮ, Байгаль орчны нарийвчилсан үнэлгээг үндэслэн, 1996-1997 онд Монголын Засгийн газар төслийг хэрэгжүүлэх арга хэмжээ авсан ч бодит ажил хэрэг болж чадаагүй юм.
- Эрчим хүчний доголдлыг хаах, өсөн нэмэгдэх хэрэглээг хангах маш чухал төсөл бол Багануурын станц. Уг төслийн өртөг 1.2 тэрбум ам.доллар. Уурхайг түшиглэн 700 мвт-ын хүчин чадалтай цахилгаан станц барих-ашиглах-шилжүүлэх концессын гэрээг 2015 онд “Багануур-Пауэр” компанитай байгуулж байв. Гэрээнд тусгаснаар БНХАУ-ын хөрөнгө оруулалтаар Чойр-Нялгын нүүрсний ордыг түшиглэн 700 МВт-ын суурилсан хүчин чадал бүхий дулааны шинэ станцыг барьснаар иргэд, албан байгууллага, ААН-үүд нэг квт цахилгааныг 9 цент буюу 225 төгрөгөөр худалдан авахаар заажээ. Уг төслийн бүтээн байгуулалт 2017 оноос эхэлсэн ч 2018 онд гацсан.
Энэ мэтчилэн засаг барьж байгаа нам бүрийн мөрийн хөтөлбөрт, Засгийн газрын бодлогод тусдаг олон цахилгаан станцуудыг нэрлээд байвал урт жагсаалт гарна. Тухайлбал, Шүрэнгийн цахилгаан станц, Тавантолгойн цахилгаан станц, Орхон говь, Хэрлэн говь гэх мэт эдийн засаг төдийгүй тухайн бүс нутаг, хүн амд зайлшгүй шаардлага, хэрэгцээтэй, ирээдүйн үйлдвэрлэл, хөрөнгийн үүц байхаар стратегийн ач холбогдолтой төслүүд одоог хүртэл урагшлаагүй, цаасан дээр байсаар.
Ганц гэрэл асаах мэдээ гэвэл Франц улсын Ерөнхийлөгч Эм Макрон Монгол Улсад айлчлах үеэр эрчим хүчний салбарт тус улстай шаргуу ажиллах төлөвлөгөөтэй байгаа явдал.
Францын Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр хоёр улсын Ерөнхийлөгч “Эрчим хүчний салбарын хамтын ажиллагааны хүрээнд “Бадрах Энержи ХХК”-ийн Зөөвч-Овоо төслийн хөрөнгө оруулалт болон хувьцаа эзэмшигчдийн гэрээний төслөөр яриа хэлэлцээг эрчимжүүлж, ирэх намар байгуулах чиглэлээр ажиллана. Мөн сэргээгдэх эрчим хүчний салбарт францын хөрөнгө оруулалтыг дэмжих, нэмэгдүүлэх, эрчим хүчний эх үүсвэрийг төрөлжүүлэх, цэвэр эрчим хүчинд шилжих чиглэлээр ажиллах” талаар ярилцсан явдал. Мэдээж өнөөдөр өгөөжөө өгөхгүй ч цаасан дээр хэрэгжсэн олон төслүүд, салбарын сайдын “аргалдаг” байдлаас харвал эрчим хүчний салбарыг “аврах” нэг гарц нь энэхүү айлчлал байж болох юм.
Хамгийн алдагдалтай хэрнээ аргалсаар ирсэн ганц салбар бол эрчим хүчний салбар. Жил бүр эрчим хүчний салбарын алдагдлыг нөхөх, бууруулах талаар ярьдаг ч хойд хормойгоороо урд хормойгоо нөхсөөр өнөөдөртэй золгож байна. Цаашид бид хэдэн цахилгаан станц цаасан дээр хэрэгжүүлж, гал алдаж, алдагдал хүлээсээр байх вэ. Юу юугүй намар, өвөл хаяанд ирлээ. Дахиад л "аргалаад" суух уу эсвэл зоригтой шийдвэр, бүтээн байгуулалтаа эхлүүлэх үү, Б.Чойжилсүрэн сайд аа!
Холбоотой мэдээ