Д.Рудиша 800 метрийн зайд рекордоо шинэчиллээ

Хуучирсан мэдээ: 2010.08.30-нд нийтлэгдсэн

Д.Рудиша 800 метрийн зайд рекордоо шинэчиллээ

Германы нийслэл Берлин хотноо хэдхэн хоногийн өмнө 800 метрийн гүйлтэд дэлхийн дээд амжилтыг эвдсэн Кенийн залуу тамирчин Дэвид Рудиша өчигдөр Италийн Риети хотноо өөрийн тогтоосон рекордоо шинэчиллээ. Нэг минут, 41,09 секундын амжилтаар дэлхийн дээд амжилтын эзэн болсон тэрбээр ердөө наймхан хоногийн дараа Италид өөрийн амжилтаа 0,08 секундээр ахиулж, 800 метр зайг 1:41,01 секундэд туулсан байна. Өмнө нь, тус зайд 1997 онд Кени гаралтай Данийн тамирчин Уилсон Кипкетер нэг минут, 41,11 секундын амжилтаар дэлхийн дээд амжилтыг тогтоож байсан бөгөөд өдгөөг хүртэл 10 гаруй жил энэ амжилтыг эвдэх хүн байхгүй байв. Харин Рудишагийн тухайд Африк тивийн аварга тамирчин боловч 2009 оны Берлинд болсон дэлхийн аваргын үеэр ердөө хагас шигшээд л шалгарсан билээ. Өчигдрийн тэмцээнд түүний араас 1:43,76 секундын амжилтаар нутаг нэгт Киплагат Лаланг хоёрдугаарт бариалсан бол гуравдугаар байрт АНУ-ын Ник Саймондс шалгарчээ.

Риети хотноо өчигдөр болсон уулзалт тэмцээний үеэр мөн Ямайкийн спринтер Неста Картер 100 метрийн гүйлтэд 9,78 секунд хурдалж, энэ зайн домогт тамирчдын нэг Тайсон Гейн шилдэг амжилтыг давтжээ. Харин хоёрдугаар байрт АНУ-ын тамирчин Рьян Бейли /9,88/, гуравт Ямайкийн Марио Форсит /9,95/ нар хурдалсан байна.
 
С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж