Мэргэжлийн сумогийн долдугаар сарын дээд зиндааны өнөөдрийн шийдвэрлэх барилдаанд сэкивакэ Хошёорюү Сугаррагчаагийн Бямбасүрэн ялалт байгууллаа. Тэрбээр Монгол Улсын манлай заан Д.Долгорсүрэнгийн ач хүү аж. Тодруулбал, Д.Долгорсүрэн зааны ууган хүү Д.Сугаррагчаагийн дунд хүү юм байна.
Долдугаар сарын башёд ялалт байгуулсан түүнийг Д.Дагвадоржийн харц, төрх, цөс, характер харагдаж байна аа хэмээн шуугиж байна.
Сүүлийн гурван башёд арслан озэки цолны болзол 33 даваагаа биелүүлэхдээ түрүүлж давуулан гүйцэтгэжээ.
Мэргэжлийн сумогийн долдугаар сарын дээд зиндаанд ялалт байгуулж, цом гардсан С.Бямбасүрэнгийн талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “Миний том ах Д. Сугаррагчаагийн дунд хүү Хошёорюү С. Бямбасүрэн Японы мэргэжлийн сумогийн Дээд зиндааны долдугаар сарын барилдаанд 12 даваа, 3 унаатайгаар Эзэн хааны цомыг анх удаа гардаж, ОЗЭКИ цолны болзлоо хангалаа.
Японы мэргэжлийн сумогийн долдугаар сарын тэмцээн долдугаар сарын 9-23-ны өдрүүдэд Нагоя хотын "Aichi Prefectural Gymnasium" ордонд болсон юм. Зуны тэмцээнд "Тацүнами" дэвжээний бөх, зүүн жигүүрийн сэкивакэ Хошёорюү Сугаррагчаагийн Бямбасүрэн 12 даваа, 3 унаатай Эзэн хааны цомыг анх удаа гардсанаас гадна гурван тэмцээний нийлбэр даваа нь 33 болж мэргэжлийн сумогийн түүхэнд 257 дахь озэки цолны болзлыг биелүүлэв. Улмаар нэмэлт барилдаанд маэгашира Хокүтофүжиг давснаар дээд зиндаанд түрүүлсэн Монголын 10 дахь сумоч боллоо. Дүүдээ улам өндөр амжилт хүсье” гэж нүүр номоороо дамжуулан баяр хүргэж, амжилт хүслээ.
Сануулахад, асашёорюү Д.Дагвадорж 2017 онд Хошёорюү С.Бямбасүрэнд хандан "За дүү минь их сумогийн замнал чинь өнөөдрөөс эхэлж байна. Эзэн хичээвэл заяа нь хичээнэ ээ. Уулын оройг биш өлмий доорх чулуугаа харж яваарай! Ах нь долоон жил сумо бөх үзсэнгүй ээ! Одоо чамайг харна!
Их спортод чин сэтгэлээсээ шимтэн чин зоригоороо тэмцэж яваарай ! Бусад нь өөрт чинь байгаа” гэж нүүр номоороо дамжуулан захиас захисан юм. Тэр цагаас хойш монголчууд түүнийг Асашёорюү Д.Дагвадорж аваргын залгамж халаа болж, хэзээ цахиур хагалах болоо гэж хүлээж эхэлсэн билээ.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ