НЭМЭЛТ:
Улаанбаатар хотод орсон борооны улмаас 22:00 цагийн байдлаар Баянгол дүүрэгт 38, Баянзүрхэд 64, Сүхбаатарт 26, Хан-Уулд 106, Чингэлтэйд 18, Налайхад 4, Сонгинохайрхан дүүрэгт 5, нийт нийслэлийн хэмжээнд 254 дуудлага мэдээлэл бүртгэгдээд байна.
Нийт 25 байршилд ус соруулж байгаа бөгөөд 10 байршлын усыг соруулж дууссан.
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээний 54 дэд өртөөнд холбогдсон 14,132 хэрэглэгчийн цахилгааныг болзошгүй эрсдэлээс сэргийлж тасалсан. 13 дэд өртөө, 3041 хэрэглэгчийн цахилгаан эрчим хүчийг сэргээгээд буй.
Нийслэлийн хэмжээнд нийт 157 алба хаагч 17 техник хэрэгсэл, 19 мотопомптой үүрэг гүйцэтгэж байна.
Улаанбаатарт орсон борооны улмаас нийтийн байрны подволиуд усанд автжээ
Улаанбаатар хотод өнөөдөр 15:00 цагийн орчимд усархаг бороо 20 минут орчим орж, эрчим нь саарсан ч 15:35 цагийн орчмоос буцаж ширүүссэнээр үер бууж болзошгүй байна.
Одоогоор Нийслэлийн Онцгой байдлын газарт бороо орсноос хойш 16 дуудлага ирээд буй аж. Ихэнх дуудлага Баянзүрх, Хан-Уул дүүргээс ирсэн бөгөөд “Байрны подволь усанд автсан. Байрны граж усанд автсан” гэх дуудлага зонхилж байна гэлээ. Нийслэлийн Онцгой байдлын аврагчид дуудлага өгсөн газруудад одоо ажиллаж буй аж.
Улаанбаатар хотын төв хэсгийн авто зам нэлэнхүйдээ усанд автсан байдалтай байна. Борооны ус зайлуулах шугам хангалттай бус, байгаа шугамынх нь 80 хувь шахам ашиглалтын шаардлага хангахгүй болсноос хотын төв хэсэг бороо орох бүрийд усанд автах болсон.
Гэр хороололд ч амаргүй байдаг ч одоогоор Нийслэлийн Онцгой байдлын газарт энэ чиглэлийн дуудлага ирээгүй байна. Гэхдээ өнөөдөр 10:52 цагт "Баянзүрх дүүргийн 23-р хороо Улиастайн гүүрний дээд талд голд автомашин суусан" гэх дуудлага ирсэн. Дуудлагын дагуу Аврах ангийн бүрэлдэхүүн автомашиныг татан гаргаж, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, бага насны хүүхэд зорчиж байсныг аюулгүй байдлыг ханган ажиллажээ.
Цаг уур орчны шинжилгээний газраас өнөө, маргаашдаа төвийн аймгуудын ихэнх нутгаар усархаг аадар бороо орох тул болзошгүй нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Холбоотой мэдээ