Оролцохгүй ажил, зандрахгүй сэдэв гэж байдаггүй мэргэн, түргэн Засгийн газрын гишүүн бол Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ болоод буй. Өнгөрсөн хэд хоногт байгаль бохирдуулсан аялагч нартай нүүр номоороо дамжуулан салам үзэлцсэн тэрбээр Хөвсгөл нуурт давхиад оччихсон ээлжит сельфигээ хийж, ажлаа тайлагнав. Түүний дуулгаснаар Хөвсгөл нуурт живсэн машин техникийг татан гаргах штабт ажиллажээ. Гэхдээ Б.Бат-Эрдэнэ сайдыг энэ удаад штабт ажиллах үед албаныхан Хөвсгөл нуураас хараахан живсэн машин татан гаргаж ирж чадаагүй бололтой. Хэрэв татан гаргасан бол нүүр номондоо нийтэлж, шуугиулахгүй юу. Гэхдээ Засгийн газар 2020-2024 оны хөтөлбөртөө Хөвсгөл нуурт живсэн машин техникийг татан гаргах төлөвлөгөөг суулгасан тул цаашид ч энэ ажил зогсолтгүй үргэлжлэх юм байна. Энэ тухайгаа тэрбээр “Хөвсгөл нуурт живсэн машин техникийг татан гаргах штабт ажиллалаа. Өнгөрсөн 2022 онд хэд хэдэн обьектийг илрүүлсэн бөгөөд хэдхэн хоногийн өмнө тухайн обьектуудаас 1968 онд живсэн тракторыг Онцгой байдлын ерөнхий газар ЗТХЯ – Монгол Улсын Далайн захиргаа албан хаагчид нуурын ёроолоос татан гаргасан билээ.
Монгол Улсын Засгийн газар 2020-2024 хөтөлбөрт нуураас татан гаргах төлөвлөгөөг суулгасан бөгөөд ажил ийнхүү явагдсаар байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Khurelsukh Ukhnaa санаачлагаар Хөвсгөл нуурийг хамгаалах улсын зөвлөгөөн болж үргэлжлүүлэн ажиллаж байгаа бөгөөд энэ ондоо багтаан Хөвсгөл нуурыг хамгаалах захиргааг байгуулахаар Байгаль орчин, аялал жуулчлалын яам ажиллаж байна” хэмээжээ.
Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч О.Амартүвшин нүүр номын хуудсаараа дамжуулан "Киргиз жилд 6.9 сая жуулчин хүлээн авдаг юм байна. Хүн амынхоо тоотой тэнцүү. Манайх одоогоор 300 гаруйхан мянган жуулчин хүлээн авсан. Үүнээс илүүг багтааж шингээж ч чадахгүй. Бараг тал шахуу нь ОХУ-ын иргэд. Тэгээд төр засгийн буян ч гэх шиг юун ч их уянгалдаг юм бэ" гэж жиргэсэн юм.
Үүнд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд эгдүүцэж, хариуг нь барилаа. Тэрбээр нүүр номондоо "Танхимын ерөнхийлөгч гэх нөхөр ингэж суухаар бизнесүүдийг идэвхжүүлж ажлын арга барилдаа анхаар! Төр кемп, зочид буудал барихгүй. Эрхзүйн орчинд нь дэмжих бодлогод нь анхаараад санал солилцоод явах! Танхимыг намын харьяалалаас салгах хэрэгтэй гэдэг нь энэ хандлагаас нь маш тодорхой харагдаж байна. МҮХАҮТ намаас хараат бус байх хэрэгтэй!" гэсэн юм. Эл тайлбарт зарим жиргээч хариу барьж "Гүйэээ сайд аа өөрийнхөө ажлыг нуглаач ээ. Юун хүний юм бэ ажлаа хий сайдаа" гэв.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ