"News" агентлаг энэ долоо хоногт нийгэм, эдийн засгийн амьдралд өрнөсөн онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна.
Ховд аймгийн Мянгад сумын нутагт байрлах төрийн тахилгат Алтан хөхий уулын тэнгэрийг тайх ёслол өчигдөр/2023.07.22/ боллоо.
Эх болсон байгаль дэлхийгээ хайрлан хамгаалж, уул усаа шүтэн дээдэлдэг өвгөдийн заншлыг уламжлан өвлүүлэх зорилго дор Алтан хөхий уулыг тайх ёслолыг таван жил тутамд хийдэг уламжлалтай.
Төрийн тахилгат уулыг тайх ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч биечлэн оролцдог ч энэ удаагийн ёслолд оролцсонгүй. Харин Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Д.Бум-Очир, Засгийн газрын гишүүн болох УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг тэргүүтэй албаны хүмүүс мөн нутгийн удирдлага, ард иргэд оролцлоо.
Алтан хөхий уул нь Ховд аймгийн Мянгад сум, Увс аймгийн Өмнөговь, Өлгий сумын нутгийг дамнан орших үзэсгэлэнт сайхан байгальтай, бие даасан томоохон нуруу аж. Алтанхөхий уул Алтны эх хэмээх газар Алтанхөхий хайрханы баруун энгэр, Ховд голын хөндийд оршдог байна. Алтанхөхий уулыг 2005 оны гуравдугаар сарын 30-нд Ерөнхийлөгчийн 44 тоот зарлигаар төрийн тахилгат уул болгож, анхны тахилга нь 2005 онд болжээ. Алтны эхийн ойролцоо мөөг, сонгино зэрэг хүнсэнд хэрэглэдэг ургамлаас гадна хүний нүдэнд тэр бүр өртөөд байдаггүй жамъянмядаг, вансэмбэрүү, алтангагнуур, гишүү балчирган зэрэг ховор төрлийн ургамал ургадаг. Ууландаа гөрөөс, янгир, аргаль гэх мэтийн ховор амьтад идээшилдэг, байгалийн үзэсгэлэн бүрдсэн нуруу юм.
Төрийн тахилгат Алтан хөхий уулын тэнгэрийг тайх ёслолын үеэр 32 бөхийн барилдаан, азарга, дааганы уралдаан, урианхай сурын тэмцээн зохион байгуулжээ.
Алтан Xөхий хайрхны тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслолд Улаанбаатар, Дархан Эрдэнэт хот болон Ховд, Увс аймгийн хил залгаа сумдын иргэдийн төлөөлөл оролцсон байна.
Тахилгын өмнөх орой буюу долдугаар сарын 21-нд уламжлалын дагуу Долоон бурхан одны тахилгыг аймгийн Засаг даргын Тамгын газар зохион байгуулжээ.
Энэ үеэр аймгийн төв хийдийн лам нар Итгэл, Ганданлажаа, Өлзийхутаг буулгах сан болон долоон бурхан од тус бүрд тахилгын ном хурж сүсэгтэн олон даган баясчээ.
Дархан аварга Ж.Мөнхбат агсны дурсгалд зориулан чээж баримлыг нь босгов
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпийн мөнгөн медальт, дэлхийн аваргын хүрэл медальт, даяар дуурсагдах, далай даян Дархан аварга Жигжидийн Мөнхбат агсны дурсгалд зориулан төрсөн нутаг Төв аймгийн Эрдэнэсант суманд өнгөрсөн Баасан гаригт/2023.07.21/ чээж баримлыг нь босголоо.
Төв аймгийн Эрдэнэсант сум, мөн тус сумын ерөнхий боловсролын сургууль үүсэн байгуулагдсаны 100 жилийн ой энэ онд тохиож буй бөгөөд домогт аваргын гэргий, үр хүүхдүүд, ахан дүүс, олон зуун шавь, сум орон нутгийн удирдлагын санаачлагаар энэхүү баримлыг бүтээсэн юм байна.
Баримлыг уран барималч Ж.Түмэнчулуун бүтээжээ. “Тамгагүй төр” жүжгийн Ачир Хүчир нарын нярай үеийн биеийг бүтээснээрээ олонд танигдсан уран бүтээлч аж.
Монгол Улсын Тод манлай уяач Д.ДАВААХҮҮ:
-Энэ хүн бол Монгол Улсын нэрийг тив дэлхийд гаргаж, олимпоос Монгол туургатны голомтод анхны медалийг авч ирж, замыг нь зааж өгсөн их аварга. Монгол туургатны голомтын их аварга хүн. Энэхүү гэрэлт хөшөөг бүтээсэн та бүхэндээ их баярлалаа, талархалаа илэрхийлье. Мөн энэ сайхан хүнийг өчнөөн жил авч явж, бөхийн хаан төрүүлсэн Ө.Тамир эгчдээ урт насалж удаан жаргахыг хүсэн ерөөе.
Дэлгэр Монголын маань эх нутагт энэ хүн шиг олон сайхан бөхчүүд төрөхийг хүсэн ерөөе. Их аварга маань барилдвал давдаг эр байсан юм, 50 -иад жил дүү нь болж явсан юмаа би. Та бүхэндээ сайн сайхныг хүсэн ерөөе.
Монгол Улсын Дархан аварга Г.ӨСӨХБАЯР:
-Сайхан зусацгааж байна уу, та бүхэндээ Эрдэнэсант сумын 100 жил, Эрдэнэсант сумын ерөнхий боловсролын сургуулийн 100 жилийн ойн халуун мэнд хүргэе. Ж.Мөнхбат багшийн мань энэ сайхан дүрийг цээж баримлыг төрөлх сургуулийнх нь дэргэд босгож, нээлтэд нь оролцож байгаадаа сэтгэл их өөдрөг, баяртай байна. Монгол үндэстний бөх гэдэг хэдэн мянган жилийн түүхтэй, Монголын ард түмний том өв соёл юм. Өөрийн бяр хүч, оюун ухаан, бүхий л чадлаараа тодрон гардаг Монгол бөхийн Дархан аварга гэдэг сайхан алдрыг хүртсэн тив дэлхий олимпод монголчуудаа түүчээлж, амжилт гаргасан ийм сайхан алдартай домогт аваргын нутаг гэдгээрээ та бүхэн бахархахгүй байхын аргагүй. Миний хувьд Ж.Мөнхбат багшдаа шавь орсноос хойш 30 жил болж байгаа юм байна, сая бодож суулаа. Залуу бөх багшдаа хадаг бариад шавь орж байлаа. Багшийнхаа ачаар бөхийн өндөр цолонд хүрлээ. Багш маань бөхийн эрдэм ном арга мэхийг өөрийн хүүхэд шигээ л зааж, хайрлаж, амьдралын их ухааныг ч зааж өгсөн ачтай буянтай хүн байгаа юм. Эрдэнэсантчууддаа баяр хүргэе. Чээж баримлыг бүтээсэн уран бүитээлчиддээ мөн баяр хүргэе. Ө.Тамир эгч тандаа урт наслахыг хүсэн ерөөе. Үр хүүхдүүд та бүхэнд эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Эрдэнэсант сумаас олон олон аварга, хүчтэнүүд төрөх болтугай.
Дархан аварга Ж.Мөнхбат агсны ууган хүү М.БАТХУЯГ:
-Төв аймгийн удирдлага, Эрдэнэсант сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга болон нутгийн зөвлөл, нутгийн олон та бүхэндээ талархаж байгаагаа илэрхийлье.
Хөшөөг бүтээсэн уран бүтээлчээ сая хайгаад олсонгүй, хамт гарч зогсоод алдаршуулъя гэж бодсон юм. Энэ сайхан хөшөөг Архангай аймгийн Хашаат сум, нарийн ярих юм бол Ч.Санжаадамба аваргын удмын хүн байгаа юм. н.Түмэнчулуун гэдэг. Энэ хүндээ талархал илэрхийлье. Нутгийн зон олон та бүхэн маань сайхан наадаарай.
Баримлыг нээх ёслолын арга хэмжээнд Дархан аварга Ж.Мөнхбат агсны гэргий Ө.Тамир, шавь Монгол Улсын Дархан аварга Г.Өсөхбаяр, Монгол Улсын Тод манлай уяач Д.Даваахүү, Төв аймаг болон Эрдэнэсант сумын Засаг дарга, тус сумын сургуулийн удирдлага, мөн нутгийн зон олон оролцож, цээж барималд хүндэтгэл үзүүллээ.
УЕПГ албан тушаалтнуудыг шалгаж эхэллээ
Улсын ерөнхий прокурорын газар /УЕПГ/ үерээс хамгаалах далан суваг шуудууг таглаж, барилга барих зөвшөөрөл олгосон эрх бүхий албан тушаалтнуудыг шалгах ажлыг эхлүүлэхээр болж, ажлын хэсэг байгуулжээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Улаанбаатар хотод үүссэн үер, усны аюултай нөхцөл байдлын улмаас төр, олон нийтэд учирсан хохирлыг үерийн далан, суваг таглаж барилга байгууламж барих зөвшөөрөл өгсөн, барьсан, хууль зөрчиж газар олгосон эрх бүхий албан тушаалтан, хуулийн этгээдээс нөхөн төлүүлэх нэхэмжлэл гаргах тухай” хүсэлтийг прокурорын байгууллагад ирүүлсэн юм байна.
Иймээс УЕПГ нь төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чиг үүрэг, хуулиар олгогдсон эрхийн хүрээнд хүсэлтийг шийдвэрлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх үйл ажиллагааг шуурхай зохион байгуулах ажлын хэсгийг байгуулжээ.
Ажлын хэсэг нь усны сан бүхий газарт тогтоосон хамгаалалтын бүсийг зөрчиж газар олгосон, барилга байгууламж барих зөвшөөрөл өгсөн, барьсан эрх бүхий албан тушаалтан, хуулийн этгээдийн үйл ажиллагаа, шийдвэр, үер, усны аюултай нөхцөл байдал үүссэн шалтгаан нөхцөл, хохирлыг тодорхойлсон баримт бичгийг холбогдох байгууллагаас гаргуулан авах, төр, нийтийн ашиг сонирхолд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх нэхэмжлэл гаргах, гэмт хэргийн шинжтэй үйлдлийг мөрдөх байгууллагад шилжүүлж, шалгуулах арга хэмжээг хэрэгжүүлэхээр ажиллаж буй юм байна.
Сануулахад, наадмын өмнө орсон борооны улмаас Сэлбэ гол дагуу байршилтай 144 барилга байгууламж, оршин суугчдын автомашинууд усанд автаж, их хэмжээний хохирол үүсээд буй. Одоогоор хохирлыг тогтоохоор үнэлгээний компаниуд ажиллаж байгаа юм.
Барилга, байгууламж усанд автахад голын гольдрол өөрчилж, барилга байгууламж барьсан зэрэг хүчин зүйлүүд голлон нөлөөлсөн тул олон нийтийн зүгээс хууль зөрчин барилга барих зөвшөөрөл олгосон эрх бүхий албан тушаалтан, мөн барилга барих зөвшөөрөл авсан аж ахуйн нэгжүүд хариуцлага хүлээж, хохирлыг барагдуулах ёстой гэсэн асуудал дэвшүүлж байсан юм.
ОХУ-д цахилгаан дамжуулах шугам гэмтсэнээс эрчим хүч тасрав
Эрчим хүчээр ОХУ-аас хараат байгааг илэрхийлэх тасалдал өчигдөр өглөө үүсч, Улаанбаатар хот болон Хөвсгөл зэрэг аймгуудад цахилгаан тасрав.
"Тосонцэнгэл УСЦ" ТӨХК-иас "ОХУ-д цахилгаан дамжуулах агаарын шугам гэмтсэн тул цахилгаан тасарсан" гэдэг мэдээллийг цахим орчинд байршуулсан юм.
Харин УБЦТС ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Р.Дагдан "ОХУ-ын зүгээс бидэнд мэдэгдэлгүй цахилгаан хязгаарласан. Яаралтай буцаан залгаж байна. Хот даяар цахилгаангүй болоогүй" гэсэн юм.
Холбогдох байгууллагууд арга хэмжээ авснаар Улаанбаатар хотын хэмжээд цахилгаан хэвийн болсон. Мөн 110кВ-ын Мөрөн-Тэлмэнгийн цахилгаан дамжуулах агаарын шугаманд гэмтэл устгах засварын ажлыг гүйцэтгэснээр зарим аймгуудад үүссэн байсан доголдол засрав.
Холбоотой мэдээ