Тайванийн арал болзошгүй түрэмгийллээс өөрийгөө хамгаалах дадлага сургуулилалт хийхээр төлөвлөж байна. Тэгвэл сургуулилалт эхлэхээс хэдхэн хоногийн өмнө Хятад улсаас Тайвань руу 40 орчим байлдааны онгоц илгээжээ.
Тайвань ирэх долоо хоногт жил бүр зохион байгуулдаг цэргийн сургуулилалт, тэр дундаа байлдааны бэлэн байдлын дадлагыг хийж, агаарын дайралт тохиолдсон тохиолдолд энгийн иргэдээ нүүлгэн шилжүүлэхэд бэлтгэх гэж байна.
Нүүлгэн шилжүүлэх сургуулилт нь өмнөх жилүүдийнхээс ихээхэн зөрүүтэй байгааг илтгэж байгаа тул хүмүүсийн анхаарлыг татсан. Өмнө нь ихэвчлэн агаарын довтолгооноос хамгаалах дуут дохио дуугарч байгаа 30 минутын турш иргэдийг гэртээ байхыг шаарддаг бол энэ долоо хоногт цагдаа нар сургуулилт хийх үеэр гудамжинд гарсан хэнийг ч хамгийн ойр байрлах тэсрэх бөмбөгийн хоргодох байранд хүргэж өгөх болно.
Тайванийн 23 сая хүн амын гурван саяыг бүрдүүлдэг дүүргүүдийг хамарсан сургуулилалт өмнөхөөсөө хамаагүй илүү хүн амыг хамарч байна гэж “Financial Times” мэдээлэв.
Өргөтгөсөн сургуулилалтыг Тайванийг салан тусгаарласан муж хэмээн зарлаж, арлыг Бээжингийн мэдэлд буцаан оруулахын тулд хүч хэрэглэхэд бэлэн гэдгээ удаа дараа мэдэгдсэн Хятадын түрэмгий үг хэллэгийн хариу гэж олон нийт үзэж байна.
Төлөвлөсөн сургуулилтаас хэдхэн хоногийн өмнө Хятадын ардын чөлөөлөх арми 37 нисэх онгоц, долоон тэнгисийн цэргийн хөлгийг Баасан гаригийн өглөөний 06:00 цагаас өчигдөр өглөөний 6:00 цагийн хооронд арал руу илгээсэн гэж Тайванийн Батлан хамгаалах яам мэдэгдэв.
Арал руу илгээсэн агаарын хөлгүүдийн дунд “J-10”, “J-16” сөнөөгч, “H-6” бөмбөгдөгч онгоцууд байсан гэж мэдэгдэлд дурджээ.
Батлан хамгаалах яамны илрүүлсэн байлдааны онгоцнуудаас 22 нь арал ба эх газрын хоорондох албан бус хил гэж тооцогддог Тайванийн хоолойн дунд шугамыг давсан эсвэл Тайванийн агаарын довтолгооноос хамгаалах хамгаалалтын бүсэд нэвтэрсэн гэж мэдэгдэв.
ЭХ СУРВАЛЖ: THE INDEPENDENT
Холбоотой мэдээ