Энэ удаагийн ярилцлагын булангаараа бид уулын дугуйн баруун бүс төвийн бүс улсын аварга спортын мастер, Увсын Шонхорууд багийн ахлагч Л.Сод-Эрднэтэй ярилцлаа.
Юуны өмнө танд энэ өдрийн мэндийг хүргэе. Бидэнд өөрийгөө танилцуулаач?
Намайг Лхагвадоржийн Сод-Эрдэнэ гэдэг. Би Увс аймгийн Улаангом сумын 1-р цогцолбор сургуулийг 2022 онд төгссөн. Айлын ууган хүүхэд доороо таван дүүтэй. Манай аав зам тээврийн жолооч. Харин ээж маань хувиараа бизнес эрхэлдэг.
Яагаад заавал дугуйн спортоор хичээллэх болсон бэ?
Энэ спортоор хичээллэх болсон шалтгаан гэвэл багаасаа дугуйтай ойрхон өссөн. Хөлд орсон цагаасаа бараг унаж сурсан. Хамгийн анх 2011 онд гэр бүл хүүхэд хөгжлийн төв хамтарсан болон цагдаагийн ерөнхий газар хамтран зохион байгуулсан 6-р сарын 1нд болсон тэмцээнд ороод мөнгөн медаль авч байсан. Тухайн үед би маш их урам зориг авч гэх үү дээ. Мөнгөн медалийн тавцан дээр гарах агшин хамгийн гоё. Түүнээс хойш дугуйн спортдоо улам ихээр дурлаж сонирхож эхэлсэн. Дараагаас нь 2018 онд дугуйн холбоонд гишүүнчлэлээр элсэж орсон. Тэр үед надад цаанаас нэг тийм дотно мэдрэмж төрж байсан. Дугуй холбооны халуун дулаан уур амьсгал, намайг эелдгээр хүлээж авч байгаа байдал гээд бүх зүйл нь таалагдсан. Манай холбооны хувьд бид хамтдаа бэлтгэл хийдэг байсан. Түүнээс гадна Улсын чанартай тэмцээн уралдаан явах болгонд туслалцаа дэмжлэг үзүүлдэг. Тэр жил нь буюу 2018-2019 онд Олон Улсын мастер Увс аймгийн харьяат Т.Пүрэвдорж багшийн нэрэмжит тэмцээн болсон. 2 жил дараалан түрүүлсэн. Тэр жил багш маань надад Улсын чанартай тэмцээнд ороод үзээч гэх санал тавьсан. Багш нь чамд чадахаараа туслаж дэмжинэ гэж хэлсэн байсан. Тэр үед Улсын чанартай нэг тэмцээнд ороод өөртөө маш том сургамж авсан. Мөн шаргуу бэлтгэл хийж шаргуу хөдөлмөрлөж эхэлсэн. Тэгээд аймагтаа эргэн ирээд санаа нийлсэн хүсэл эрмэлзэлтэй хүүхдүүдтэй хамтарч нэг баг болоод бэлтгэл хийж эхэлсэн байдаг.
Энэ спортын талаар дэлгэрэнгүй яривал?
Дугуйн спорт монголд 3-н төрлөөр хөгжсөн. Бөөн гараат, цагийн уралдаан, уулын гэсэн гурван төрөлтэй. Багийн хамгийн сайн байгаа тамирчнаа барианд оруулахын тулд багаараа хурд авхаалж самбаа, арга барил техникээрээ хоорондоо уралддаг. Энэ спортод чансааны оноо гэдэг зүйлийг цуглуулдаг. Товчхондоо хамгийн өндөр амжилт үзүүлсэн тамирчныг хэлж байгаа юм. Харин ганцаарчилсан гараатай төрөл нь зөвхөн хувь хүний уралдаан учраас зөвхөн цагтай уралддагаараа онцлоготой. Энэ нь минут минутын зайтай тамирчдыг гаргаад тухайн тамирчид цагаар уралдаж байр эзэлнэ. Үүнд чансааны оноогоор хамгийн бага чансаатай тамирчин урд гардаг бол өндөр чансаатай тамирчин нь хамгийн хойно гардаг.
Энэ спортын тухайд монголд хэр хөгжсөн бэ?
Монголд дугуйн спорт хараахан хөгжөөгүй байгаа ч гэсэн маш чадвартай, өндөр техниктэй тамирчид их байдаг. Хэдий манай оронд өндөр түвшинд хүртлээ хөгжөөгүй ч гэсэн гадаад орнуудын өндөр түвшний тэмцээнд манай улсаас амжилттай оролцдог тамирчид маш олон байдаг. Эдгээр тамирчдадаа дэмжвэл Олон Улсын тэмцээн уралдаанд дээгүүр байр эзлэх боломжтой гэж би хувьдаа хардаг. Энэ спорт Европын улс орнуудад түлхүү хөгжсөн. Энэ нь хэрэглээ их байгаагаас шалтгаалдаг байх. Европ хүмүүсийн хувьд дугуй амьдралынх нэг хэсэг болчихсон. Мэдэж хэрэг маш олон давуу тал байгаа учраас сонгож хэрэглэдэг байх л даа. амьдралд хамгийн ойроор түгжрэхгүй, цаг заваа хэмнэнэ, эрүүл мэндэд тустай гэх мэтчилэн олон давуу талтай шүү дээ. Европын орнуудад үүсэж хөгжсөн болохоороо дэлхийн хамгийн том, хамгийн алдартай гэсэн тэмцээнүүд тэнд зохион байгуулагддаг.
Хичээллээд хэдэн жил болж байгаа вэ?
Миний хувьд 2018 оноос хойш спорт гэх төрлөөр нь түлхүү хичээллэж эхэлсэн байгаа. Одоо хичээллээд 5 дах жилдээ явж байна.
Багийн нэрний тухайд, багийнхаа гишүүдээ танилцуулвал?
Манай багийн нэрний хувьд “Увсын Шонхорууд” гэдэг нэртэй. Багийн тамирчдаас дурьдвал Н.Оргилболд, Т.Санчир, Т.Дагвадорж, Н.Мөнх-Оргил, Л.Мөнх-Оргил, Ш.Дөлгөөн гэх гишүүдээс бүрддэг. Манай багийн хувьд бүс болон Улсын чанартай тэмцээнүүдэд бэлдэж анхны бүсийн тэмцээн болох 2019 онд багаараа оролцоод мөнгөн медаль авч байлаа.Үүний дараа 2022 онд Баруун бүсийн аваргад тэргүүн байр эзэлж, Дархан 88 төвийн бүсийн анхдугаар наадамд багаараа байраа хадгалж тэргүүн байр эзэлсэн. 2021 онд Tour The Mongolia тэмцээнд багаараа 2-р байранд орж амжилтуудыг ар араасаа дагуулсан жил байлаа.
Бэлтгэлээ хэрхэн яаж хийдэг байсан бэ?
Бидний хувьд өдөрт 50-60км бэлтгэл хийдэг байсан. 2021 онд зэрэг ахиулах тэмцээнд орж багийн дөрвөн тамирчин маань спортын мастер болзол хангасан. Манай багийн гишүүд бүгд нэгнээ гэсэн сэтгэлтэй, нэг хүсэл зорилготой, санаа бодолтой, багийнхөө төлөө гэсэн зүтгэлтэй тамирчид байдаг. Алсдаа бид хэд хэдэн зүйлсийг төлөвлөчихсөн байгаа. Бидэнд ямар нэгэн дасгалжуулагч болон зааж сургах хүн хомс байдаг. Бид өөрсдөө бие дааж интернэтээс олон улсын тэмцээний бичлэг үзэж өдөр тутмын бэлтгэл дээрээ техникүүдийг нь давтаж бэлтгэлээ хийдэг. Хотод ирээд Олон Улсын тэмцээнд оролцохдоо нэг газар байрладаг. Бүгд хоолоо ээлжилж хийн тэмцээндээ оролцдог. Манай багийн гишүүн Санчирын төрсөн ах бид бүхэнд санхүү мөнгө болон цаг заваа зориулахын хажуугаар бидний техникийн тал дээр маш их дэмжлэг туслалцаа үзүүлдэг. Энэ завшааныг ашиглаад Тамираа ахдаа баярласан талархсанаа илэрхийлэх нь зүйтэй болов уу.
Хэзээ, хаана ер нь хамгийн гоё мэдрэмж авсан тэмцээн юу байсан бэ?
2020 оны баруун бүсийн аварга шалгаруулах тэмцээнээр Монгол Алтайн нурууг давах гараан дээр грүүпээсээ тасарч Алтайн Нурууны Оргилыг давах тэр үед хамгийн торгон мэдрэмж төрж байсан. Тийм өндөр уулыг давахын тулд олон цагийн турш туулж бариандаа ганцаараа орж ирж байсан. Тэр үе хэзээ ч мартагддаггүй.
Энэ спортын давуу тал юу вэ?
Т.Пүрэвдорж багш маань “Дугуй бол эрүүл мэндийн брэнд бүтээгдэхүүн” гэж гэж хэлэх дуртай. Тэр үгэнд би ч бас их дуртай. Яагаад гэвэл энэ спорт нь өөрөө зүрх судасны болон хөдөлгөөний дутагдлаас сэргийлж бие бялдарыг зөв хөгжүүлэхээс гадна сэтгэн бодох чадварыг давхар хөгжүүлдэг. Маш холыг харж уралддаг спорт учраас наад зах нь тэмцээний тактик боловсруулж сурдаг.
Бэрхшээлтэй зүйлс гарч байсан уу?
Энэ спортод хүндрэлтэй зүйлүүд маш их байдаг. Байгалийн гамшигт үзэгдэл болон салхи шуурга технекийн шаардлага, мөнгө санхүү гэх мэт зүйлстэй зөндөө тулгардаг. Бага зэргийн шантрах зүйлүүд ч байсан. Тэр үед гэр бүл, найз нөхөд, багийнхаа гишүүдээсээ хамгийн их урам зориг, эрч хүч авдаг. Мөн намайг үргэлж дэмждэг аав, ээждээ маш их баярладаг. Энэ спорт өөрөө ямар ч хүнийг саад бэрхшээлийг даван туулах чадвар, тэвчээр хатуужил, хариуцлагатай байдалд сургадаг юм болов уу гэж боддог.
Л.ЭНХТУУЛ