Украин дахь Оросын цэргийн стратегийг хатуу шүүмжилж байсан дайныг дэмжигч блоггер Игорь Гиркинийг хэт даврагч үзэлтэй хэмээн буруутгаж Москвагийн шүүхээс цагдан хорих шийдвэр гаргажээ.
Хатуу үндсэрхэг үзэлтэн гэгддэг Игорийг шүүхээс буруутай гэж үзвэл энэ хэрэгт таван жил хүртэл шоронд хоригдож магадгүй юм.
Эхнэр нь түүнийг Баасан гаригт Москва дахь байрныхаа гадаа явж байхад нь саатуулсан гэж мэдэгджээ.
ФСБ-ын тагнуулын хурандаа асан тэрбээр 2014 онд Орост Крымийг булаан авахад гол үүрэг гүйцэтгэсэн. Дараа нь тэрбээр зүүн Украинд болж буй дайнд Оросын итгэмжлэгдсэн армийг удирдсан.
Игорь бол өнгөрсөн арваннэгдүгээр сард Нидерландын шүүхээс 2014 онд Малайзын агаарын тээврийн онгоцыг пуужингаар харваж, 298 зорчигчийг хөөнөсөн хэргээр ял сонссон хүмүүсийн нэг юм.
Гэвч өнгөрсөн жил Украинд эхлүүлсэн Оросын дайн сунжирсанд Игорь цэргийн удирдагчид болон ерөнхий командлагч, Ерөнхийлөгч Владимир Путиныг шүүмжлэх болжээ.
Өмгөөлөгч Александр Молоховын мэдээлснээр Игорийг саатуулсны дараа байранд нь нэгжлэг хийсэн байна.
Түүнийг нийслэлийн зүүн хойд хэсэгт орших Мещанскийн дүүргийн шүүхэд авчирсан бөгөөд шүүгч шүүх хурлыг хаалттай явуулах хүсэлтийг хүлээн аваагүй гэж Риа Новости агентлаг мэдээлэв. Тэрбээр есдүгээр сарын 18-ныг хүртэл урьдчилан хорих байранд байх юм. 53 настай Игорь өмнө нь хөндөшгүй эрхмүүдийн нэг гэгдэж байсан.
Холбоотой мэдээ