Сурвалжлага: Үнэлгээгээр парк 2,24 тэрбумаар хохирчээ

Хуучирсан мэдээ: 2023.07.24-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: Үнэлгээгээр парк 2,24 тэрбумаар хохирчээ

Сурвалжлага: Үнэлгээгээр парк 2,24 тэрбумаар хохирчээ

Хүүхэд багачууд төдийгүй бүхий л насныхан гэр бүлээрээ чөлөөт цагаа өнгөрүүлдэг хотын төвд байдаг ганц газар бол Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу хүүхдийн парк. Байгалийн давагдашгүй нөхцөл байдлын улмаас парк долдугаар сарын 6-нд үерт өртсөн. Сэлбийн усны түвшин ихэсч, далангуудыг халиснаас олон аж ахуй нэгж хохирсны нэг нь парк. Тиймээс үерийн дараах нөхцөл байдалд ариутгал халдваргүйтгэл хэрхэн хийж байгаа, үйл ажиллагаа хэзээ жигдрэх, хэдий хэмжээний хохирол амссан талаар сурвалжлав.

Сүхбаатар, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт голын усны түвшин нэмэгдэж, хотхон, хороолол руу ус нуурлаж үерлэснээс үүд хаалгаа 17 хоногийн хугацаанд хязгаарласан парк өчигдрөөс /2023.07.23/ нээж байна. Гэвч үерийн эрсдэлд өртсөн байгууламж, талбай, тоног төхөөрөмж их байгаа учир их хэмжээний хохирол амсчээ.

Улирлын чанартай үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжид зуны гурван сар оргил ачаалалтай байдаг үе. Харамсалтай нь давагдашгүй хүчин зүйл үүссэн учир хоёр долоо хоногийн хугацаанд олон ажилтнаа сул зогсоож, орлогоо хязгаарлаж, ариутгал халдваргүйтгэл зэрэг их хэмжээний зардал гаргаж ариутгал хийж буй паркт бүгд л завгүй ажиллана. Хэдийгээр их хэмжээний хохирол учирч, өндөр зарлага гарч байгаа хүний амь нас хохироогүйд л баярлаж сууна гэх паркынхан засвар, шинэчлэлтийн ажлаа хүч нэгтгэн яаравчилж байгаа аж.

"ХҮҮХДИЙН ПАРК 20 МИНУТЫН ДОТОР Л УСАНД АВТСАН"

Бид одоо үүсээд байгаа нөхцөл байдлын талаар Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн үйл ажиллагааны газрын захирал Б.Ариунжаргалаас тодрууллаа.

-Долдугаар сарын 6-нд бид 10:00 цагаас нээх хуваарьтай ажиллаж байсан. Тухайн өдөр нээгээд л тоглоомуудын тестүүд хийж байхад Сүхбаатар дүүргийн хорооны цагдаагаас ярьж, зүүн талын зогсоол руу чинь үерийн ус орж магадгүй байна. Зогсоолд байгаа олон машинуудыг яаралтай холдуулна уу гэдэг мэдээлэл ирсэн. Тухайн үед "Playtime" фестиваль руу явах үйлчилгээний машинууд манай зогсоолд байсан. Мөн түрээслэгчид гүүрэн байгууламжийн доод талын зогсоолд ихэнхдээ машинуудаа тавьдаг. Тэдгээр тээврийн хэрэгслийг яаралтай гаргаад л дөнгөж дуусахад үер орсон.

Үерийн эхний хэсэг паркын зүүн талын гүүрний зүүн урд талын буланд байдаг бохирын худгаар оргилж орж ирсэн. Цаад талд нь худгууд голын эрэг давсан усаар дүүрэнгүүт наад тал руугаа түрж, ус буцалж байгаа юм шиг л харагдсан.

Ус 20 минутын дотор л талбайг дүүргэж зүүн талын зогсоолыг бүхэлд нь дүүргэж, талбай руу хальсан. Хоёр дахь хэсэг нь цаг орчмын дараа хойд тал буюу Шангриллагийн хажуугийн туслах замын сэтэлсэн хэсгээр их хэмжээний ус парк руу орж ирсэн. Нэг нь худгаар, хоёр дахь нь замын хажуугийн брожур сэтэлснээс болж үндсэндээ манай аж ахуй нэгж үерт автсан гэсэн үг.

Хохирлын хувьд B1 давхрын боулингийн төв тэр чигтээ усанд автсан. Өнгөрсөн тавдугаар сарын 13-нд үйл ажиллагааг нь зогсоож, найман зам бусад тоног төхөөрөмжийг иж бүрнээр нь шинэчилж 700 гаруй сая төгрөгөөр засвар хийгээд наадмаар буюу долдугаар сарын 11-нд нээх байсан. Гэтэл шалнаасаа тааз хүртэл В1 давхар усаар дүүрч тухайн талбайд ямар ч үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон.

Үндсэндээ тус боулингийн төвөөс буцааж ашиглах боломжтой эд зүйлс цөөн үлдсэн. Мөн тус давхарт "Никитон" клуб ажилладаг. Манай том түрээслэгчдийн нэг тус клубын бүх эд хогшил, хөгжмийн зэвсэг, тоног төхөөрөмж бүгд усанд живсэн. Дахин үйл ажиллагаа явуулахад мөн л маш хүндрэлтэй байгаа. Эдгээрээс гадна тус хэсэгт манай сэлбэг, тоглоомын агуулах, аж ахуй хэсгийн бүхий л шаардлагатай зүйлсүүд усанд өртсөн.

Эхний ээлжид Үндэсний худалдаа аж үйлдвэр, Онцгой комисс зэрэг хамтарсан ажлын хэсэгт хохирлын урьдчилсан тооцооллоо өгсөн байгаа. Хохирлын гэрчилгээ дээр 2,24 тэрбумын хохирлыг урьдчилсан байдлаар тооцоолсон.

Үүнд орлогыг огт оруулаагүй бөгөөд зөвхөн хохирсон тоглоомын төв, эд хэрэгслээ оруулж тооцоолсон. Гэхдээ гадна талбайн спикер, цахилгааны утас, кабель зэрэгт ямар эвдрэл саатал үүссэнийг огт оруулаагүй.

Учир нь цахилгаан хязгаарласан, ариутгал хийх шаардлагатай нөхцөлд бид тооцоолол хийгээд сууж байх боломжгүй шүү дээ. Харин тоглоомуудын тухайд бүгд суурьтай байдаг учир харьцангуй хохирол гараагүй. Хамгийн хүнд байгаа нь нуур. Нуур усаар бүтэн дүүрч, хальж талбай бүтэн усанд автсан. Бид үерийн нөхцөлд 100 хувь өөрсдийн зардлаар сэтэлгээ, ус соруулах, зайлуулах ажлыг хийж, шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг түрээсэлсэн. Ямартай ч эхний ээлжид Ням гаригаас үйл ажиллагаагаа явуулж эхлээд байна.

Үерийн усны улмаас сүүлийн хоёр жилд хийсэн ногоон байгууламж, тохижилтын ажлууд нэлээд сүйдсэн.

Хэдийгээр асуудал их байгаа ч бид бүхий л боломжоор ажиллаж байна гэсэн юм.

ДӨРВӨН УДААГИЙН АРИУТГАЛ, ХАЛДВАРГҮЙТГЭЛ, ЦЭВЭРЛЭГЭЭ ХИЙХЭЭР ТӨЛӨВЛӨЖЭЭ

Биднийг очиход гурав дахь удаагийн ариутгал, халдваргүйтгэлийг парк хийсэн байсан учир харагдах байдал харьцангуй хэвийн үетэйгээ адил байв. Үер буусан эхний 3-5 хоногт нөхцөл байдал маш хүнд байсныг ажилтнууд хэлж байлаа. Хүмүүсийг талбай руу нэвтрүүлэхгүй, ус зайлуулах, байгууламжуудыг цэвэрлэх зэрэг ажил хийж завгүй өдөр хоногууд өнгөрсөн ч албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлээд байна. Тоглоомуудын хувьд өндөр стандарт, олон улсын чанар аюулгүй байдлыг хангаж үйлчилгээнд нэвтрүүлдэг учир эрсдэлт нөхцөлд тоглоомууд эвдэрч, гэмтээгүй нь сайн. Гэвч түрээслэгч олон хувь хүн, байгууллага хохирсон төдийгүй парк ч маш их хэмжээний хохирол амсчээ.

Даатгалтай ч байгалийн үзэгдлээс шалтгаалсан нөхцөл байдалд хохирлыг бүрэн төлүүлэх боломжгүй учир онцгой комисс болон үерийн дараах нөхцөл байдалд шинжилгээ хийж буй багийнханд тэд хохирлын хэмжээгээ урьдчилсан байдлаар явуулсан.

Харамсалтай нь тус багийнхан ямар хариу арга хэмжээ авах, хэрхэн дэмжлэг үзүүлэх талаар ямар нэгэн шийд хэлээгүй байна.

Хотын үзэмжид эерэг нөлөөтэй, хүмүүсийн чөлөөт цагаа өнгөрүүлдэг соёл амралтын ганц хүрээлэн нь үерт өртсөн ч тусламж дэмжлэг үзүүлээгүй нь сонин. Өнгөрсөн жилүүдэд ийм үзэгдэл гарч байгаагүй бөгөөд шинэ гүүрэн байгууламж барьсантай холбоотойгоор өнгөрсөн онд боулингийн хэсгийн В1 давхар руу хөрсний ус нэвчиж байж. Тухайн үед парк мөн л өөрийн зардлаар усыг соруулж байжээ. Харин энэ жил эрсдэл байгааг албаныхан сануулж дуусаа ч үгүй байхад үер орж ирсэн нь тухайн аж ахуй нэгжид их хэмжээний хохирол, хүндрэл учруулж буй аж. Түүгээр ч зогсохгүй талбай түрээслэгч, ажилчид сул зогсч байгаа хохирлыг төлж барагдуулах боломжгүй.

Ямартай ч гэнэтийн эрсдэл учирсан ч хүүхдийн паркынхан үйл ажиллагаагаа сэргээж, бүх тоглоомынхоо тестийг дахин хийж, давтамжит ариутгал, халдваргүйтгэл, өндөр даралттай усаар ногоон байгууламжуудаа угааж, талбайгаа нээжээ.

Цаашид ч хэвийн ажиллаж, бүхий л боломжоороо тохижилтуудаа хийж, урьдын адил үйл ажиллагаагаа жигдрүүлнэ гэдгийг холбогдох хүмүүс хэлж байлаа.

Үерийн дараа үйл ажиллагаагаа зогсоохоос өөр сонголтгүй болсон аж ахуй нэгж олон бий. Томоохон компаниуд ийн засвар шинэчлэлтээ хувийн зардлаар хийж байгаа ч их хэмжээний зээлтэй, иргэд жижиг аж ахуй нэгжүүд өрөнд ороод үлдэж байгаагаа халаглаж байна.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ О.БОЛОРСУВД

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХарамсалтайХарамсалтай
3
ХөөрхөнХөөрхөн
3
БурууБуруу
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж