Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпийн мөнгөн медальт, дэлхийн аваргын хүрэл медальт, даяар дуурсагдах, далай даян Дархан аварга Жигжидийн Мөнхбатын дурсгалд зориулан төрсөн нутаг Төв аймгийн Эрдэнэсант суманд өнөөдөр /2023.07.21/ гэрэлт хөшөөг нь сүндэрлүүллээ.
Домогт аваргын гэргий, үр хүүхдүүд, ахан дүүс, олон зуун шавь, сум орон нутгийн удирдлагын санаачлагаар энэхүү гэрэлт хөшөөг төрөлх Эрдэнэсант сумын сургуулийн өмнө босголоо.
Хөшөөг нээх ёслолын арга хэмжээнд Дархан аварга Ж.Мөнхбат агсны гэргий Ө.Тамир, шавь Монгол Улсын Дархан аварга Г.Өсөхбаяр, Монгол Улсын Тод манлай уяач Д.Даваахүү, Төв аймаг болон Эрдэнэсант сумын Засаг дарга, тус сумын сургуулийн удирдлага, мөн нутгийн зон олон оролцож, цээж барималд хүндэтгэл үзүүллээ.
Төв аймгийн Эрдэнэсант сум, мөн тус сумын ерөнхий боловсролын сургууль нь Монгол Улсын ууган, сум ууган сургуулиудын нэг бөгөөд энэ өдрүүдэд 100 жилийн ойгоо тэмдэглэн, өнгөрүүлж буй юм байна. Энэхүү түүхт 100 жилийн ойн хүрээнд Монгол түмний домог болсон их аваргын цээж баримлыг бүтээлгэж, ийн залж буй аж.
Монгол Улсын Тод манлай уяач Д.ДАВААХҮҮ:
-Энэ хүн бол Монгол Улсын нэрийг тив дэлхийд гаргаж, олимпоос Монгол туургатны голомтод анхны медалийг авч ирж, замыг нь зааж өгсөн их аварга. Монгол туургатны голомтын их аварга хүн. Энэхүү гэрэлт хөшөөг бүтээсэн та бүхэндээ их баярлалаа, талархалаа илэрхийлье. Мөн энэ сайхан хүнийг өчнөөн жил авч явж, бөхийн хаан төрүүлсэн Ө.Тамир эгчдээ урт насалж удаан жаргахыг хүсэн ерөөе.
Дэлгэр Монголын маань эх нутагт энэ хүн шиг олон сайхан бөхчүүд төрөхийг хүсэн ерөөе. Их аварга маань барилдвал давдаг эр байсан юм, 50 -иад жил дүү нь болж явсан юмаа би. Та бүхэндээ сайн сайхныг хүсэн ерөөе.
Дархан аварга Г.ӨСӨХБАЯР:
-Сайхан зусацгааж байна уу, та бүхэндээ Эрдэнэсант сумын 100 жил, Эрдэнэсант сумын ерөнхий боловсролын сургуулийн 100 жилийн ойн халуун мэнд хүргэе. Ж.Мөнхбат багшийн мань энэ сайхан дүрийг цээж баримлыг төрөлх сургуулийнх нь дэргэд босгож, нээлтэд нь оролцож байгаадаа сэтгэл их өөдрөг, баяртай байна. Монгол үндэстний бөх гэдэг хэдэн мянган жилийн түүхтэй, Монголын ард түмний том өв соёл юм. Өөрийн бяр хүч, оюун ухаан, бүхий л чадлаараа тодрон гардаг Монгол бөхийн Дархан аварга гэдэг сайхан алдрыг хүртсэн тив дэлхий олимпод монголчуудаа түүчээлж, амжилт гаргасан ийм сайхан алдартай домогт аваргын нутаг гэдгээрээ та бүхэн бахархахгүй байхын аргагүй. Миний хувьд Ж.Мөнхбат багшдаа шавь орсноос хойш 30 жил болж байгаа юм байна, сая бодож суулаа. Залуу бөх багшдаа хадаг бариад шавь орж байлаа. Багшийнхаа ачаар бөхийн өндөр цолонд хүрлээ. Багш маань бөхийн эрдэм ном арга мэхийг өөрийн хүүхэд шигээ л зааж, хайрлаж, амьдралын их ухааныг ч зааж өгсөн ачтай буянтай хүн байгаа юм. Эрдэнэсантчууддаа баяр хүргэе. Чээж баримлыг бүтээсэн уран бүитээлчиддээ мөн баяр хүргэе. Ө.Тамир эгч тандаа урт наслахыг хүсэн ерөөе. Үр хүүхдүүд та бүхэнд эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Эрдэнэсант сумаас олон олон аварга, хүчтэнүүд төрөх болтугай.
Дархан аварга Ж.Мөнхбат агсны ууган хүү М.БАТХУЯГ:
-Төв аймгийн удирдлага, Эрдэнэсант сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга болон нутгийн зөвлөл, нутгийн олон та бүхэндээ талархаж байгаагаа илэрхийлье.
Хөшөөг бүтээсэн уран бүтээлчээ сая хайгаад олсонгүй, хамт гарч зогсоод алдаршуулъя гэж бодсон юм. Энэ сайхан хөшөөг Архангай аймгийн Хашаат сум, нарийн ярих юм бол Ч.Санжаадамба аваргын удмын хүн байгаа юм. н.Түмэнчулуун гэдэг. Энэ хүндээ талархал илэрхийлье. Нутгийн зон олон та бүхэн маань сайхан наадаарай.
Г.ХОРОЛ