Долоон хүүхэд амиа алдаж, 372 хүүхэд гэмтжээ

Хуучирсан мэдээ: 2010.08.30-нд нийтлэгдсэн

Долоон хүүхэд амиа алдаж, 372 хүүхэд гэмтжээ

Замын цагдаагийн газрын судалгаагаар энэ оны эхний найман сарын байдлаар зам тээврийн ослын улмаас долоон хүүхдийн амь нас хохирч,  372 хүүхэд  гэмтэж бэртсэн байна.  Энэ  нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 12,7 хувиар өссөн бөгөөд өнгөрсөн оны өдийд 330 хүүхэд ослын улмаас гэмтжээ.  Осолд өртсөн хүүхдүүдийг насны байдлаар нь авч үзвэл  42.9 хувь нь 0-7 насны хүүхэд, 28.6 хувь нь 8-14 насны хүүхэд, 28.6 хувь нь 15-18 насны хүүхэд  байжээ.   Осолд хамгийн ихээр өртөж буй 0-7 насны хүүхдүүд нь эцэг эхийн хараа хяналт, асрамжинд байх ёстой ч  эцэг эхийн зүгээс анхаарах халамж дутмаг, жолооч нар хүүхэд явж байгаа орчинд аюулгүй байдлыг хангаж хөдөлгөөнд оролцдоггүй зэрэг байдалтай холбоотой гэж үзжээ. Түүнчлэн хүүхдээ хөтлөөд гарцгүй газраар зам хөндлөн гарч байгаа  эцэг эхчүүд хүүхдээ осолд өртөх нөхцөлийг нь бүрдүүлж байгаагаа анзаардаггүй байна. Учир нь таньтай хамт явж байхдаа осолд орохгүй байж болох ч гарцгүй газраар, ногоон гэрлээр гарахгүй байж болдог юм гэж ойлгосноос осолд өртөх эрсдэлийг нэмэгдүүлж байгаа юм.  Тиймээс эцэг эхчүүд бага насны хүүхэдтэй замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал халамжтай байх, хүүхдээ  замын хөдөлгөөний дүрэм, тэмдэг, тэмдэглэгээ, гудамжны булан, уулзвар зэргийг хэлж ойлгуулах, хүүхдүүддээ зөвшөөрөгдсөн гэрэл дохиогоор, гарцаар зам гарч байхыг зааж өгөхөөс гадна өөрсдөө үлгэр дуурайлал үзүүлэхийг Замын цагдаагийн газраас зөвлөж байна.

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж