Хөдөлмөрийн баатар, "Гацуурт" компанийн захирал Л.Чинбат /2023.06.15/Сэлэнгэ аймгийн малчдыг машинаараа хөөж буй бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан. Нэг сар өнгөрсөн ч хэрэг шалгах явц удаашралтай байгаа талаар Сэлэнгэ аймгийн Цагаан нуур сумын гуравдугаар багийн Засаг дарга Б.Ганзориг мэдээлсэн юм. Тэрбээр "Намайг бас Л.Чинбатыг яллагдагчаар татсан. Мөн машинд мөргүүлсэн хоёр залууг худал мэдүүлэг өгч, мөрдөн байцаах ажиллагаанд саад учруулсан гэдгээр яллагдагчаар татсан. Сумын орлогч Засаг дарга болсон үйл явдлыг хараагүй гэж мэдүүлгээ өөрчилсөн. Намайг "Гацуурт" компанийн ажилтны хуруу хугалсан, бусдыг ятгасан гэдэг үндэслэлээр гүтгэж, яллагдагчаар татсан. Өмгөөлөгч маань хариу гомдол гаргасан. Миний хувьд байсхийгээд л хуулийн байгууллагад дуудагдаж, санхүү хөрөнгө мөнгө, сэтгэл санаагаар хохирч байна.
Тухайн үед Л.Чинбат нь 300-350 гаруй адуу тууж, Дорнод, Сүхбаатар аймгуудаас гарал үүсэлгүй, малын халдварт өвчний голомттой газруудаар дайран Сэлэнгэ аймгийн нутаг руу орж ирсэн. Эдгээр адууг нутаг буцаасан.
"Гацуурт" компани 2002 оноос хойш Сэлэнгэ аймгийн нутагт үйл ажиллагаа эрхэлж буй. Тариалан эрхлэгч, малчдын хооронд байнгын зөрчилдөөн үүсдэг. Бэлчээрийн даац хэтрээд удаж байна. Сүүлд хүн дайрсан бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдаж, хүмүүс мэдсэн. Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас өнөөдөр /2023.07.21/ "Гацуурт" компанид шалгалт хийхээр мэргэжилтнүүд ирсэн. Гэвч албаны хүмүүсийг нэвтрүүлэхгүй байж байгаад арайхийн байр руу нь гуйж оруулахад ажилчид нь амарсан гэдэг шалтгаанаар буцаасан. Аймгийн прокурорын газраас зарим асуудал буцаж байгаа. Ер нь нэ хэргийг удаашралтай шалгаж байна" гэдэг мэдээллийг өглөө.
Цагдаагийн байгууллагаас түүнийг гурван зүйл ангиар шалгаж байгаа гэх мэдээллийг өмнө нь өгч байсан. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн цагдаагийн газраас тус аймгийн Зүүнбүрэн сумын нутаг Сүмийн булан нэртэй газарт 2023 оны зургадугаар сарын 15-ны өдөр 13.40 цагт Л.Чинбат гэгч нь тус сумын иргэн Б, М нарыг "Тоёота ланд круйзер маркийн тээврийн хэрэгслээр хөөж мөргөсөн" гэх гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийг хүлээн авчээ. Улмаар Л.Чинбатын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1, 13.14, 20.16 зүйлд зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна гэсэн юм. Эрүүгийн хуульд зааснаар:
- 10.1 дүгээр зүйл .Хүнийг алах
1.Хүнийг алсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
- 13.14 дүгээр зүйл. Худал мэдээлэл тараах
/Энэ зүйлийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./
1.Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.
- 20.16 дугаар зүйл.Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах
1.Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, эсхүл эд хөрөнгө устгаж, гэмтээж, эсхүл эдгээр үйлдэлд өдөөн турхирч, татан оруулж хүний халдашгүй, чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэжээ.
Холбоотой мэдээ