Хөвсгөл аймгийн “САРЛАГ НААДАМ”-2023 өнөөдөр /2023.07.21/ хоёр дахь өдрөө Алаг-Эрдэнэ сумын Далан булгийн талд үргэлжилж байна. Наадмын арга хэмжээний эхний өдөр “Сарлаг бугуйлдах”, “Сарлаг булгиулах” тэмцээнийг зохион байгуулав.
Эр зориг, тэвчээр, овсгоо самбаа, туршлага шаарддаг “Сарлаг булгиулах” тэмцээн Хөвсгөлийн Сарлагийн наадмын маш өрсөлдөөнтэй тэмцээний нэг нь.Оролцох сонирхолтой залуус олон байсан ч наадамчдын аюулгүй байдал, залуусын туршлага, цаг хугацаа зэргийг харгалзан 50 залуусыг оролцуулсан юм. “Сарлаг булгиулах” тэмцээний тэргүүн байранд эмнэг сарлагийн нуруун дээр 38 сeкунд тогтсон Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын малчин Н. Мөнх-Эрдэнэ, 21 сeкунд тогтсон Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын малчин Д. Мягмар хоёрдугаар байрт, 18 сeкунд тогтож булгиулсан Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын малчин Ц.Өсөхбаяр гуравдугаар байр эзэллээ. Нийт 52 малчин залуу сарлаг булгиулах тэмцээнд орсноос 9 нь 5-аас дээш сeкунт тогтсон юм.
Өмнөх тэмцээнд сарлагуудаа задгай шахаж эмнэгүүдээ барьж булгиулдаг байсан бол энэ жил зориулалтын 400 бодын хашаатай болж, сарлагуудаа хашлаа.
“Сарлаг бугуйлдах” тэмцээнд Хөвсгөл аймгийн 113 залуу оролцсон бөгөөд малчин залуусын бугуйлдах ур чадвар өссөн харагдлаа гэж наадмыг зохион байгуулагчид онцлов. “Сарлаг бугуйлдах” тэмцээний шалгаруулалтыг III үе шатаар зохион байгуулж дүнгээ гаргасан юм.
2-р шатанд сарлагийг зүсэлж бугуйлдаад тунаж үлдсэн 5 залуу бөөн үхрээс нэг удаа бугуйл шидэж, хамгийн том үхэр бугуйлдсан Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын малчин Б.Ган-Эрдэнэ тэргүүн байр эзэллээ. Тэмцээний дэд байранд Алаг-Эрдэнэ сумын малчин Г.Баянмөнх, гуравдугаар байранд Бүрэнтогтох сумын малчин Э.Өсөхбаяр орж, мeдаль мөнгөн шагналаар шагнуулав.
Наадмыг эхний өдөр 3000 гаруй дотоод, гадаадын аялагчид, малчид үзэж сонирхлоо гэж Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын ЗДТГ мэдээллээ.