УИХ-ын 2016 оны сонгуулиас хойш Засгийг ч, хотыг ч базаж” буй эрх баригчид нийслэлийн гэр хорооллыг барилгажуулж чадаагүйгээс 220 мянган өрх ирэх намар дахиад л хортой түлшээ хэрэглэх болж байгаа бол Улаанбаатар хотын удирдлагууд сонгууль дөхлөө гэсэн шиг үүрэг даалгавар өгч эхлэв.
Учир юу вэ гэвэл Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаас өчигдөр /2023.07.20/ Сэлбэ, Баянхошуу дэд төв орчмын гэр хорооллын газрыг дахин төлөвлөж, барилгажуулах ажлыг гүйцэтгэхийг Нийслэлийн орон сууц санхүүжилтийн корпораци/НОСК/-д үүрэг болгожээ.
Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэнгийн танилцуулснаар бол Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдаан/НИТХ/-аас өмнө нь Чингэлтэй дүүргийн 14, 18, Сүхбаатар дүүргийн 14, 15 дугаар хорооны нутаг дэвсгэр Сэлбэ дэд төв орчмын 158 га, Сонгинохайрхан дүүргийн 7-10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэр Баянхошуу дэд төв орчмын 162 га талбайг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэх байршлаар баталсан юм байна.
Гэвч гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн шатанд хариуцлагагүй аж ахуйн нэгжийн буруутай үйлдлээс болж, төслийн ажлууд удаашрах, зогсох, иргэд хохирох тохиолдол ч гарах болжээ.
Мөн улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийх инженерийн шугам сүлжээний зураг төсөл, барилга угсралтын ажлын санхүүжилт төсөвт тусгагдаагүйгээс үүдэн дэд бүтцийн асуудал ч хөндөгдөх болсон аж. Иймд баталсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу дээрх хоёр байршилд дахин төлөвлөлт хийж, гэр хорооллыг барилгажуулах ажлыг гүйцэтгэх эрхийг НОСК ХК-д олгох санал гаргасныг ёсоор болгожээ.
Хамгийн гол нь ид бүтээн байгуулалтын ажил оргилж байх ёстой цаг хугацаанд үүрэг даалгавар өгөөд, сууж байна гэдэг дэндүү хариуцлагагүй явдал. Яагаад гэвэл Монголд бүтээн байгуулалт хийх цаг маш богино. Барилгын гаднах ажлыг дөрөвдүгээр сараас аравдугаар сарын хооронд л хийх стандарттай. Иймээс нийслэлийн гэр хорооллыг дахин төлөвлөх ажил өнөө жилдээ зогсонги байдлаас гарч чадахгүй явсаар ирэх онтой золгох нь ойлгомжтой болж хувираад байна. Учир нь, гэрээний үүргээ биелүүлээгүй барилгын компаниудын оронд дахин шинэ гүйцэтгэгч олж оруулна гэдэг маш их цаг шаардсан ажил. Тендер зарлахаас эхлээд олон ажил бий. Дээр нь УИХ Монгол Улсын 2023 оны төсөвт тодотгол хийсэн ч гэр хорооллын инженерийн дэд бүтцэд шаардлагатай хөрөнгө оруулалтыг шийдээгүй, шийдэх ч боломж байгаагүй. Шалтгаан нь, энэхүү төсвийн тодотгол нь төрийн албан хаагч, ахмад настан, халамжийнхны цалин, тэтгэврийг нэмэх, нийт хүүхдийн 9 хувьд сар бүрийнх нь 100 мянган төгрөг олгох, нийслэлийн түгжрэлд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг шийдэх зэрэг хязгаарлагдмал хүрээнд хийгдсэн. Иймээс гэр хорооллыг дахин төлөвлөхөд шаардагдаж буй дэд бүтцийн хөрөнгийн эх үүсвэрийг хаанаас босгох вэ гэдэг асуудал сөхөгдөж буй.
Засгийн газар өнгөрсөн Лхагва гаригийн хуралдаанаар нийслэлд 500 тэрбум хүртэлх төгрөгийн үнэт цаас гаргах эрх олгосон ч энэ нь зөвхөн Улаанбаатар хотын түгжрэлийг сааруулахтай холбоотой асуудлыг шийдвэрлэхэд зарцуулах эрхтэй байхаар зааж өгсөн.
Иймээс үнэт цаас гаргасан ч түүнийг гэр хорооллыг барилгажуулах төслийн инженерийн шугам сүлжээнд зарцуулчихвал хууль зөрчсөн асуудалд орооцолдох уу гээд бодолцох зүйл их бий.
Уг нь хот ийм чухал асуудлыг хавар газар шорооны ажил эхлэхтэй зэрэгцүүлээд жин тан болгочихсон бол өнөөдөр ийм асуудал хэлэлцээд толгойгоо маажаад сууцгаахгүй л байсан болов уу.
Нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил бол сонгууль дөхөхөөр санаж сэрдэг, санал цуглуулах зорилго дор улс төрийн ашиг хонжоо эрдэг ажил биш байх учиртай. Яагаад гэвэл Улаанбаатар хотын агаарын бохирдол, хөрсний бохирдол өнөөдөр чинээндээ тулж, дэлхийн хамгийн бохир хот болсон нь гэр хорооллоос үүдэлтэй. Нийслэлийн гэр хорооллын хэмжээнд өнөөдөр 220 мянга гаруй нүхэн жорлон хөрсний бохирдол үүсгэж байгаа бол мөн тооны яндангаар хорт утаа ялгардаг. Хүн амын дунд тэр дундаа хүүхэд багачуудын дунд халдварт өвчин өндөр хувь эзлэх болсныг эрүүл мэндийн салбарынхан агаар, хөрсний бохирдолтой холбон тайлбарлах болсон.
Өөрөөр хэлбэл, гэр хорооллыг дахин төлөвлөж барилгажуулах ажил нь наанаа Монгол хүний тав тухтай амьдралын баталгааг бий болгох шаардлага ч цаад талдаа үндэсний аюулгүй байдлын дархлааны асуудал юм. Гэвч гэр хорооллыг барилгажуулах, дахин төлөвлөх ажил далайцтай хэрэгжээгүйгээс 600 тэрбум төгрөг газарт булаастай хэвээр үлдэв.
Нөгөө талдаа гэр хорооллынхны хувьд цалингаараа байртай болно гэдэг мөрөөдөл болж хувирсан гэж хэлэхэд бодит үнэнээс зөрөхгүй. Газраа орон сууцаар л солихгүй бол өнөөдөр ашиглалтад орж буй орон сууцны 1 м2 нь хамгийн багадаа 3 сая, 3.5 сая төгрөгөөр үнэлэгдэх болсон. Харин сарын цалин нь 900 мянган төгрөг, түүнээсээ татвар, НДШ төлнө. Хоёр хүн ажиллаад ч орлого багатай өрхүүдийн хувьд яаж ч чардайгаад орон сууцтай болох боломжгүй болсон. Долоо, найман жилийн өмнө байрны үнэ 1м2 нь 1.5 сая төгрөгөөс эхэлж байсан бол өнөөдөр ийн хоёр дахин өсчихөөд буй. Тансаг зэрэглэлийн байрны үнэ 1м2 нь 7-8 сая төгрөг, зарим нь 8-9 сая ам.доллараар яригдах болсон. Иймээс гэр хорооллыг орлогод нь нийцүүлэн, төрийн бодлогоор л барилгажуулж, заримыг нь тохилог хувийн сууц болгон өөрчлөхгүй бол асуудлаа шийдэхгүй.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ