Ардын намынхан айраг цагаа эргүүлэн, наадам хэссээр байгаа бол Ардчилсан намынхан хуулийн төсөл боловсруулах ажилд ханцуй шамлан оржээ.
Ардчилсан нам, тус намын дэргэдэх Стратеги бодлогын судалгааны хүрээлэн, УИХ дахь Ардчилсан намын бүлэг хамтран Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж эхэлжээ. Уг хуулийн төсөл дээр хамтран ажиллах мэргэжилтэн, судлаачдыг урьж буйгаа ч мөн мэдэгдээд байгаа юм.
Үндэсний их баяр наадмын өмнөхөн Ардчилсан нам нь Стратеги, бодлого судалгааны хүрээлэнг албан ёсоор байгуулж, нээсэн. Энэ үеэр тус намын дарга Л.Гантөмөр “Ардчилсан намд энэ зун амралт байхгүй. Бодлого боловсруулж, сонгуулийн мөрийн хөтөлбөрөө бэлтгэнэ. Бодлого байхгүйгээс, бодлогын дутагдалтай байдлаас болоод их хэмжээний мөнгө, цаг хугацаа хий урсаж байна. Дээрээс нь эдийн засгийн эрх чөлөө олгоогүйгээс олон аж ахуй нэгж дампуурч, үүд хаалгаа хааж байна. Бодлого байхгүйгээс гарч байгаа ил харагдахгүй үр дагаврууд олон бий. Энэ бүхэн бодлогогүй явж ирсний үр дагавар. Тиймээс Стратеги, бодлого судалгааны хүрээлэн Ардчилсан намын өөрийн үзэл баримтлал, хөтөлбөрт суурилсан, эрх чөлөө буюу хувь хүний хийсэн ажлынхаа хэмжээгээр сайхан амьдрах боломжийг бүрдүүлэх зорилгыг дэвшүүлж байна” хэмээсэн. Тэгвэл тус намынхан бодлого боловсруулж буйн зэрэгцээ төсөл боловсруулж буй юм.
Мөн ойрын хугацаанд хийх томоохон судалгаануудад татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн бодлого, төрийг хэрхэн цомхон болгох зэрэг асуудлууд багтаж байгаа ажээ.
Сануулахад, өнөө жил дөрвөн аймаг, 50 гаруй сум үүсэн байгуулагдсаны 100 жил тохиож байгаа тул УИХ-д сонгогдсон Ардын намын гишүүдэд урилга, заллага их ирж, нэг наадмаас нөгөө наадамд очин, баяр нь үргэлжилсээр байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн, Спорт олимпизм хариуцсан сайд Б.Бат-Эрдэнэ Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сум үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойд оролцсон бол залгуулаад Батноров сум үүсэн байгуулагдсаны 100 жилд оролцож буй.
УИХ-ын дарга Г.Занданшатар Баянхонгор аймагт болж буй Монгол туургатны харвуулт их наадамд оролцож байна. УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар Увс аймагт өсвөр үе, залуучуудын дунд волебойлын тэмцээн зохион байгуулж, Live хийн нүүр номоороо цацан, амралтаа спортоор амьсгалан өнгөрүүлж буйгаа мэдэгдсэн юм.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ