Элсэлтийн ерөнхий шалгалтандаа математик, физикийн хичээлийг 800 оноотой шалгуулсан Увс аймгийн Улаангом сумын Эрдмийн Эхлэл сургуулийн 12-1 ангийн сурагч Б.Буяндоржтой бид өөрийнх нь амжилт болон туршлагынх нь талаар ярилцлаа.
-Юуны өмнө элсэлтийн шалгалтаа амжилттай дуусгаж хоёр хичээл дээр 800 оноо авсанд баяр хүргэе. Элсэлтийн ерөнхий шалгалт өгч байхдаа сандав уу. Сандралаа хэрхэн давж гарсан бэ. Ер нь шалгалт өгөхөд ямар мэдрэмж төрж байв?
-Би бага ангиасаа эхлээд олимпиадад бэлддэг байсан. Тухайн үед бол байнга л сандардаг. Яалтачгүй шалгалтын өмнө бол бүр илүү сандардаг. Хэдий бэлтгэл сайн хийж өөртөө итгэлтэй байсан ч гэсэн цаанаасаа сандраад байдаг. Шалтгалтын цаас ирэхэд би хамгийн эхэнд гүйлгээд нэг харчихдаг. Тэр үед би сандархаа мартаад зөвхөн тэр бодлого руу анхаарлаа төвлөрүүлдэг. Тэгээд нэг сайхан амьсгаа аваад шалгалтынхаа сэдэв рүүгээ ордог доо. ЭЕШ-ын үеэр сандрахгүй байхыг хичээж байсан. Гэхдээ дотор жаахан айдас байгаад байсан шүү. Мэдрэмжийн хувьд шалгалтаа хурдан гэгч нь өгөөд дуусгахыг л бодож байсан даа.
-Шалгалтын өмнөх сэтгэл зүйгээ хэрхэн яаж бэлдэх вэ?
-Манай багш надад зөвлөхдөө чи тэр хүүхдүүдтэй өрсөлдөж байна шүү гэж бодож болохгүй. Түүний оронд цаасан дээр байгаа зүйл дээрээ анхаарлаа төвлөрүүлэх ёстой. “Энд олон хүүхдүүд байна. Надаас илүү мундаг хүүхдүүд байна” гэж айх ямар ч шаардлагагүй. Чи зөвхөн шалгалтын материалаа л сайн хийх хэрэгтэй. Бусад зүйл дээр битгий анхаарлаа хандуулаад бай гэж хэлж байсан. Тэр үг л намайг жаахан тайвшруулаад сандралаас чөлөөлж байсан. Гол хийх ёстой зүйлээ ойлгоод анхаарлаа төвлөрүүлээд сурчихсан байхад өөр илүү дутуу зүйлд хэр барагтай анхаардаггүй болчихдог. Өөртөө итгэх итгэл хамгийн чухал. Чаддаг зүйл ороод ирсэн ч өөртөө итгэхгүйгээр дахин дахин шалгасаар байгаад хугацаа их алддаг. Тийм болохоор ямар ч үед өөртөө итгэлтэй байх хэрэгтэй гэж боддог.
-Чиний хувьд ЭЕШ-ээ хэдий хэр хугацаанд бэлдсэн бэ. Ер нь хэр хугацаанд бэлдвэл сайн оноо авах вэ?
-Элсэлтийн ерөнхий шалгалтыг сүүлийн жил бэлдээд зуун хувийн гүйцэтгэлтэй хийчихнэ гэж бол байхгүй. Тухайн хүүхдийн суурь мэдлэг, чадвар, хичээлдээ хэр их цаг зарцуулж байгаа гэх мэт зүйлс бас их нөлөөлдөг. Гэхдээ яг хугацаа нь тулчихсан хүүхдүүд бол есөн сарын нэгнээс эхлээд шаргуу хичээллэвэл бас ахиц гаргах боломжтой. Ер нь хүүхдүүд төгсөх жилийнхээ намраас л гэнэт ухаан ороод хичээлдээ шамдаж эхэлдэг дээ. Миний хувьд суурь сайтай байсан болохоороо богино хугацаанд ч гэсэн үр дүн гаргаж чаддаг төрлийн. Зарим хүүхдүүд зунаас эхэлж бэлдэж байгаа харагддаг. Зүгээр л дээ. Хоцрогдлоо арилгаж болно. Гэхдээ зун өөрийгөө сайхан амраагаад энергиэ дүүргээд, намар хичээлдээ ороод өөрийгөө бүрэн дайчилбал илүү амар юм шиг санагддаг. Мөн зохион байгуулалттай цагийн төлөвлөлттэй хичээлүүдээ бэлдвэл их зүгээр байдаг шүү.
-Хоёр хичээл дээрээ 800 оноо авсанаа мэдэх мөчид ямар мэдрэмж төрсөн бэ?
-Надаас илүү миний гэр бүл, найз нөхөд, багш гээд эргэн тойрны маань бүх хүмүүс маш их баярласан. Хайртай дотны хүмүүсээ жаахан ч гэсэн баярлуулж чадсан даа үнэхээр баяртай байна. Анхны мэдрэмж бол мэдээж хэрэг гайхалтай. Өөрөөрөө бахархсан. Би чадчихлаа шүү гэж бодохын хажуугаар маш их хариуцлага мэдэрсэн.
-Төгсөх ангийн хүүхдүүдэд гэр бүлийн анхаарал халамж хэр чухал вэ.Эцэг эхчүүд юун дээр илүү анхаарвал зүгээр вэ?
-Миний хувьд өглөө 07:00 цагаас гараад орой найман цагийн үед гэртээ ордог байсан. Гэртээ ороход хоол хийгээд тавьчихсан. Энэ мэдрэмж бол маш гоё. Аав ээж маань амрах орчин нөхцлийг минь маш сайн хангачихсан байдаг учраас надад бас их нөлөөлсөн байх. Би ээжээрээ их бахархдаг. Ээж маань намайг түргэн хоол идүүлэхгүй нь тулд өглөө эрт босоод өдөр идэх хоолыг маань бэлдээд тавьчихдаг байсан. Гэр бүлийн маань зүгээс намайг маш сайн тусалж дэмждэг учраас би өдий зэрэгтэй явж байгаа байх. Эцэг эхчүүддээ хандаж хэлэхэд төгсөх ангийн хүүхдүүддээ аль болохоор дарамт шахалт үзүүлэхгүй байхыг бодох хэрэгтэй. Тэгэхгүй бол тухайн хүүхэд хичээл номдоо сайн төвлөрч чаддаггүй. Хүүхэд тань хичээлдээ бүрэн анхаарах үедээ ирчихсэн байхад хэрэгтэй хэрэггүй зүйлд санаа зовж эхэлснээрээ алт мэт цаг хугацаагаа өөрсдөө алдаад л байна гэсэн үг.
-Хэдэн хичээлээр шалгалт өгөв. Тэр хичээлүүддээ цагийн менежментээ хэрхэн яаж хийдэг байсан бэ?
-Миний хувьд математик, физик, англи хэл гэсэн гурван хичээллээр шалгалт өгсөн. Миний бодлоор аль болох цөөхөн хичээлээр өгвөл их зүгээр. Хэтэрхий олон хичээлээр өгчихөөр хэт их ачаалал авчихдаг. Тийм болохоор өөрийгөө ч зовоохгүйгээр чанартай хэдхэн хичээл байхад болно доо. Бусад хүнд бол нэг жилийн хугацаа урт санагдаж магадгүй л дээ. Гэхдээ төгсөх ангийн оюутнуудад тэр олон хичээлийг давтаж бэлдэхэд нэг жил хаана ч хүрдэггүй. Би математик, физик хоёр дээр илүү их цаг зарцуулаад англи хэлнийхээ хичээлдээ бага цаг зарцуулах гээд байсан болохоор өөрийнхөө чадахаараа л цагаа тэнцүү хуваарилахыг хичээдэг байсан.
-ЭЕШ-ын хоёрдугаар хэсэг буюу задгай даалгавар бол хамгийн их оноотой байдаг. Төдий чинээгээрээ бодоход маш хэцүү байдаг шүү дээ. Энэ тал дээр юу гэж зөвлөмөөр байна. Нууц биш бол өөрийнхөө арга барилаасаа бидэнтэй хуваалцаач?
-Задгай даалгавар маш хэцүү. Энэ даалгавар нь өөрөө тэр хүүхдийг тухайн хичээлдээ хэр бэлдсэн байна, өөрийн болгож чадсан байна уу, ер нь тухайн хүүхэд ямар түвшинд байгааг шалгадаг хэсэг. Миний хувьд нэгдүгээр хэсэгтээ ойролцоогоор 10 минут л зарцуулдаг. Үлдсэн хугацаандаа зайдгай даалгаврын хүнд бодлогуудаа бодох цаг үлдээдэг. Яаралгүйгээр буцаагаад шалгах цагаа бас тооцоолдог шүү. Хүүхдүүдийн нэг нийтлэг алдаа нь эхний хэсэг дээрээ л их цаг хуваарилаад тэрийгээ дахин дахин шалгаад байдаг юм шиг санагдсан. Тэгээд зайдгай даалгавраа бодох хангалттай цаг үлддэггүй. Тийм асуудал их гардаг учраас эхний хэсгээ аль болохоор зөв бөгөөд хурдан хийчихвэл задгай даалгавраа ядаж яарч сандралгүй бодох боломжтой.
-ЭЕШ-д бэлдэх өмнөх жилийн даалгавруудыг ажилладаг. Энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалт өмнөх жилийнхээс хэр ялгаатай байсан гэж бодож байна?
-Энэ жилийн материалд цоо шинэ зүйл бол байгаагүй. Өнгөрсөн жилийн материалтай төстэй санагдсан. Ерөнхийдөө бол өмнөх жилийнхээ материалыг бодоход харьцангуй амархан байсан.
-Бага байхдаа ямар хүүхэд байсан бэ. Хүн болгон өөрийн гэсэн мөрөөдөлтэй зорилготой байдаг шүү дээ. Чиний мөрөөдөл юу байсан бэ?
Бага байхдаа зүгээр том л хүн болно гэж боддог байсан./Инээв/ Ер нь бусдад туслахыг маш их хүсдэг. Би Увс аймгийн хүүхдийн зөвлөлийн гишүүнээр сүүлийн хоёр жил ажилласан. Тийм болохоор сайн үйлс хийдэг хүн болно гэж боддог байлаа. Дараа нь жаахан ичмээр ч гэсэн ерөнхийлөгч болохыг мөрөөддөг байсан. Улсаа хөгжүүлнэ гээд л… Одоо бол шал өөр мөрөөдөлтэй болсон. Одоохондоо нууц… Би нэгдүгээр ангиасаа хойш математикаар хичээллэж эхэлсэн болохоороо ч тэр юм уу даруу төлөв, аливаа зүйлд нухацтай, хариуцлагатай ханддаг хүүхэд байсан.
-Яагаад заавал математик, физикээр хичээллэж эхэлсэн бэ. Чамд нөлөөлсөн хүн байгаа юу?
-Манай ээж бага ангийн багш учраас хүүхдүүдэд заах хичээлээ орой болгон бэлддэг байсан. Сонирхолтой байлгах үүднээс нь янз бүрийн арга ашиглаж бэлддэг. Би ээжийнхээ хажуунаас нь хийж байгаа зүйлийг нь анхааралтай ажигладаг байлаа. Тэр үеэс эхэлж тоо, үсэг харахад сонирхолтой гоё санагддаг байсан. Зүгээр суухгүйгээр ээжийнхээ хийж байгаа зүйлсийг цээжлэчихдэг байлаа. Ингээд бодоход ер нь багаасаа логик сэтгэлгээ хөгжиж, тоонд сонирхолтой болсон юм шиг санагддаг. Тийм болоод ч тэр үү анх шатрын спортоор хичээллэж эхэлсэн. Нэгдүгээр ангидаа аймагтаа түрүүлээд улсын хэмжээний уралдаан тэмцээнд оролцож байлаа. Оролцсон тэмцээн, уралдаанаасаа хоосон ирж байгаагүй. Заавал шагналт байранд ордог байсан. Түүнээсээ их урам авч дараа дараагийнхаа тэмцээнд шамдаж бэлддэг байсан. Харин физикийн шинжлэх ухаан өөрөө тоо томъёоноосоо эхлээд математиктай нэлээд төстэй. Мөн техник, технологи тал руугаа байдаг учраас илүү их сонирхолтой. Хүн бүр өдөр тутмынхаа амьдралд физикийн шинжлэх ухааныг ямар нэгэн байдлаар хэрэглэж, ашиглаж байдаг учраас амьдралд их ойр санагддаг. Өөрөөр хэлбэл амьдралтай уялдаж байсан болохоор хичээллэж эхэлсэн.
-Хаан банкны тэтгэлэг авсан гэж сонсож байсан. Ер багаасаа л маш олон амжилт гаргаж байсан байна. Энэ амжилтын цаана шантарч байсан үе байсан уу. Тэр үед өөрийнхөө сэтгэл санааг хэрхэн яаж засдаг байсан бэ?
-Хүн л юм хойно шантрах зүйл зөндөө гарч байсан. Тэр үед бусад хүүхдүүдийг их ажигладаг байсан. Маш гоё дуулж бүжиглэдэг эсвэл спортдоо сайн. Сагс воллейбол сайн тоглодог гэх мэт хүн болгон өөрийн гэсэн чаддаг зүйл байдаг шүү дээ. Харин би юу хийж чаддаг вэ гэж бодохоор хичээлээс өөр зүйл байхгүй байсан. Тэгээд би өөрийнхөө чаддаг зүйлээ сайн хийхгүй бол бусдаас ялгарч гарахгүй юм байна гэж бодсон доо. Би “Эзэн хичээвэл заяа хичээнэ” гэж хэлэх дуртай. Хэрвээ чи хичээж л байгаа бол заавал амжилтанд хүрч чадна гэж л өөртөө сануулдаг даа.
-Дараа жил элсэлтийн ерөнхий шалгалт өгөх дүү нартаа хандаж юу гэж хэлэх вэ?
-Цагийн менежментээ сайн гаргаарай. Бусдын үгээр биш өөрийнхөө хүсэл сонирхлоо сонсож дотоод хүнтэйгээ ярилцах хэрэгтэй шүү. Эцсийн эцэст чиний л амьдрал. Зөв сонгол хийх хэрэгтэй. Бас хэт олон хичээл битгий сонгоорой. Чанартай хэдхэн хичээлээ барьж ав. Мөн төгсөх анги гэхээр л өөрийгөө амраахгүйгээр шахуу бэлтгэл хийх шаардлагагүй шүү. Нойр хоолоо сайн зохицуулах нь хичээлээ ойлгоход чинь дөхөм болно.
-Ямар сургууль сонгосон байгаа вэ?
-Би ер нь IT тал руугаа сурах сонирхолтой. Тийм болохоор Монгол Улсын Их Сургуулийн програм хангамжийн ангийг сонгосон.
-Цаг зав гарган бидэнтэй ярилцсанд маш их баярлалаа. Цаашдынх нь сурлага хөдөлмөрт нь өндрөөс өндөр амжилт хүсье.
-За баярлалаа.
Л.ЭНХТУУЛ
Холбоотой мэдээ