Монгол Улсын Засгийн газраас аялал жуулчлалын салбарыг эдийн засгийн тэргүүлэх эгнээнд авч үзэн 2023-2025 оныг “Монголд зочлох жил”-ээр зарласан. Энэ хүрээнд 2023 онд нэг сая жуулчин хүлээж авах зорилт дэвшүүлсэн юм. Одоогийн байдлаар 302 гаруй мянган жуулчин Монгол Улсад зочилсон талаарх тоо баримт байна. Тухайлбал, эхний улиралд 121.268, долдугаар сард 53479, долдугаар сарын 19-ний өдөр 3118 жуулчин иржээ. Нийт жуулчдын 130 орчим мянган нь Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлаар ирсэн бол Алтанбулаг, Боршоо, Зам-Үүд, Цагааннуур, ханх, Сүхбаатар, Хавирга, Арц суурь болоод бусад боомтоор дамжиж үлдсэн жуулчид нь монголд зочлоод байна. Нийт жуулчдын тоог ОХУ-ын жуулчид тэргүүлж байгаа бол Хятад, Өмнөд Солонгос, Казахстан улсын жуулчид удаах байранд орж байна. Цар тахлын дараах аялал, жуулчлал идэвхижиж байгаа эн үед зарим жуулчдын Монгол Улсад аяласан сэтгэгдлийг хүргэж байна.
ОРЧИН ҮЕ БА НҮҮДЭЛЧНИЙ СОЁЛЫГ ХАМТАД НЬ АГУУЛСАН ХОТ ДЭЛХИЙД ХААНА Ч БАЙХГҮЙ
БНСУ-ын иргэн У Сан И:
-Улаанбаатар хот төв хэсгээрээ орчин үеийн өндөр барилгууд, том брэндийн дэлгүүртэй хэр нь төвөөсөө нэг их холгүй модон хашаатай, нүүдэлчний гэртээ хүмүүс амьдардаг. Энэ нь надад нэг талаар их сонин, таатай санагддаг. Нөгөө талаар хөрсний бохирдол гэх мэт экологийн асуудал үүсгэдэг байх даа гэсэн эмзэглэл төрүүлдэг. Орчин үе ба нүүдэлчний соёлыг хамтад нь агуулсан ийм хот дэлхийд өөр байхгүй учраас Улаанбаатар тэр чигтээ дурсамж үлдээмээр газар гэж би бодож байна. Үндэсний түүхийн музей надад хамгийн их таалагдсан. Эртний хүмүүсийн талаарх содон үзмэр ихтэйн дээр музейн хөтөч нь мэдлэгтэй эмэгтэй байсан. Хотын төвөөр түүхэн хүмүүсийн хөшөө их боловч англи хэл дээр тайлбаргүй байсан болохоор сайн ойлгоогүй.
Монголд хоёр дахь удаагаа ирэхдээ найзуудтайгаа үндэсний хөгжмийн тоглолт үзсэн. Хөгжмийн олон урсгалыг шимтэн судалдаг найзад маань хөөмий маш их таалагдсан гэсэн. Монголын говиор аялах зорилготой ирсэн. Газрын зургаас харахад Монгол Улсын 21 аймгаас ердөө л хоёрхон аймгийн нутагт байрлах говь нутгийн үзэсгэлэнг харахад ийм дуу алдам байгааг биширсэн. Тийм учраас үлдсэн бүх аймгуудаар аялаж тойрон аялахыг мөрөөдөж байна. Аймаг сум бүрт үзэсгэлэнтэй нутаг байгаа гэж сонссон. Тэр бүгдээр нь аялахыг хүсч байна.
Сүүлийн жилүүдэд Монгол Улсын нүүдэлчин ахуй, байгалийн сайхныг үзэхийг олон хүн хүсдэг болж. Найзууддаа Монголд үзсэн газар орныхоо зургийг үзүүлэхэд заавал дагуулж явахыг хүссэн. Тийм учраас энэ удаа дахин зочилж байна. Хөдөө нутаг үнэхээр сайхан. Ямар сайхан үгээр илэрхийлж хэлэхээ ч мэдэхгүй байна. Шүүмжлэлт зүйл гэвэл ариун цэврийн байгууламжийн асуудал тулгамддаг. Модон биш ариун цэврийн байгууламжтай газрууд их ачаалалтай ажиллаж байгаа санагдсан. Тиймээс тоог нь нэмэгдүүлэх хэрэгтэй байх гэж бодож байна. Түүнээс бусдаар солонгос хэл мэддэг иргэд олон байдаг болохоор тэр бүр бэрхшээл хүндрэл байдаггүй. Заримдаа Монголд биш Өмнөд Солонгост байгаа мэт сэтгэгдэл их төрдөг шүү. Үйлчилгээгээ улам сайжруулж, олон жуулчин хүлээж аваарай гэж хүсье. Анх удаагаа зориод ирсэн жуулчинг ахин дахин ирэх сэтгэгдлийг төрүүлж чадвал аялал жуулчлалын хөгжлийг авч ирнэ гэж бодож байна.
АРАВ ХОНОГИЙН АЯЛЛАА ЧИНГИСИЙН ТАЛБАЙ ДЭЭРЭЭС ЭХЛҮҮЛЖ БАЙНА
АНУ-аас ирсэн жуулчин Josh Celik:
-Монгол Улсад өмнө нь 10 гаруй жилийн өмнө анх удаагаа зочилж байсан. Энэ удаагаа хоёр дахь удаагаа зочилж байгаадаа маш их баяртай байна. Монгол Улс бол үзэсгэлэн төгөлдөр, амар амгалан орон учраас нэг ирсэн хүн дахин ирэхийг хүсдэг орон. Улаанбаатар хотын хувьд хот хүн ам олноор суурьшнаас үүдэн хүний хэт их бөөгнөрөл үүссэн байхыг үгүйсгэхгүй ч хотоос гарах төдийд Монгол Улсын газар нутаг өргөн уудам. Очиж үзэх газрууд, аймгууд олон байна. Магадгүй та бүхэн өөрсдөө анзаардаггүй байж ч магадгүй. Над шиг өндөр барилга, олон арван автомашин, дуу чимээ ихтэй газар амьдардаг хүмүүс ирэхэд Монгол Улс амар тайван улс санагддаг.
Миний хувьд Турк улсын иргэн боловч АНУ-д ажиллаж амьдардаг. Монголчууд Турк оронтой эртнээс найрсаг харилцаатай байж ирсэн. Тийм учраас дахин ирэхэд хэзээний таньдаг айлдаа ирж байгаа мэт халуун дулаан сэтгэгдэл төрж байна. Анх намайг ирж байхад турк хүмүүс ховор аялладаг байсан. Арав гаруй жилийн өмнөхөөс олон зүйл өөрчлөгдсөн санагдаж байна. Хэдхэн алхаад л нутаг нэгтээ ахан дүүстэйгээ таарч байна. Маш сайхан санагдлаа. Намайг анх Монголд ирж бай үеэс гадаадын жуулчдын тоо мэдэгдэхүйц өсчээ. Бүр онгоцондоо багтахгүй шахам дараалал үүссэн байгааг харахад сайхан байлаа. Монгол Улстай холбоотоa бас нэгэн мартагдашгүй дурсамж, шинэ түүх бичих гэж байгаадаай баяртай байна. Арав хоногийн аяллаа Чингисийн талбай дээрээс эхлүүлж байна.
ЗАМАА САЙЖРУУЛЧИХВАЛ УЛАМ ОЛУУЛАА ИРСЭЭР БАЙХ БОЛНО
БНСУ-ын иргэн И Су Жан:
-Монгол Улсад анх удаагаа аялж байна. Аяллаар ирээд удаагүй байгаа ч олон сонирхолтой зүйлс үзсэн. Сэтгэгдэл маш сайхан байна. Би олон орноор аялсан. Улс орон бүр өөр өөрийн гэсэн өвөрмөц соёл, ахуйтай. Монголын уудам цэлгэр тал надад маш их таалагдсан. Өмнөд говиор аялахдаа би ер бусын тайван мэдрэмжийг мэдэрсэн. Шөнийн одод надад маш онцгой сэтгэгдэл төрүүлсэн. Шөнийн одод бүгдээрээ над дээр асгаж, миний хажуунаас харвах шиг тийм саруулхан шөнүүдийг үзсэндээ баяртай байна. Тэнгэрт түгсэн мянга мянган оддыг харж, гадаа хонох үнэхээр тааламжтай байсан.
Түүнээс гадна олон сайхан газар үзсэн. Тухайлбал, Дундговь аймгийн Бага газрын чулуу, Цагаан суварга, Өмнөговь аймгийн Ёлын ам, Хонгорын элс, Баянзаг гэх мэт олон байгалын үзэсгэлэнт газрыг зорьж үзсэндээ баяртай байна. Монголчууд ийм сайхан үзэсгэлэнт төгөлдөр эх оронтой азтай хүмүүс юм. Мөн эх орноо онгон дагшнаар нь хадгалж, нүүдэлчин өв уламжлалаа тээж, өвлөж үлдсэн нь сайхан санагдсан. Аялалын явцад ганц нэг хүндрэлтэй асуудал байсныг нуухгүй. Тухайлбал, ариун цэврийн байгууламж, зам дагуу рестораны газруудын урт дараалал, замын тэгш бус гадаргуу гэх мэт жуулчдыг багахан ядраадаг асуудлууд байна.
Бид хоёр хоногийн дараа Хөвсгөл явахаар шийдсэн. Тэнд очих зам нь сайхан байгаасай гэж хүсч байна. Монгол Улс хөгжиж байгаа орон учраас дэд бүтцийн хувьд тийм ч сайн биш байгааг хүлээн зөвшөөрсөн. Бид маш хол замыг туулж алгуурхан явсаар үнэхээр үзэсгэлэн төгөлдөр газар очдог. Замдаа багахан ядарсан ч тийм сайхан байгалийн үзэсгэлэнт газруудыг хараад ядарсанаа мартчихдаг. Бид ихэвчлэн төлөвлөсөн цагаасаа хоцордог. Учир нь дэд бүтэц, зам сайн биш учраас хурдан явах боломжгүй байгаа талаар хөтөч маань тайлбарласан. Тийм учраас Монголчууд хурдан хугацаанд засмал замаа сайжруулж нүхгүй, онхол донхол биш тэгш гадаргуутай замтай болоосой гэж хүсч байна. Тэгвэл би ойрхон хугацаанд Монгол Улсад зочилсоор байх болно. Бүр олуулаа ч ирнэ. Монголчууд солонгосчуудад маш эелдэг, найрсаг, хэзээний ахан дүүс шигээ хандаж байгааг хараад маш найрсаг, зочломтгой хүмүүс санагдсан. Дараа заавал дахин зочлох болно оо.
Холбоотой мэдээ