Сурвалжлага: Хэцүү хаданд боловсон жорлон байгуулснаар бохирдол нь багасчээ

Хуучирсан мэдээ: 2023.07.21-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: Хэцүү хаданд боловсон жорлон байгуулснаар бохирдол нь багасчээ

Сурвалжлага: Хэцүү хаданд боловсон жорлон байгуулснаар бохирдол нь багасчээ

Говийн шаргал элсэнд машинтайгаа суусан хэд хэдэн жолоочтой тааралдав. Зарим нь “Хангай газарт ийм их элс байна чинээ даанч санасангүй” гэлцэнэ. Овсгоотой нэг нь нутгийн айл бараадан замаа заалгаж, уулын бэлээ бараадах аж. Жолоочийн овсгоо самбаа шаардсан энэ зам бол Хэцүү хад орох зам. Увс аймгийн Хяргас нуурын баруун эрэгт орших өвөрмөц, ер бусын тогтоцтой энэ газрыг зорин очих олны хөл тасрахгүй. Төв замаасаа 45 километр элс, хадтай амаргүй замыг туулж, отоглох цэг дээр очив. Энэ хүртэлх замд тэмдэг тэмдэглэгээ гэх юм огт алга. Тиймээс иргэд хүрэх замаасаа төөрч, машин тэргээ эвдэх тохиолдол цөөнгүй гардаг байна.

Сүүлийн жилүүдэд Хэцүү хад орчмын улсын тусгай хамгаалалттай газрын байгаль экологийн асуудал хөндөгдөх болсон. Учир нь иргэдийн ухамсаргүй үйлдлээс болж, дахин давтагдашгүй, онгон зэрлэг байгаль эхнээсээ сүйдэж буй.

Энд тэндгүй хүний ялгадас, хогонд дарагдсан дүр зураг олон нийтийн сүлжээнд цацагдах болсон. Харин хавар, намартаа амрагч цөөн, орчны бохирдол харьцангуй бага байдаг аж. Энэ асуудлыг шийдэх үүднээс 2020 онд 100 сая төгрөгөөр Ханхөхий-Хяргас нуурын тусгай хамгаалалттай газар нутгийн захиргаанаас 220 кВт-ын тог цахилгаантай боловсон ариун цэврийн байгууламж, сүүдрэвч, сандал, авто зогсоол, хогийн цэг зэргийг барьж, байгуулжээ.

ИХЭНХ ХҮМҮҮС ХЭДЭН МЯНГАН КИЛОМЕТРИЙН ХОЛООС ХЭЦҮҮ ХАДЫГ ЗОРИН ИРДЭГ

"Аялагчид хүнд хэцүү замыг туулаад Хэцүү хадыг зориод ирнэ. Ихэнх нь их сайхан байгальтай газар байна. Аргагүй хэцүү замтай газар байна гэдэг” хэмээн ярих энэ хүнийг Ц.Бямбажав гэдэг. Тэрбээр отоглох цэгийг түшиглэн гурав дахь жилдээ гэр амралт ажиллуулж, аялагчдыг хүлээн авч буй.

“Хотынхон Хэцүү хад баас шээсэндээ дарагдсан газар байна гэж ярьдаг байсан. Боловсон ариун цэврийн газартай болсноор ядаж 1000 хүний 500 нь манай жорлонгоор дамждаг болсон. Өмнөх бохирдлоосоо нэг дахин багассан. Ямар ч байсан ойр орчныхоо хог хаягдал, бохирдлыг бууруулахаар хичээж байна” гэсэн юм. Түүнтэй танилцаж, цөөн хором яриа өрнүүлэв.

-Сайхан зусч байна уу. Увс аймгийн Завхан сум тэр чигээрээ говь нутаг байна. Зуншлага хэр байна вэ?

-Сайхан. Манай нутагт өвөл, хавар хатуу болж өнгөрсөн. Зун эхэлснээс хойш салхи шуурга ихтэй байж байгаад хоёр гурав дахиж сайхан бороо орлоо. Сүүлийн 20 хоног ногооны гарц сайжирч, мал тарга тэвээргээ авч байна. Гэхдээ л салхи шуурга ихтэй зуншлага болж байна. Одоо цаг эрт байна. Манай нутагт есдүгээр сард ч бороо орж, ногоо цагаа ургадаг. Хугацаа байна. Сайхан зун, намар болох байх.

-Та энэ нутгийн уугуул хүн үү?

-Би Увс аймгийн Завхан суман дахь Шар булаг гэдэг газар 1970 онд төрсөн. Одоо 53 настай. Аав ээж маань сумын төв дээр ажил төрөл хийдэг байсан. Улаангомын хоёрдугаар арван жилийн сургуулийг төгсч, цэргийн алба хааж ирээд л одоог хүртэл орон нутагтаа ажиллаж, амьдарч байна.

Хэцүү хадыг зорин ирэх зам бартаатай ч олны хөл тасрахгүй юм?

-Ихэнх хүмүүс хэдэн мянган километрийн холоос Хэцүү хадыг зорин ирдэг. Жишээлбэл, Улаанбаатар, Баян-Өлгий, Ховд, Увс, Хөвсгөл, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговиос гээд есдүгээр сард хүртэл ирнэ. Ер нь зургадугаар сараас хамт олны уулзалт, аялал эхэлж,  ахан дүүсээрээ маш их ирнэ. Ноднин манайд ганц пургон машинтай 3-4 орос иргэн ирж, гурав хоносон. Явуулын оросууд намар тийшээ хэд гурав ирнэ. Энэ жил Өмнөд Солонгосын жуулчид ирж байна.

ХЭЦҮҮ ХАД ХҮРТЭЛХ 45 КИЛОМЕТР ЗАМЫГ ЗАСМАЛ БОЛГОВОЛ АЯЛАГЧИД МАШИН ТЭРГЭЭ ЭВДЭХГҮЙ

Хэцүү хад руу явах замд самбар, тэмдэг тэмдэглэгээ маш цөөн таарав. Увс аймгийн Байгаль орчны газар, Өндөрхангай, Хяргас нуурын тусгай хамгаалалттай газар, Завхан сумын ЗДТГ хамтран ганц нэг тэмдэг тэмдэглэгээ тавьсан гэх.

Орон нутгийн зарим иргэд Хэцүү хад хүртэлх 45 километр замыг засмал болговол "Хөвсгөл аймаг шиг байгаль нь сүйдчихнэ" гэх байр суурийг илэрхийлдэг байна.

Харин Ц.Бямбажав "Байгалиа онгон дагшинаар нь байлгана гээд талхалж, дураараа зам гаргаад давхиад байх уу. Эсвэл аялагчдын тэр их урсгалд зориулсан засмал замыг нь тавьж өгвөл илүү их боломж нээгдэж, хөгжих юм шиг санагдах юм. Хэцүү хад руу жижиг автомашинтай зорчиход үнэхээр хэцүү. Эндхийн хоёр, гурван жуулчны бааз хооронд ирж очиход ч амаргүй замтай" гэв.

Тэрбээр энэ тухай ярихдаа "Зарим уур уцаартай хүмүүс ирнэ. “Тэмдэг тэмдэглэгээ тавихад яадаг юм. Элс рүү орчихлоо” гэж уурлана.

Дэргэдэх “Хэцүү хад” жуулчны баазын менежер залуу хэд хэдэн зам дээр “Элс ихтэй зам” гэдэг тэмдэг байрлуулсан. Гэвч иргэд тэрийг тоохгүй элс рүү орж их сууна. Бас адуу шахдаг ам гээд эгц өндөр хадан хясаа бий. Тэр хясаа руу орсон машин эвдрээд гарч ирдэг. Тиймээс “Үхлийн аюултай хэсэг” гэсэн тэмдэг тавьсан хэрнээ хүмүүс машинтайгаа орчихоод байх юм. Аялагчид хүнд хэцүү замыг туулаад Хэцүү хадыг зориод ирнэ. Ихэнх нь “Их сайхан байгальтай газар байна. Аргагүй хэцүү замтай, хадтай газар байна” гэдэг. Зарим өдөр элсэн шуурга шуурч, Хяргас нуур найман метрийн өндөр давалгаа үүсгээд хүн харахын эцэсгүй байхад хүртэл “Ямар сайхан байгаль вэ” гэж шагширцгаадаг. Хүн хүний харах өнцөг өөр өөр" гэсэн юм.

ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАРТ ГЭРЭЭС ӨӨР БАРИЛГА БАЙГУУЛАМЖ БАРИХ БОЛОМЖГҮЙ 

-Аялал зугаалгын улиралд Хэцүү хад орчим битүү хогонд дарагддаг. Ер нь иргэд зөв боловсон аялж чадаж байна уу?

-Хотынхон ялангуяа маш их ухамсартай болсон. Хар уутанд хогоо хийгээд зориулалтын цэг дээр нь хаядаг. Бид ч бололцоогоороо хог хаягдлыг нь ангилж, шатаахыг нь шатаана. Эндээс 40 километрын зайтай сумын төвийн хогийн цэг рүү хог хаягдлаа ууталж, савлаад зөөдөг. Зарим иргэд нь манай хоносон газар ийм хур хог үүссэн байна гээд түүгээд ирнэ. Хүмүүс ухамсартай болж, бидний ажлыг харьцангуй хөнгөвчилж байна.

-Зарим иргэд 1000 гаруй километр газар туулж ирэхэд навсархай хэдэн гэр угтаж байна гэж шүүмжилдэг. Танайх бас тав зургаан гэр барьжээ. Ер нь үйлчилгээгээ сайжруулахад ямар хүндрэл учирч байна вэ?

-Тусгай хамгаалалттай газарт монгол гэр барьж үйлчилгээ явуулах боломжтой. Би өвөл зунгүй 100 сая төгрөгийн ариун цэврийн байгууламжийг манаж байгаа хүн. Манайх өвөлдөө сумын төвдөө амьдардаг ч долоо хоногт ирэн очин харж хянадаг. Одоо зарим гэрлийг нь тоночихсон байна. Хотоос гэрэл авчруулахаар захисан байгаа. Бидний үйлчилгээ явуулах эрхийг жилээр сунгадаг. Ирэх жил өөр хүн ч энд ажиллахыг үгүйсгэхгүй. Тийм учраас байшин барилга барьж болохгүй.

Нэг сагсан бөмбөгийн талбай ч цементлэх эрхгүй байдаг. Уг нь модон шовгор бариад хоолны гэрээ сайжруулж, тохь тухтай баймаар байх юм.

Отоглох цэг гэдэг юмыг 2020 онд улсын хэмжээнд 10 орчмыг байгуулсан. Үүнээс Увс аймагт найм нь бий. Хөвсгөлд ганц хоёр байдаг гэсэн. Отоглох цэгийн тухай хууль дүрэм бас тодорхойгүй. Энэ чиглэлээр Байгаль орчны газраас Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэстэй хамтран хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжууулаад ажилгүй иргэдийг ажилтай болгох чиглэл өгсөн. Тэр болгон орон нутгаас сэтгэлд таарсан хүмүүс олдохгүй юм. Тиймээс ах дүү нар, хүүхдүүдийнхээ хүчинд л үйл ажиллагаа явуулж байна" гэлээ.

ХАНЬТАЙГАА ЭЛСЭН ЦӨЛД АНХ УДАА 50, 60 ШИРХЭГ УЛИАС, БУРГАС ТАРЬЖЭЭ

-Отоглох цэгийн урд хэсэгт мод тарьсан байсан?

-Гаднаас харахад манайх олон аялагч хүлээн авч байгаа мэт. Үүний цаана манай гэр бүл бохир, хог хаягдал цэвэрлэх ажил хийж байдаг. Боловсон жорлонгийн бохироо нэг тоннын сав руу соруулна. Уг нь дүрэм журамдаа бохирын зориулалтын машинаар соруулж, аймгийн цэвэрлэх байгууламж руу нийлүүлэх ёстой. Одоохондоо тийм боломж байхгүй. Аймгаас энэ бартаатай замаар бохирын машин ирж, зөөвөрлөх ямар ч боломжгүй.

Ажилтан авъя гэхээр хүмүүс “Хогтой ноцолдохгүй” гээд дургүйцдэг. Эхнэр бид хоёр амьдрал ахуйгаа залгуулж байгаа учраас цээрлэлгүйгээр ажиллаж байна.

Манай говьд мод ургамал тарьдаггүй. Ханьтайгаа энэ жил элсэн цөлд анх удаа 50, 60 ширхэг улиас, бургас мод тарилаа. Хяргас нуураас насосоор ус татаж, боловсон жорлонгийнхоо усыг шийддэг. Тэр усаар услах гэхээр давстай шорвог учраас мод услах боломжгүй юм байна. Тиймээс 13 километрийн цаана Айраг нуураас нэг тоннын усны саваар ус авч, модоо усалдаг. Бүх мод маань цэцэглэж, ургаж байгаад баяртай байна.

-Увс аймаг ОХУ-тай хил залгаа байдаг. Тэр утгаараа зах худалдааны төвүүдээр тува, буриад иргэн олноор үйлчлүүлж байна. Эдгээр жуулчдад зориулсан аялал жуулчлалын маршрутыг гаргаж, хөгжүүлбэл болмоор юм шиг санагдсан?

-Аймгийн зах худалдааны төвүүдээр тува, буриадууд их үйлчлүүлдэг юм. Цар тахлын үеэр эдийн засгийн гол эргэлт байлаа. Ноднингоос хойш эдгээр иргэдийн хөдөлгөөн эрс нэмэгдэж, оросууд дагаж ирдэг болсон. Эдгээр жуулчид Улаангомын зах, цайны газар, хэдэн зочид буудлаас хэтрэхгүй, үзэх харах юмгүй нутаг буцаж байна. Ядаж урин дулааны улиралд тэдэнд зориулсан аяллын хөтөлбөр гаргаж, гадаадын жуулчдыг татах бүрэн боломжтой.

Хэцүү хаданд хоёр том жуулчны бааз, улсын төсвөөр байгуулсан хоёр отоглох цэг байна.

Иргэдийн зүгээс энд амралт үйлчилгээний газар байгуулах сонирхол ихтэй байдаг ч Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Байгаль орчны тухай хуультайгаа зөрчилдөж, огт газар олгодоггүй. Иргэд хувиараа отоглох цэг байгуулаад ажиллахаар хууль дүрэм нь болж өгдөггүй. Тусгай хамгаалалттай газар болохоор хувийн хөрөнгөөр юм байгуулж болдоггүй. Улс иймэрхүү газраа хамгаалж дийлэхгүй байна. Ямар гарц гаргалгаа байдаг юм бэ. Хувь хүмүүст газраа эзэмшүүлж, хамгаалж, арчлаад, үйлчилгээ явуулаад байвал болмоор юм шиг. Гэтэл хууль дүрэм нь тийм биш. Хэчнээн хүмүүс хогоо торонд хийгээд авч ирж өгдөг ч салхи шуурганд хийссэн хог хаягдал их байна. Тэр болгоныг цэвэрлэнэ. Гэхдээ хүн хариуцаад үйл ажиллагаа явуулахаар өмнөхөөсөө дээрдэж байна.

АЛТАЙН ШАР СУГАС ЗАГАС ЗАВХАН СУМЫН БАЙГАЛИЙН ГОЛ БАЯЛАГ

-Сая нэг хүү тав, зургаан засаг бариад явлаа. Хяргас нуур их загас элбэгтэй юм?

-Алтайн шар сугас загас манай Завхан сумын байгалийн гол баялаг. Өвөл Хяргас, Айраг нуурын загасны нөөцийг нарийн мэргэжилтнүүдээр өндөр өртгөөр тодорхойлуулж, нэг килограмм загасанд 1000 төгрөгийн татвар төлөхөөр болсон. Сумынхан тор тавьж бариад тодорхой хэмжээний төсвийг орон нутгийн төсөвт төвлөрүүлдэг. Загас барих хоббитой хүмүүс дэгээ шидэж бариад л эргүүлээд тавьчихдаг. Загас маш элбэг.

Цагаан хадан дээр хар нугасны үүр бий. Хүний хөл хөдөлгөөн их болж сүүлийн 10 жил энд үүрлэхээ больсон. Хоёр нуурын хоолойд хүнгүй газар байдаг тухай ярилаа.

Хяргас нуурын ус болор мэт тунгалаг. Нууранд сэлэх загас, жараахай нь нүднээ тодхон харагдана. Эгц өндөр хадан хясаа, цохионууд нь хараа булаам. Нууранд тун ховор хар галуу, цахлай болон алтайн сугас, монгол хадран, шар загас элбэг. Зарим аялагчид хоббигоороо загас барьж, амарч харагдана. Үнэхээр байгалийн үзэсгэлэн бүрдсэн гайхалтай сайхан газар гэдгийг эрдэмтэн судлаачид онцлон тэмдэглэсэн байдаг. Энэ хадны тухай ОХУ-ын жуулчин А.В.Бурдуков “Хэцүү хад бол байгалийн сонин тогтоц бөгөөд үзэсгэлэнт сайхнаараа Монголд хоёрдогч нь юм” хэмээн нэгэнтээ тэмдэглэсэн байдаг аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
3
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж