ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин ирэх наймдугаар сард Өмнөд Африкт болох БРИКС-ийн чуулга уулзалтад оролцохгүй гэдгийг мэдээллээ. Путин тус чуулганд оролцсоноор баривчлагдах эрсдэл нь Өмнөд Африкийн хувьд томоохон дипломат сорилт болоод байсан юм.
"Харилцан тохиролцсоны дагуу ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин дээд хэмжээний уулзалтад оролцохгүй, түүнийг төлөөлөн гадаад хэргийн сайд Сергей Лавров оролцоно" гэж Өмнөд Африкийн ерөнхийлөгч Сирилл Рамафосагийн хэвлэлийн төлөөлөгч Винсент Магвеня мэдэгджээ. Энэ асуудлаар хоёр тал сүүлийн хэдэн сарын турш олон удаа хэлэлцсэний эцэст өнгөрсөн шөнө тохиролцоонд хүрсэн гэв.
Олон улсын эрүүгийн шүүхээс Путиныг, хүүхдийн эрхийн комиссар Мариягийн хамтаар Украины хүүхдүүдийн эрхийг зөрчсөн хэрэгт буруутган баривчлах шийдвэрийг гаргасан. Өмнөд Африк нь Олон улсын эрүүгийн шүүхийн гишүүн орны хувьд Путиныг эх оронд нь хөл тавимагц баривчлах үүрэгтэй байв.
Барууны давамгайллыг сөрөг зорилгоор байгуулагдсан БРИКС-ийн бүлэгт Бразил, ОХУ, Энэтхэг, Хятад зэрэг хүчирхэг гүрнүүд багтдаг бөгөөд энэ удаагийн дээд хэмжээний уулзалтыг Өмнөд Африк даргална. Чуулган наймдугаар сарын 22-24-нд Йоханнесбург хотод болно.
ЭХ СУРВАЛЖ: AGENCE FRANCE-PRESSE
Холбоотой мэдээ