Украин улсаас үр тарианы экспортоо үргэлжлүүлэхийн тулд түр тээврийн зам тавьж байна гэж мэдэгдсэний дараа ОХУ нь өнөөдрөөс эхлэн Хар тэнгисийн боомтууд руу зорчиж буй хөлөг онгоцуудыг цэргийн ачаа тээвэрлэж байна гэж үзэхийг анхаарууллаа. Мөн ОХУ нь Хар тэнгисийн зүүн өмнөд болон баруун хойд хэсгийг олон улсын навигацид түр хугацаанд аюултай гэж зарлаж байна гэж тус яам мэдэгджээ.
Украин нь өнгөрсөн нэг жилийн хугацаанд НҮБ болон Турк улсаас зуучлалаар байгуулагсдан үр тарианы экспортын гэрээний дагуу хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ олон улсад Хар тэнгисийн боомтуудаар дамжуулан борлуулж байсан юм. Гэвч гэрээний хугацаа дуусч, ОХУ хэлэлцээнээс гараад буй.
Улмаар Украины талаас Хар тэнгисээр дамжуулан үр тарианы тээвэрлэлтээ үргэлжлүүлэх хүсэлтээ илэрхийлж, Олон улсын далайн байгууллагад хандсан бөгөөд түр тээврийн зам тавихаар болсон юм. НҮБ энэ хэлэлцээр нь дэлхийн хэмжээнд хүнсний үнийг 20 гаруй хувиар бууруулахад тусалсан гэж үзэж байна. Украин нь НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөрийн өлсгөлөнтэй тэмцэх хүчин чармайлтад үр тарианы гол нийлүүлэгч байсаар ирсэн.
Гэвч ОХУ-ын батлан хамгаалах яамнаас өнөөдөр мэдэгдэхдээ, Украины чиглэлд тээвэрлэлт хийж буй бүх хөлөг онгоцуудыг цэргийн ачаа тээвэрлэж байна гэж үзэх бөгөөд далбааны эзэн улсууд нь дайнд Киевийг дэмжсэнд тооцогдоно гэв. ОХУ-аас анхааруулсан хугацаа Москвагийн цагаар шөнө дундаас эхлэх бөгөөд батлан хамгаалах яамнаас ямар хариу арга хэмжээ авахаа тодорхой тайлбарлаагүй.
ЭХ СУРВАЛЖ: REUTERS
Холбоотой мэдээ