“Даншиг наадам-Хүрээ цам 2023” шашин, соёлын наадмыг наймдугаар сарын 5, 6-нд Хүй долоон худагт зохион байгуулах гэнэ. Энэ жил наадмын цам харайх ёслол, бөх барилдах талбайг тус тусад нь засахаар болжээ. Монголын соёл, шашны зан үйл, өв уламжлалыг хадгалсан, өвөрмөц онцлогтой уг наадмыг сонирхохоор жил бүр олон тооны гадаад жуулчид ирдэг болсон.
Наадмын үеэр лам нарын дунд ном хаялцах, мэтгэлцэх, балин тосон урлалын тэмцээн зохион байгуулдаг. Даншигийн цуваа, Сүнчэ айлдвар, Очирвааны тахилга, Чингис хааны сан, цам харайх, сор залах, соёмбот туг залах, шашны сүлд дуулал эгшиглүүлэх зэрэг шашин соёлын олон арга хэмжээ болно.
Мөн хүчит бөхийн барилдаан, хурдан морь болон жороо морины уралдаан, шагай харвааны наадам, дэмбээний тэмцээн, морин цирк, морьт харвааны тэмцээн болохоос гадна жижиг, дунд бизнес эрхлэгчдийн бүтээгдэхүүн, ёс заншил харуулсан гэр хотхон, уран зураг, гэрэл зураг, эртний монгол хоол, хүнсний үзэсгэлэн худалдаа зохион байгуулах гэнэ.
Бурханы шашны бага таван ухааны бүжиглэлийн ухаанд багтах цам нь Даншиг наадмын гол онцлог аж. Хүрээ цамын ёслолыг Гандантэгчэнлин хийдийн эрдэмт хуврагууд 1999 оноос уламжлал дэг ёсны дагуу сэргээн туурвисан байна. Түүнээс хойш өдгөөг хүртэл жил бүр дэглэсээр иржээ. Цамын үеэр Очирваань бурхан, уран хошин, инээдмийн дүр бүхий цагаан өвгөн мөн нийслэл хотыг хүрээлэх дөрвөн дагшин уулын эзэд болох Хангарьд, Гахай, Нохой, Хөх өвгөн бүжин наадна. Шашин соёлын баярт 120 гаруй цамчин оролцох гэнэ. Цам нь хортон дайсан, ад зэтгэрийг догшдын хөдөлгөөнөөр даран сөнөөж буй бэлгэдлийг уран яруу хөдөлгөөнөөр үзүүлдэг онцлогтой.
Холбоотой мэдээ