Улаанбаатар хотын төв хэсгээр шугам хоолойн засварын ажил сар гаруй хугацаанд үргэлжилж байна. Үүнтэй холбоотойгоор зарим замын уулзвар дээрх гэрлэн дохио ажиллахгүй, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг тэмдэг тэмдэглэгээгээр зохицуулж байгаа юм. Замын гэрлэн дохио ажиллахгүй байгаагийн улмаас өнөө өглөө /2023.07.20/ 09.00 цагийн орчимд Соёл урлагийн их сургуулийн урд хэсэгт авто осол гарсан талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.
Тодруулбал,Сүхбаатар дүүрэгт байрлах Соёл урлагийн их сургуулийн урд талын замын явган хүний гарц дээр "Приус-30" маркийн машин "Хьюндай бонго пронтер" маркийн автомашинтай мөргөлдөж, осолдсон байна. Энэ талаар албаныхнаас тодруулахад "Төв замаар зорчиж явсан "Приус-30" маркийн машинд туслах замаар явж байсан "Хьюндай бонго пронтер" маркийн машин зам тавьж өгөөгүйгээс мөргөлдөж, осолдсон. Тухайн тээврийн хэрэгслийн хоёр жолооч жолооны эрхтэй, үнэмлэхтэй байсан бөгөөд согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Хоёр жолоочийн биеийн байдал хэвийн, ямар нэгэн бэртэл гэмтэл аваагүй" гэв.
Зам тээврийн ослын шалтгаан нөхцөлийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа аж.