Орон нутагт голын усанд осолдсон таван иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Тодруулбал Булган аймагт нэг, Дорнод аймагт хоёр, Хөвсгөл аймагт нэг, Улаанбаатар хотод нэг нийт дөрвөн цэгт Онцгой байдлын байгууллагын алба хаагчид эрлийн ажиллагааг зохион байгуулж байгаа талаар мэдээллээ.
Баян-Өлгий аймгийн Өлгий сумын хоёр, гурав, дөрөв, 12, 13 дугаар багийн нутагт долдугаар сарын 18-нд түр зуурын усархаг бороо орсны улмаас Их булан, Бөхөн-Уул, Цагаан-Эрэг, Ногоон багийн зарим айл өрхүүд усанд автжээ. Үерийн усанд нийт таван багийн 210 өрхийн гэр, байшин автсан байна. Албаныхан тусламж шаардлагатай байсан 54 өрхийн 145 иргэнийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлж, усанд автсан 40 гэр, байшингийн 597 тонн орчим усыг соруулж аюулгүй болгожээ.
Мөн 16 метрийн урттай хамгаалалтын даланг байгуулж, таван байршилд зургаан метрийн гүнтэй нүх ухаж усыг газарт нь шингээх ажиллагааг зохион байгуулаад байна. Өнөөдрийн байдлаар үерийн усаар орж ирсэн лаг шавруудыг цэвэрлэх, халдваргүйжүүлэлтийн ажлыг зохион байгуулж байгаа аж.
НЭГ ӨРХИЙН ГЭР, 2 АЖ АХУЙ НЭГЖИЙН БАЙР, 1 ОРОН СУУЦНЫ БАЙРНЫ ЗООРИЙН ДАВХАР УСАНД АВТСАН
Мөн Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Тамир багт өчигдөр /2023.07.19/ түр зуурын аадар борооны улмаас нэг өрхийн гэр, хоёр аж ахуй нэгжийн байр, нэг орон сууцны байрны зоорийн давхар усанд автсан байна. Аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж нийтийн орон сууцны байрны зоорийн давхар усанд автсан 17 тонн орчим усыг соруулж аюулгүй болгожээ.
Өмнөговь аймгийн Ханбогд сумын “Цагаан хад” суурьшлын бүсэд өчигдөр /2023.07.19/ түр зуурын аадар борооны улмаас тухайн суурьшлын бүс дэх айл өрхийн гэр, аж ахуй нэгж байгууллагын байр усанд автсан байна. Аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар ангийн алба хаагчид үерийн даланг сэтлэн усыг урсгаж гадагшлуулах, усыг соруулах ажиллагааг зохион байгуулж, аюулгүй болгосон талаар мэдээллээ.