Хятадын топ дээд дипломат Ван И өчигдөр АНУ-ын үндэсний аюулгүй байдлын зөвлөх асан Хенри Киссинжертэй уулзжээ. Энэ үеэр Ван И хоёр гүрний харилцааг нээхэд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Хенри Киссинжерийн гүйцэтгэсэн үүргийг сайшаасан байна. Тэрбээр Хятад улсын "хуучин анд нөхөдтэйгөө тогтоосон найрамдалт"-ыг сайшааж, Киссинжерийн "Хятад, Америкийн харилцааны хөгжилд оруулсан түүхэн хувь нэмрийг" өндрөөр үнэлэв.
Гэхдээ Ван И "Хятадыг хязгаарлах, бүслэх боломжгүй" гэж мэдэгджээ. Өдгөө 100 настай Киссинжерт хандаж хэлсэн үгэндээ, Ван И "Хятадын хөгжил нь дотоод эрч хүчтэй, гарцаагүй түүхэн логиктой бөгөөд Хятадыг өөрчлөхийг оролдох боломжгүй, бүсэлж, хязгаарлах нь бүр ч боломжгүй" гэж хэлснийг эх сурвалжууд онцолсон байна.
Мөн "Хятад улсын АНУ-ын талаар баримталж буй бодлого тасралтгүй өндөр түвшинд байж, Ши Жиньпин даргын дэвшүүлсэн харилцан хүндэтгэж, энх тайванч зэрэгцэн орших, хамтаар ялалт байгуулах үндсэн зарчмыг баримталж байна. Эдгээр гурван удирдамж нь үндсэн бөгөөд урт хугацааны шинж чанартай бөгөөд хоёр том улс болох Хятад, АНУ-ын харилцан ойлголцох зөв зам юм. АНУ-ын Хятад руу чиглэсэн бодлогод Киссинжер шиг дипломат мэргэн ухаан, Никсон маягийн улс төрийн зориг хэрэгтэй" гэж мэдэгджээ.
Коммунист Хятад улстай харилцаа тогтоох даалгавраар Киссинжер 1971 оны долдугаар сард нууцаар Бээжинд айлчилсан байдаг. Ингэснээр тэрбээр хүйтэн дайныг сааруулж, Вьетнамын дайныг зогсооход туслахыг эрэлхийлсэн АНУ-ын ерөнхийлөгч асан Ричард Никсоны чухал айлчлалын үе шатыг тавьсан юм. АНУ-аас санаачилга гаргаж тусгаарлагдсан Бээжинтэй харилцаа тогтоосны ачаар Хятад улс үйлдвэрлэлийн хүчирхэг төв болж, дэлхийн хоёр дахь том эдийн засаг болоход нөлөөлсөн.
Нобелийн энх тайвны шагналыг хүртсэн тэрбээр албан тушаалаасаа буусныхаа дараа Хятадад бизнес хийхийг хүссэн чинээлэг бизнес эрхлэгчдэд зөвлөгөө өгч эхэлсэн байдаг.
Өмнөх өдөр нь буюу Мягмар гаригт Киссинжер Хятадын батлан хамгаалахын сайд Ли Шанфутай уулзсан. Уулзалтын талаар Синьхуа агентлаг мэдээлэхдээ, "Өнөөгийн ертөнцөд сорилт, боломж зэрэгцэн оршиж, Америк, Хятад хоёр үл ойлголцлоо арилгаж, энх тайвнаар зэрэгцэн оршиж, сөргөлдөөнөөс зайлсхийх хэрэгтэй" гэж Киссинжерийн хэлснийг онцолсон байна.
АНУ-ын ахмад дипломатын Хятад дахь айлчлал нь АНУ-ын ерөнхийлөгчийн уур амьсгалын өөрчлөлтийн асуудал хариуцсан төлөөлөгч Жон Керригийн Бээжин дэх айлчлалтай давхцав.
ЭХ СУРВАЛЖ: AGENCE FRANCE-PRESSE
Холбоотой мэдээ