Цөмийн тэсрэх бөмбөгийг зохион бүтээснээрээ дэлхийн түүхийг өөрчилсөн физикч Роберт Оппенхаймер удаан хугацааны турш буруугаар ойлгогдож ирсэн. Тэгвэл Холливудын нэрт найруулагч Кристофер Нолан түүний үнэн түүхийг нийтэд хүргэхээр "Оппенхаймер" киног бүтээсэн нь долдугаар сарын 21-нд нээлтээ хийх гэж байна. Энэ удаагийн ХҮМҮҮС буландаа цөмийн физикч Роберт Оппенхаймерыг онцоллоо.
Дэлхийн хоёрдугаар дайн дууссанаас хойш түүхчид, уран бүтээлчид цөмийн тэсрэх бөмбөгийг зохион бүтээсэн онолын физикч, оньсого мэт Ж.Роберт Оппенхаймерыг шүтэн, гайхширсаар ирсэн. Оппенхаймер Манхэттен төслийн лабораторидоо дэлхийн анхны цөмийн тэсрэх бөмбөгийг зохион бүтээсэн бөгөөд түүний амьдрал, карьер, амжилтын тухай аль эрт 1946 оноос эхлэн телевизийн нэвтрүүлэг, баримтат кино, жүжиг, ном, зурагт ном, кино, дуурь гарч эхэлсэн байдаг. Гэвч 1965 онд "NBC News"-ийн баримтат кинонд Оппенхаймерыг илүү хар бараанаар дүрсэлж, шинжлэх ухааны нээлтийнхээ золиос болсон "цөхөрсөн" суут ухаантан гэж дүрсэлсний дагуу олон жил түүнийг үл ойлгож иржээ. Тус баримтат кинонд Оппенхаймер "Би одоо үхэл, дэлхийг сөнөөгч болсон" гэж хэлснийг иш татсан нь олны сэтгэлд үлдсэн аж.
Гэвч бодит байдалд Оппенхаймерын амьдрал харууслаас илүү утга учиртай байсан бөгөөд түүнийг "цөмийн тэсрэх бөмбөгийн эцэг" гэж 2005 онд Пулитцерын шагнал хүртсэн зохиолч Кай Бюрд дүрсэлсэн байдаг.
Оппенхаймер 1904 онд Нью-Йорк хотноо энгийн еврей гэр бүлд төрж, Манхэттений Ёс зүйн соёлын сургуулийг дүүргэжээ. Тэрбээр гуравхан жилийн дотор Харвардын их сургуулийг амжилттайгаар төгссөн. Түүний хувьд Харвардад сурах амархан байсан ч өсвөр насны сэтгэлзүйн хямралыг даван туулах нь илүү хэцүү байжээ. Тэрбээр Кэмбрижийн их сургуульд суралцаж байхдаа сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай байснаа хожим дурссан байдаг.
Гэхдээ 1939 онд дэлхийн хоёрдугаар дайн эхлэхэд Оппенхаймер Калифорнийн их сургуулийн олонд хүндлэгдсэн физикч болж чадсан байв.
Тэрбээр коммунист намын татвар төлөгч гишүүн Жан Татлокт дурласнаар улс төр сонирхож эхэлжээ. "Тэрбээр коммунист зорилтуудад итгэл үнэмшилтэй ханддаг байсан ч хэзээ ч намд элсээгүй" гэж Атомын өвийн сан тодорхойлсон байдаг. Гэхдээ түүний дотны найз нөхөл, гэр бүлийн гишүүд нь намын гишүүд байжээ. Тухайлбал, ах Фрэнк, найз Хокон Шевальер, ирээдүйн эхнэр Китти нар нь ч намын гишүүд байв.
Оппенхаймерын улс төрийн хандлага нь түүнийг 1942 оны эхээр ерөнхийлөгч Франклин Рузвельтийн зөвшөөрлөөр улс орны өнцөг булан бүрээс эрдэмтдийг цуглуулсан нууц төсөлд элсүүлэхэд саад болоогүй юм. Гурван жилийн өмнө Альберт Эйнштейн тухайн үеийн ерөнхийлөгч Рузвельтэд захидал бичиж, цөмийн задралд гарсан нээлтүүд нь "шинэ төрлийн маш хүчтэй тэсрэх бөмбөгийг" бүтээх боломжтойг анхааруулсан байв. Ингэснээр Германаас өмнө цөмийн тэсрэх бөмбөг бүтээх уралдаан эхэлжээ.
Оппенхаймер 1942 оны зун Берклид нууцаар цуврал семинар зохион байгуулж, АНУ-ын шилдэг физикчдийг цуглуулан цөмийн тэсрэх бөмбөг бүтээх боломжийн талаар хэлэлцсэн байв. Энэ үеэр түүний төрөлхийн менежерийн ур чадвар илэрсэн гэж үздэг.
Тухайн оны есдүгээр сард Пентагоны бүтээн байгуулалтыг гардаж хийсэн армийн инженер, генерал Лесли Гровс хожмоо Манхэттен төсөл гэгдэх болсон нууц төслийг удирдах болжээ. Гэхдээ тэрбээр барилга, бүтээн байгуулалтыг л мэдэхээс биш физикч биш байв. Улмаар түүний хараанд Оппенхаймер өртсөнөөр цөмийн тэсрэх бөмбөгийг бүтээх төслийг удирдах эхлэл нь тавигджээ. Гровс түүнийг 1942 оны аравдугаар сард төслийн шинжлэх ухааны даргаар нэрлэсэн. Засгийн газрын нууц ажиллагаа Нью-Мексикогийн Лос-Аламос хотод олон зуун, сүүлдээ олон мянгад хүрсэн эрдэмтэн, энгийн иргэд болон армийн албан хаагчдыг цуглуулжээ. Нэрт эрдэмтэд бүгд дөнгөж лаборатори ажиллуулж сурч байгаа 38 настай Оппенхаймерт шинжлэх ухааны үйл явцаа тайлагнадаг байв. Гэхдээ түүний лаборатори нь Манхэттен төслийн зөвхөн нэг хэсэг нь байжээ. Хуучин хөвгүүдийн сургуулийн суурин дээр баригдсан Лос-Аламос бол 1942 оны сүүл, 1943 оны эхээр АНУ-ын засгийн газар эзлэн авч, өөрчилсөн гурван "нууц хот"-ын нэг юм. Нөгөө хоёр нь болох Теннесси мужийн Оак Ридж, Вашингтоны Ханфорд хотууд нь 1942-1945 оны хооронд хагас сая орчим хүн ажилласан төслийн хүн хүч, зардал, үйлдвэрлэлийн цар хүрээний дийлэнх хувийг бүрдүүлжээ. Оак Ридж хот нь ураныг дэлхийн хамгийн том үйлдвэрт цэвэршүүлэх зорилгоор шинээр баригдсан. Ханфорд хотод Род-Айлендын хагастай тэнцэх талбайг оршин суугчдаас цэвэрлэж, плутони үйлдвэрлэх реакторуудад зам тавихын тулд байшингуудыг нь бульдозероор буулгасан байдаг.
Харин Лос-Аламос хотод Оппенхаймер авьяаслаг удирдагч гэдгээ харуулсан. "Тэрээр өвөрмөц бөгөөд маш зөөлөн хоолойтой байсан бөгөөд бусдыг соронзон мэт өөртөө татдаг байсан" гэж түүнийг тодорхойлсон байдаг.
Түүний хүнийг татах чадвар нь 1944 оны долдугаар сард лабораторийг татан буулгахаас өмнө тэсрэх бөмбөгийн анхны загварыг гаргах хүртэл бусдыг амжилттай ажиллуулахад нэмэр болжээ. Эцэст нь эрдэмтэд "Бүдүүн хүн" ба "Бяцхан хүү" гэсэн тэсрэх бөмбөг хийх боломжтой хоёр загвар дээр тогтжээ. 1945 оны долдугаар сарын 16-ны өглөөний 05:29 цагт бараг гурван жилийн ажил түүхэн дэх анхны цөмийн дэлбэрэлт болж өндөрлөв. Гурвалын туршилт гэгддэг энэхүү туршилт нь Нью-Мексикогийн элсэн цөлийн толгодыг тэр чигт нь "гэрэлтүүлсэн". Угийн туранхай Оппенхаймер төслийн туршид илүү их жин хаяснаар тэсрэх бөмбөгийн турших үед дөнгөж амьсгаатай байсан гэж хүмүүс дурсчээ. Туршилт амжилттай болсны дараа түүний санаа нь амарсан нь илт байсан гэдэг.
Харин 1945 оны наймдугаар сарын 6-нд "Бяцхан хүү"-г Японы Хирошима хотод унагав. Үүнээс гурав хоногийн дараа "Бүдүүн хүн"-ийг Нагасаки дээр хаясан. Хоёр цөмийн тэсрэх бөмбөгийн дэлбэрэлтээс болж 110 мянга гаруй хүн нас барсан гэж тухайн үед мэдээлж байсан ч хожим хохирогчдын тоо 210 мянгад хүрчээ.
Улмаар наймдугаар сарын 15-ны өдөр Японы эзэн хаан бууж өгснөө зарласан. Дайны дараах жилүүдэд атомын бөмбөг ашиглах талаархи олон нийтийн санаа бодол хараахан тогтоогүй байсан. Тэр цагт 1946 оны наймдугаар сард Оппенхаймер анх удаа "Цөмийн хүч" нэртэй 18 минутын баримтат киногоор дэлгэцнээ гарсан. Тухайн баримтат кинонд Оппенхаймер Тринити дэх тэсрэх бөмбөгийн туршилтыг сэтгэл догдлон хүлээж буйгаар гардаг. Хожим хийгдсэн баримт кинонуудад АНУ-ын арми Японы хотуудад цөмийн тэсрэх бөмбөг хаяхаасаа өмнө ухуулах хуудсаар дамжуулан анхааруулга өгсөн гэж гардаг ч бодит байдал дээр сөнөөгч онгоцны нисгэгч нар ч үүний жинхэнэ аюул, хүчийг нь мэдээгүй байсан аж.
Японд болсон үйл явдлын шууд дараа Оппенхаймер нийтэд цөмийн дайны аюулын талаар ярьж эхэлсэн бөгөөд АНУ-ын засгийн газарт цөмийн зэвсгийн зөвлөхөөр ажиллаж эхэлсэн байдаг. Тэрээр 1945 оны арваннэгдүгээр сард Филадельфид хүмүүст хандан “Тэсрэх бөмбөг нь бидний өссөн дэлхийн бүх жишгээр муу зүйл” гэж хэлж, цөмийн дайны эрсдэлийг тодорхой харуулсан ярилцлагыг телевизэд өгчээ. Дараа нь 1949 онд тэрээр шинээр байгуулагдсан Цөмийн энергийн комиссын зөвлөх хорооны даргын хувьд Хирошима, Нагасакигийн бөмбөгдөлтөөс илүү хүчтэй хайлуулах зэвсэг болох устөрөгчийн бөмбөг бүтээхээс сэрэмжлүүлсэн илтгэл тавьсан байдаг. Тэрбээр үүнийг хоморголон устгах зэвсэг гэж нэрлээд хэзээ ч бүтээж болохгүй гэж анхааруулсан.
Мөн 1953 онд цөмийн хүчин чадалтай АНУ, ЗХУ-ыг "шилэн доторх хоёр хилэнцэт хорхойтой адилтган, нэг нэгнээ алж чадах боловч зөвхөн өөрийнхөө амь насыг эрсдэлд оруулж байна" гэж хэлсэн байдаг. Гэвч энэ үг түүнийг улс төрийн бай болгожээ.
Оппенхаймер амьдралынхаа сүүлчийн өдрүүдийг Принстонд өнгөржүүлж, 1966 оныг хүртэл Ахисан түвшний судалгааны хүрээлэнд ажиллажээ. Тэрбээр 1967 оны хоёрдугаар сард хорт хавдрын улмаас нас барсан.
ЭХ СУРВАЛЖ: WWW.SMITHSONIANMAG.COM
Холбоотой мэдээ