Түрээсийн байрны эрэлт ихэсч, 2 өрөө 1,6 сая хүрчээ

Хуучирсан мэдээ: 2023.07.20-нд нийтлэгдсэн

Түрээсийн байрны эрэлт ихэсч, 2 өрөө 1,6 сая хүрчээ

Түрээсийн байрны эрэлт ихэсч, 2 өрөө 1,6 сая хүрчээ

Орон сууцны түрээсийн үнэ байршлаас шалтгаалж жил бүр өсч байгаа ч хичээл сургууль эхлэх дөхсөн наймдугаар сард эрэлт нь эрс ихэсч, үүнийг дагасан үнийн хэт хөөрөгдөл үүсдэг. Сургууль эхлэхэд сарын хугацаа дутуу байгаа ч түрээслэгчид энэ үеийг овжноор ашиглах нь их. Заруудын группд энэ жил нэг өрөө байр түрээслүүлэх зар багасч, хоёр өрөө байрны түрээс сарын 1,1 сая төгрөгөөс эхэлж байна.

Татвар шимтгэлээ төлөөд авдаг цалингийнхаа ихэнхийг нь хажуу өрөө байрны төлбөртөө өгч, үлдсэн жаахан мөнгөөрөө амьдрах нь монгол залуусын дунд нийтлэг үзэгдэл. Гэлээ ч үл хөдлөхийн зах зээл гэдэг  эрэлт ихсэхийн хэрээр үнэ цэн нь өсдөг жамтай.

Төгрөгийн ханш, гадаад, дотоод нөхцөл зэргээс шалтгаалж эдийн засаг хямарч буй үед хувь хүн хөрөнгөө хэрхэн үнэлэх нь тухайн хүний эрхийн асуудал. Гэвч хөрсөн дээр буугаагүй хөөсөрсөн үнэ, өндөр шаардлага тавьж байгаа нь иргэдийн ундууцлыг барж байгаа юм.

Олны дунд эрэлт ихэсч эхэлж байгаа энэ үед нийслэлийн дүүргүүдэд түрээсийн байр, нийтийн байр, хажуу өрөө, хашаа байшингийн түрээсийн ханш ямар байгааг нэгтгэн хүргэж байна.

ТӨЛБӨРИЙН НӨХЦӨЛ БАГАДАА "2+1"-ЭЭС ЭХЭЛЖ БАЙНА

Нийслэлд 260 мянга орчим орон сууц байдаг гэсэн албан бус статистик бий. Үл хөдлөх хөрөнгийн шинжээчдийн үзэж байгаагаар цаашид ч байрны үнэ тогтмол өсөх хандлага ажиглагдаж буй. Монгол нэг өрхийн сарын дундаж орлого 1.2 сая төгрөг болохыг ҮСХ-ноос мэдээлсэн. Гэвч нэг өрөө байрны түрээсийн төлбөр өрхийн сарын дундаж орлогоос даваад удаж байна. Тухайлбал, сүүлийн ганцхан жилийн хугацаанд байрны үнэ байршлаас шалтгаалж 100-400 мянган төгрөгийн өсөлттэй гарчээ. Мөн үнэ өсөөд зогсохгүй барьцаа нь дагаж өссөн байна.

Үнийн хувьд авч үзвэл дүүргүүдээс шалтгаалж:

  • Нэг өрөө байр доод тал нь 750-800 мянган төгрөг,
  • Хоёр өрөө байр 1,1-2,3 сая төгрөг,
  • Гурван өрөө бол 1,6-3,2 сая төгрөг байна.

Орон сууцнаас гадна шэйр өрөө буюу олуулаа байх тохижилттой дундын эзэмшлийн байр сарын /нэг хүний/ 300-400 мянга, нийтийн байр 130-650 мянга, хашаа байшин 150-450 мянган төгрөгийн зах зээлийн ханштай байна. Эдгээрийн тухайд байршил нь ихэвчлэн Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргүүдэд байгаа юм. Харин хотын төвдөө гэж тодотгож хайвал заруудын илэрц их байх ч үнэ өндөр байлаа. Монголын хамгийн томд тооцогддог зарын сайтууд, пэйж хуудас зэргээр орж, заруудын дагуу холбогдож тодрууллаа.

Зарын цахим хуудсуудад нэг өрөө байрны зар ховор бөгөөд ихэвчлэн 2-3 өрөө байрны зар  байв. Заруудын төлбөрийн нөхцөл ихэнх нь адил бөгөөд хамгийн багадаа 2+1-ээс эхэлж байгаа юм.

БАРЬЦАА МӨНГӨГҮЙ ТОХИОЛДОЛД БАЙР ТҮРЭЭСЛЭХГҮЙ

Баянзүрх дүүргийн эмнэлгийн хойно 2022 оны хоёрдугаар сард ашиглалтад орсон 28 метр квадрат нэг өрөө тавилгатай шинэ байр цэвэрч нямбай суух эмэгтэй хүүхэд эсвэл гэр бүлийн 2-3 хүнд түрээслүүлнэ гэх зарын дагуу залгалаа. Тухайн зарын эзэн түрээсийн гэрээг багадаа зургаан сараар авна гэх. Төлбөрийн хувьд гурван сар дээр нэмэх нь нэг сарын барьцаатайгаар сарын 950 мянга. Харин зургаан сар дээр нэг сарын барьцаатай бол 900 мянга, 12 сараар нэг сарын барьцаатай төлөх гэрээ хийвэл сарын 800 мянган төгрөгөөр тооцно гэлээ. Сар сард нь төлбөрөө тушаах эсвэл барьцаагүй гэрээ хийх боломжтой эсэхийг лавлахад тийм байр хаанаас ч олдохгүй гэв.

3-7 хоногийн өмнө нийтлэгдсэн заруудын дагуу холбогдоход ихэнх нь түрээслэгчээ олжээ. Мөн түрээслэгчдийн хэлж байгаагаар наймдугаар сар гарвал нэг өрөө байр огт олдохгүй төдийгүй одоо зар дээрх үнээ 200-300 мянгаар нэмнэ гэдгийг ч онцолсон юм.

Түрээсийн байрны эрэлтийг дагаад түрээслэх байр зуучлагчид ихэсдэг. Зуучлагчдын хувьд 10-20 хувийн зөрүү авч байрыг яаралтай хугацаанд түрээслүүлэгчийн нөхцөлийн дагуу борлуулдаг аж. Тэднээс асуухад түрээслэгч аль дүүрэгт, хэддүгээр сургууль, цэцэрлэгийн хажууд, ямар үйлчилгээтэй байр сонирхож байгаагаас шууд холбож өгдөг бөгөөд үнийн саналыг нь сонсч байж зуучилж өгдөг байна. Зуучлагчид руу ихэвчлэн гадаадын иргэд, олон сараар хямд байр хайж байгаа хүмүүс нөхцөлдөө таарсан орон сууц олохоор холбогддог гэсэн юм.

Зуучлагчгүй зарах 2-3 өрөө байрны зарын дагуу ярихад мөн л ижил нөхцөлтэй байлаа. Тэгэхээр нэг өрөө байрны түрээсийг хамгийн хямдаар тооцож үзвэл сарын барьцаатайгаа нийлээд 1.5-2.2 сая төгрөг болж байна. Гэхдээ 1+1 буюу сар сард нь төлбөр төлөх нөхцөлтэй байр огт байсангүй.

ХОТЫН ЗАХААР НИЙТИЙН БАЙР, ХАШАА БАЙШИНГИЙН ЭРЭЛ ИХЭСЧЭЭ

Удаан хугацаанд гэр бүлээрээ амьдрах иргэд хотын төвөөс холгүй ч гэр хорооллын хэсэгт байрлах хямд үнэтэй нийтийн байр, хашаа, байшингийн түрээс сонирхож байна. Гэвч заруудын хуудаст нийтийн байрны зар байгаа ч орчин нөхцөл нь бохир, дотроо халуун усгүй бөгөөд жижиг талбайтай ч сарын түрээс нь 150-350 мянган төгрөгийн хооронд байна. Өвлийн нөхцөлд байхад орчин нөхцөл нь хүндрэлтэй төдийгүй, ус авах, гадаа нойл цэвэрлэх зэрэг дутагдалтайг зар дээр мөн онцолсон байна.

Нийслэлийн зургаан дүүргийн байрны үнийн харьцуулсан судалгаагаар нэг жилийн хугацаанд Баянгол дүүрэгт байрны түрээсийн дундаж үнэ хамгийн их буюу 45 хувиар нэмэгджээ. Гэсэн ч түрээсийн төлбөрийн өртгийг үзвэл Сүхбаатар, Хан-Уул дүүрэг тэргүүлж байна.

Харин хашаа байшин, нийтийн байрны харьцуулсан үнийн судалгаа хийгдээгүй байна. ямартай ч сургууль, цэцэрлэг орох дөхөөд ирсэн сард байр, хашаа байшингийн түрээсийн үнэ, нөхцөл өндөр болж эхэлж байна. Мөн үүнийг далимдуулж орон сууж түрээслүүлэх нэрийдлээр залилан хийх тохиолдол нэмэгдэж байгааг сэрэмжлүүлж байна. Иймд байр түрээслэх иргэд сайтар шалгаж, заавал түрээсийн гэрээ хийж байж төлбөрөө шилжүүлэхийг цагдаагийн байгууллагаас мөн анхаарууллаа.

Графикт өнгөрсөн хоёр жилийн хугацаанд дүүргүүдэд байрны түрээсийн ханш хэрхэн өссөн болохыг хувиар харуулав

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж