Хуучирсан мэдээ: 2023.07.19-нд нийтлэгдсэн

Грек шатаж байна

Грек шатаж байна

Европ даяар хэт халалт үргэлжилж байгаа энэ өдрүүдэд Грекийн Афин хотын баруун хойд хэсэгт  хэд хэдэн ой хээрийн түймэр асчээ. Грекийн эрх баригчид газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд түймэр хүрэхээс өмнө галыг зогсоохоор тэмцэж байгаа бөгөөд олон мянган хүн гэрээсээ дүрвэж байна. 

Нийслэлээс баруун зүгт орших Мандра орчимд нэг түймэр нь 8 км гаруй газрыг хамарч, иргэдийн сууц, автомашин зэргийг шатаасан байна. Афин хотыг Елефсина болон Коринт хотуудтай холбодог хоёр гол замын хөдөлгөөнийг удаан хугацаагаар зогсоожээ. Дээрх хоёр хотод газрын тосны үйлдвэрүүд байдаг. Түймэр өчигдөр оройны байдлаар салхины чиглэлээр далай эргийн Неа Перамос хотыг чиглэсэн байна.

Афин хотоос хойд зүгт  30 км-ийн зайд орших Дервеночориа мужид Даваа гаригт  гарсан түймэр  салхины улмаас хурдацтай тархаж, өчигдрийн байдлаар Мандра хотод хүрснээр байшин барилгуудыг шатаажээ. Нийт 250 гаруй гал сөнөөгч, сайн дурынхантай хамтран 75 гал сөнөөгч машинаар галыг унтраахаар шөнөжин ажилласан байна.

Үүнээс гадна Коринт хотноо өөр нэг түймэр Даваа гаригт гарснаар  наад зах нь 30 байшин шатсан гэж мужийн захирагчийн орлогч мэдэгдэв. Грекийн эрх баригчид Европын холбооны холбоотнуудаасаа тусламж хүссэний дагуу Итали, Франц улсаас дөрвөн ширхэг ус шүршигч нисэх онгоц, гал сөнөөгчдийнхөө хмат илгээжээ.

Гал сөнөөгчид Грекийн нийслэлээс зүүн өмнөд болон баруун зүгт гарсан бусад түймрийг дарж чадсан ч зарим нь идэвхтэй хэвээр байгаа бөгөөд хүчтэй салхины улмаас гал дахин асч байна. Грекийн нийслэлээс зүүн өмнө зүгт 27 км-ийн зайд орших Куварас тосгонд Даваа гаригт гарсан түймрийг бүрэн унтраажээ.

Орон нутгийн хотын дарга хэлэхдээ, Афины амралтын газартай далайн эрэг дагуу 7000 гаруй акр газар үнс нурам болсон байна.

Грекийн цаг уурын алба энэ долоо хоногт гал түймрийн эрсдэл өндөр байгааг анхааруулж байна.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS, CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж